Хурлын хуралдаан 15.00 цагаас үргэлжиллээ. Аймгийн Засаг дарга Д.Батлут "2017 оны төсвийн төсөл”-ийг танилцууллаа. Илтгэлийн эхэнд, 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг 11 дүгээр сарын байдлаар товч мэдээллээ. Үүнд аймгийн орон нутгийн төсвийн орлогод татварын орлого 38.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 38.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж орлогын төлөвлөгөө 100.5 хувийн биелэлттэй, татварын бус орлогод 249 сая төгрөг төвлөрүүлэхээс 573 сая төгрөг төвлөрүүлж 216 хувийн биелэлттэй байна. Нийт орлогын 61 хувийг хувь хүний орлогын албан татвар, 17 хувийг үл хөдлөх хөрөнгийн албан татвар, 21 хувийг газрын төлбөр болон бусад татвар хураамж, нэг хувийг татварын бус орлого тус тус эзэлж байна.
Орон нутгийн төсвийн зарлага 11 дүгээр сарын 30-ны байдлаар 103.4 тэрбум төгрөг зарцуулахаас 84.8 тэрбум төгрөг зарцуулж 82 хувийн биелэлттэй байна. Үүнээс орон нутгийн зарлага 74.3 тэрбум төгрөг батлагдсанаас 57.6 тэрбум төгрөг зарцуулж 77.5 хувь, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих зардал 29.1 тэрбум төгрөг батлагдсанаас 27.2 тэрбум төгрөг зарцуулж 93.5 хувийн гүйцэтгэлтэй байна.
2017 оны орон нутгийн төсвийн төсөл нь төсвийн орлогын хуримтлалыг нэмэгдүүлэх, төсвийн сахилга батыг чангатган төсвийн хэмнэлтийг улам бататгах, үүн дотроо босоо удирдлагатай төвийн байгууллагуудыг төсвөө зөв бүрдүүлж төлөвлөх тал дээр чанарын ахиц гаргуулах, хөрөнгө оруулалтыг иргэд олон нийтийн эрх ашигт чиглэсэн тодорхой цөөн зорилтуудад чиглүүлсэн онцлогтой гэж үзэж байна. Улсын болон орон нутгийн төсөв бүхэлдээ Засгийн газрын 2014 оны 147, 109 дүгээр тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор хэмнэлтийн горим баримтлан батлагдаж байгаа бөгөөд урсгал зардлыг 15-100 хувиар бууруулсан болно.
Аймгийн төсвийн нийт орлогыг 41.7 тэрбум төгрөгөөр батлагдсанаас суурь орлогыг 37.9 тэрбум төгрөгөөр баталж орон нутгийн хөгжлийн санд 3.8 тэрбум төгрөг орох боломжтой юм.”
Төсвийн төсөлтэй холбоотойгоор ИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж санал, шүүмжлэл хэлж байна. Хурлын явцын талаар эргэн мэдээлнэ.
Мэдээллийн төв
http://erdenet.mn/medee/d/161200006