"Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэний оролцоо” сэдэвт олон улсын бага хурлын нээлт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болж байна. Энэ үеэр Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогтоос Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтийн талаар зарим зүйлийг тодруулсан юм.
-Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт хэр явагдаж байна вэ?
-Орон нутгийн хөгжлийн санг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ сангийн гол зорилго нь аймаг, орон нутгийн ижил тэгш хөгжих боломжийг олгохыг зорьсон. Хүн амын тоо, газар нутгийн байршлаас шалтгаалан орон нутгаа хөгжүүлэх идэвх санаачлагаас хамаарсан үзүүлэлтээр бүх аймаг, орон нутагт адилхан зарчмаар хөрөнгө төсөвлөсөн. Цаашлаад эдийн засаг, санхүүгийн байр суурийг бэхжүүлэхэд чиглүүлсэн бодлого хэрэгжүүлсэн. Ингэснээр тухайн орон нутгаас төв рүү, байгалийн баялаг ихтэй орон нутгийн иргэд Улаанбаатар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг багасгаж, аймаг орон нутагтаа ажиллаж амьдралын нөхцөлийг бүрдүүлэх бодлого барьсан.
-Орон нутгийг хөгжүүлэх санд хичнээн төгрөг хуваарилсан бэ?
-Өнгөрсөн хугацаанд Орон нутгийн хөгжлийн санд нийтдээ 602 тэрбум төгрөг хуваарилсан. Гэвч эдийн засаг, төсвийн нөхцөл байдлаас хамаарч бодит гүйцэтгэлээрээ 2015 оны байдлаар нийт 490 орчим тэрбум төгрөг хуваарилсан байна. 2016 онд 80 орчим тэрбум төгрөгийг төсөвлөн хуваарилсан байгаа. Ер нь эдийн засгийн хямралтай нөхцөл байдлаар шалтгаалж Орон нутгийн хөгжлийн санд хуваарилах төсөв буурч ирсэн.
-Иргэдийн ихэвчлэн ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд Орон нутгийн хөгжлийн сангаас жил бүр 4000-6000 төсөл хөтөлбөр хэрэгжиж байна гэсэн судалгаа байна. Энэ хэрэгжиж байгаа төслүүдээс давтамжтай хэрэгжиж байгаа төсөлүүд байна. Нэгдүгээрт байгаль орчныг хамгаалах, сэргээх төсөл хөтөлбөр байна. Хоёрдугаарт орон нутгийн тохижилтод анхаарах, завсарлах тохижуулах төсөл хэрэгжжээ. Гуравдугаарт тухайн орон нутгийн дэд бүтцээ өргөжүүлэх, инженерийн байгууламжийг сайжруулах, цэвэр бохир усны сүлжээнд холбох зэргээр ажил хийгдэж байна. Энэ төрлийн төслүүд олон давтамжтай хэрэгжиж байна.
Н.Энх
http://www.shuud.mn/content/read/477282.htm