"Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын 2014 оны А19 тушаалын дагуу импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлын хүрээнд засвар механикийн завод улсын хэмжээнд анх удаа туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэх хагас автомат тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар суурилуулж ажиллууллаа. Үүнийг дагаж шинээр 4 ажлын байр бий болж байна. Энэхүү технологийг ашиглалтад оруулахад 700 гаруй сая төгрөг зарцуулсан бөгөөд өртгөө найман сарын дотор нөхөх тооцоог гаргажээ.
"Эрдэнэт үйлдвэр” ХХК нь жилд 5000 ширхэг туузан дамжуулгын өнхрөвч ашигладаг. Үүнийг худалдан авахад 350-400 мянган америк доллар зарцуулдаг байжээ. Тодруулбал туузан дамжуулгын нэг ширхэг өнхрөвчийг 100 орчим доллараар худалдан авдаг байсан. Ийнхүү өөрийн үйлдвэрийн Засвар механикийн заводдоо хагас автомат шугамыг ашиглалтад оруулснаар өнхрөвч нэг бүрийг 40-50 америк доллараар үйлдвэрлэх буюу жилд 200-300 мянган америк долларын бодит хэмнэлтийг бий болгох боломжтой болжээ.
Туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэхэд турба, сальник, холхивч зэрэг түүхий эд хэрэгтэй. Одоогоор тус үйлдвэр үүний тодорхой хэсгийг өөрсдөө үйлдвэрлэж үлдсэнийг нь худалдан авч байгаа гэдгийг хэлж байна . Цаашдаа холхивчоос бусад эд ангийг өөрсдөө үйлдвэрлэх зорилт тавьж байгаа гэнэ. Туузан дамжуулгын өнхрөвч нь үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг тоног төхөөрөмж бөгөөд Үүнийг бүхийл дулааны станцууд, барилгын материалын үйлдвэрүүд, хүнс, уул уурхайн үндсэн үйлдвэрүүд өргөнөөр ашиглаж байна. Монгол Улс жилдээ 20000 ширхэг туузан дамжуулгын өнхрөвч хэрэглэдэг. Уг хэрэгцээгээ 100 хувь импортоор авдаг. Тэгвэл "Эрдэнэт үйлдвэр” ХХК туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэж, угсрах хагас автомат шугамыг ашиглалтад оруулснаар өөрийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй бусад үйлдвэрүүдэд борлуулах боломж нээгдэж байна.
О.Туяа