ЭРДЭНЭТ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 40 ЖИЛИЙН ОЙН ТОХИОЛОО
Улиран одож буй 2016 онд зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот, эрдэнэсийн өлгийн эзэд болсон Эрдэнэт хотын түүхт 40 жилийн ой тохиолоо. Эрдэнэт хот нь 1976 оноос өнөөг хүртэл хүн амын тоо, улс орны эдийн засагт оруулах хувь нэмрээрээ Монгол улсын хоёр дахь том хот болтлоо хөгжжээ.
Түүхэн ойгоо угтаж 40 бүтээлч ажлыг өрнүүлж, сүүлийн жилүүдэд хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд Эрдэнэт хотод хийгдлээ. Энэ хүрээнд хотын явган хүний замыг шинэчилж, орон сууцны хорооллуудын өнгө төрхийг шинэчлэн сайжруулж гадна фасадыг будаж, авто замын шинэчлэл, Баян-Өндөр экологийн цогцолбор байгуулах, Эрдэнэт хотын түүхтэй холбогдох хөшөө дурсгалыг шинэчлэн засварлаж, хотын дэд бүтцийг сайжруулж, 40 жилийн ойд зориулсан логог шалгаруулсан гэх мэтчилэн бүтээлч ажлууд үе шаттайгаар хэрэгжлээ.
Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн ёслол хүндэтгэлийн баярын хурлын үйл ажиллагаа 2016 оны 5-р сарын 14-нд зохион байгуулагдаж хотыг барьж байгуулсан олон мянган ажилчид, ахмадууд, аймаг орон нутгийн үе үеийн удирдлагууд, төр засгийн төлөөлөл, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд баярын үйл ажиллагаанд өргөнөөр оролцсон ба 40 жилийн ойн хүндэтгэл ёслолын үйл ажиллагааг Монголын үндэсний олон нийтийн телевиз монгол орон даяар шууд дамжуулан хүргэлээ.
ОРХОН АЙМАГ ЭРДЭНЭТ ХОТЫГ СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНАЛАА
Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн баярыг тохиолдуулан Орхон аймаг Эрдэнэт хотыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал Сүхбаатар одонгоор шагналаа. Орхон аймаг Эрдэнэт хотыг Сүхбаатарын одонгоор шагнах тухай Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигт "Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, эрдэс баялгийн салбарт шинэ санаачилга гарган ажиллаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, бүтээлч нийгэм цогцлоохын төлөө мэргэжил, авьяас билгээ зориулан хөдөлмөрлөсөн тус аймгийн иргэдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Орхон аймгийг Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэсэн байна.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа А.Амарын талбайд болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Орхон аймгийн туганд Сүхбаатарын одонг зүүж өгсөн юм. Ийнхүү Эрдэнэтчүүд ерөнхийлөгчийн зарлигаар соёрхогдсон Сүхбаатарын одонг хүндэтгэлтэйгээр гардан авсан юм.
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР Ю.ЦЭДЭНБАЛЫН НЭРЭМЖИТ БОЛЛОО
МУ-ын ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсаны 100 жилийн ой энэ онд тохиолоо. 1916 оны 9-р сарын 17-нд Увс аймгийн Давст сумын нутагт жирийн малчин Юмжаагийнд нэгэн хүү мэндэлсэн нь Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал байсан юм.
Юмжаагийн Цэдэнбал нь Эрдэнэт хотыг байгуулахад чухал хувь нэмэр оруулсан хүн хэмээн үздэг. Тухайлбал, Энэ нутагт Эрдэнэт үйлдвэрийг байгуулах нь зүйтэй хэмээн үзэж, өөрийн биеэр энэ ажилд хяналт тавихад эхнээс нь анхаарч иржээ. Мөн их бүтээн байгуулалтын ажлыг хурдан шуурхай явуулахад шаардлагатай ажлыг зөв зохион байгуулж ажиллаж байсан нэгэн хэмээн үздэг юм.
2016 оны 9-р сарын 21-ний өдөр Монгол улсын засгийн газрын ээлжит хуралдаанаар Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан "Эрдэнэт” үйлдвэрийг Цэдэнбалын нэрэмжит болгох шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд Монгол улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосныг тэмдэглэх "Хүндэтгэлийн өдөр”-ийн арга хэмжээг Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас зохион байгуулсан билээ.
ЭРДЭНЭТ ХОТЫН 40 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ДАНШИГ НААДАМ БОЛЛОО
Энэ жил тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жил, Эрдэнэт хотын үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн баяр наадмаа Эрдэнэтчүүд 7 сарын 29-31-ний өдрүүдэд өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Эдгээр өдрүүдэд Эрдэнэт хотын иргэд баяр наадмаа "Хангайн бүсийн даншиг наадам” хослуулан тэмдэглэсэн юм. Наадмын үйл ажиллагаа улсын их баяр наадамтай энэ зэрэгцэхүйц сайхан боллоо хэмээн олон нийт ард иргэд ам сайтай байна.
Мөн ойн баяр наадмын хүрээнд идэвх зүтгэл гарган ажиллаж, хамт олноо манлайлсан иргэд хөдөлмөрчдийг шагнаж урамшуулсан юм. Түүнчлэн нээлтийн үеэр урлаг соёлын арга хэмжээ болж, Эрдэнэт хот Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус бүхий л аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл, нутгийн иргэдэд хүндэтгэл үзүүлэн баярын жагсаал хийсэн бөгөөд Эрдэнэт хотын үе үеийн засаг дарга нар тулганд гал бадамлуулан мэндчилгээ дэвшүүлснээр баяр наадам эхэлсэн.
Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 40 жилийн ой, Хангайн бүсийн Их хурд уралдаанд зориулсан аймгийн цол олгох хаалттай барилдаанд Хангарьд клубын бөх Аймгийн заан Б.Гантөмөр түрүүлж аймгийн Арслан цол хүртсэн бол, Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Улсын Арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Улсын арслан Н.Батсуурь үзүүрлэлээ.
Үндэсний сурын харваанд нийт 160 харваач оролцсоноос Монгол улсын мэргэн Д.Дэмбэрэлсайхан тэргүүлсэн бол, эмэгтэй харвааны төрөлд спортын мастер Э.Гандаваа тэргүүлсэн байна. Хурдан морьдын уралдаанд 9 насанд 1237 хурдан хүлэг бүртгүүлж 110 хурдан морь үүлдэрлэг байдал, хүүхдийн хамгаалах хэрэгсэл дутуу шалтгаанаар хасагдаж нийт 1127 хурдан ажнай уралдсан байна.
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 100 ХУВЬ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР БОЛЛОО
Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжиж, Монголын үйлдвэр болох хэлэлцээр хийснийг албан ёсоор 6 сарын 28-ны өдөр мэдэгдэж байна. Монгол Улс "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж, ОХУ-ын "Ростек" компани 49 хувийг эзэмшиж ирсэн. Харин энэ 49 хувийг дээрх хэлэлцээрийн үр дүнд Монголын Худалдаа хөгжлийн банк болон "Монголын зэс" компаниуд эзэмшиж эхэлсэн. Ингэснээр Монгол Улсын хуулиас дээгүүр, олон улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулагдаж ирсэн "Эрдэнэт" үйлдвэр одоо Монголын хуулиар зохицуулагддаг, Үндэсний аж ахуйн нэгж болж байна.
Мөн өмнө нь Монгол Улс 51 хувийн ногдол ашгийг авдаг, 49 хувийг "Ростек" авдаг байсан бол одоо 100 хувь дотооддоо үлдэх боллоо. Үүнээс гадна "Эрдэнэт" үйлдвэрийг дагасан нийгмийн барилга байгууламж бүгд Монгол Улсад шилжиж ирэх, Монросцветмэт хамтарсан үйлдвэр мөн Монголын талд 100 хувь шилжих зэрэг асуудлууд хэлэлцээрт тусжээ.
Ингэснээр "Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Худалдаа Хөгжлийн Банк түүний төлөөний компани болох "Монголын Зэс” компани хувьчилж авсан тухай мэдэгдсэн эгзэгтэй мөчид Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьдаа завших луйвар хийж байгаа хардлагыг Монгол Ардын Нам түүний дотроос УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн гишүүний зүгээс 49 хувийг Монгол Улсын иргэдэд ногдол ашиг хэлбэрээр хувь болгон эзэмшүүлэх ёстой. Мөн УИХ, Засгийн газарт огт танилцуулалгүйгээр гадаадын оффшор компанид сонгон шалгаруулалтгүйгээр өгсөн асуудлыг Үндсэн Хуулийн Цэцэд өгч Энэ асуудлаар УИХ-аас ажлын хэсэг байгуулан шалгаж байгаа билээ.
РИО 2016: Э.СОДНОМПЭЛЖЭЭ ПАРАЛИМПИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны XV паралимпод Монгол улсаас анх удаа пауэрлифтингийн төрлөөр оролцож байгаа Э.Содномпилжээ хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 88 кг-ын жинд өрсөлдөж, 210 кг-ыг өргөн паралимпийн медальтан болж, медалийн тавцанд АНЭУ, Бразилийн тамирчдын хамт зогслоо. Э.Содномпилжээ эхний захиалгаар 210 кг-ыг өргөсөн.
Ингээд удаах оролдлогоороо 217 кг-ыг өргөсөн ч шүүгч тооцоогүй байна. Энэ жинд эрхээ авч оролцсон шилдэг 10 тамирчин өрсөлдсөнөөс АНЭУ-ын Х.Мохаммед 220 кг-аар алтан медалийн эзэн болсон бол Бразилийн Да Силва Эванио 210 кг-ээр мөнгөн медаль хүртсэн.
Манай тамирчин эзэн орны тамирчинтай адил өргөсөн ч жингийн илүүгээр хүрэл хүртлээ. Мөн Орхон аймгийн засаг дарга Д.Батлут Паралимпын хүрэл медальт Энхбаярын Содномпэлжээг Эрдэнэт хотын хүндэт тэмдэг, нэг сая төгрөгөөр шагнаж ирэх онд нэг өрөө байр өгөхөөр амласан юм.
Г.Баатарсүрэн, А.Цэрэнсодном нар дэлхийн аварга болов
Чөлөөт бөхийн Мастерсын буюу ахмадын ДАШТ Польш улсад боллоо. Тэгвэл хоёр дахь өдөр Г.Баатарсүрэн, А.Цэрэнсодном нар дэлхийн аварга болов. "С” ангиллын 63 кг-ын жинд хүч үзсэн Г.Баатарсүрэн нэгдүгээр тойрогт хийлж, удаах даваануудад АНУ-ын бөх Жозеф Михаил Раиаг 5:0, Украиний бөх Аркадий Имиметовыг 6:0, Гүржийн бөх Варази Варазишвилиг 5:1-ээр хожсон.
Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд Францын бөх Андре Мауренийг 3:2-оор ялж, дэлхийн аварга боллоо. Харин "Д” ангиллын 76 кг-ын жинд өрсөлдсөн Арслангийн Цэдэнсодном нэгдүгээр тойрогт гоц мөргөж, удаах даваануудад Их Британийн Стюарт Мскауг 12:2, ХБНГУ-ын бөх Женс Фуеттерерийг 10:0-ээр өвдөг шороодуулсан. Улмаар алтан медалийн төлөө барилдаанд Японы бөх Тамоцу Какевудаг 1:1-ээр тэнцсэн ч сүүлчийн оноогоор ялж, дэлхийн аварга боллоо.
ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ЯЛАГЧААР О.ЭНХ-ЭРДЭНЭ ШАЛГАРЛАА
"Авьяаслаг Монголчууд 2016" шоу үзэгчдийг байлдан дагуулсан шилдэг шоу байж чадлаа. Тус шоу нь залуучуудын нууц авьяасыг нээж тэдэнд ташуур болж чадсан гэдэгтэй үзэгчид санал нэг байгаа биз ээ. Энэ жилийн шилдэг найман оролцогч өв тэгш авьяастай залуучууд байлаа. Тэдний дундаас үзэгчдийг байлдан дагуулж супер ялагч болж 100 сая төгрөгийн эзэн болсон хүн бол О.Энх-Эрдэнэ юм.
Отгонбаатарын Энх-Эрдэнэ 1996 оны дөрөвдүгээр сарын 10-нд Эрдэнэт хотод төрсөн. Тэрбээр Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит Шинжлэх ухаан технологийн их сургуульд суралцдаг аж. О.Энх-Эрдэнэ хоёрдугаар шатанд АНУ-ын каунтри дуучин "Кинг" хочит Жорж Стрейтийн "Amarillo By Morning" дууг дуулсан юм.
Энэ дуугаараа тэр алс холын Америкийн сонсогчдод хүрсэн юм. Түүний дуулсан дууг анх 1973 онд Терри Стэффорд, Пол Фразер нар дуулж олны хүртээл болгосон бол 10 жилийн дараа Жорж Страйт өөр хувилбараар дуулж, олонд хүргэсэн аж. Түүнчлэн энэ дууг яг О.Энх-Эрдэнийн дуулсан хувилбараар нь Америкт радиогоор цацсан билээ. Энэ дуу Youtube сайтад байрлуулснаас хойш давхардсан тоогоор 1.1 сая хүн үзэж, сонирхсон юм.
ЭРДЭНЭТИЙН УЛС ТӨРИЙН ЭРГЭН ТОЙРОНД...
Монгол улсын улс төр болон нийгэмд гарсан хамгийн том үйл явдал нь УИХ дахь хүчний харьцаа харьцангуйгаар өөрчлөгдөж, шинэ бодлого, шинэ бүрэлдэхүүнтэй засгаар солигдсон явдал байлаа. Монгол улсын хэмжээнд бүртгэлтэй 25 нам эвслээс 70 гаруй хувь нь энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцсон байна.
Энэ удаагийн сонгуулиар "Ард түмнээ хайрлая" нэрээр ардын элчийн дүр тоглосон намын дарга Л.Гүндалайгаас эхлээд МАХН-ын О.Баасанхүү, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан тэргүүтэй хэл ам сайтай, шоу ихтэй улс төрчид сонгуулийн өмнөх жилээс эхлэн улс төрийн тоглолтуудыг Эрдэнэт хотод хийсэн билээ.
Эрх баригч байсан АН-ын дотоод хагарал фракцуудын ширүүн тулаан сонгуулийн босгон дээр дээд цэгтээ хүртэл өрнөж, тамгатай тамгагүй намын дарга нарын суудал эв эеээ олоогүй намын фракцуудын тэмцэл эцэстээ эмгэнэлт жүжгийн гол дүр болгож орхив. Үнэндээ 2016 он АН-ыханд хүндхэн жил байлаа. Зөвхөн энэ ялагдал Орхон аймгаар дууссангүй улс орныг хамарч бүхий л шатны сонгуульд АН- ялагдал хүлээж иргэд сонгогчид тэдэнд эв эеийг эрхэмлэж чадаагүйд нь зориулж дүн тавьсан юм. Намын нэрээр улс төрийн өндөр суудалд тухалсан АН –ын үе үеийн лидерүүдээс өнөөдөр намын гишүүд дэмжигчид ялагдлын гол буруутанг хайж бас энэ асуултад хариулт авахыг одоо ч тэднээс хүссэн хэвээр. Орон нутагт ердөө 3 хан суудал авч сөрөг хүчний байр сууринд суусан Ардчилсан намд дотроо хэрхэн шинэчлэл хийгдэхийг цаг хугацаа харуулах л үлдлээ.
Улс төрийн гол тоглогч МАН-ын хувьд ч улс төрийн үйл амьдралд ширүүн он жил байлаа. Намын хорооны даргаа унагаах гэсэн бүлэг фракцын зөрчилдөөн савнаасаа хальж эв нэгдэл нь гадаа биш дотроо ширүүсэж зодоон цохионоор үргэлжилж хэрээс хэтэрсэн үймээн хэсэгтээ л ардын нам дотор улс төрийн халуун өдрүүдийг авчирсан. Улс төрийн тогоонд удаан жил чанагдсан овгоруудаасаа салж орчин цагийн залуу улс төрчдөөр халаагаа үргэлжлүүлж Орон нутгийн сонгуульд 1980 аад оныхон олонх болж цус сэлбэлээ.
Дөрвөн жил сөрөг хүчний байр сууринд байж ялагдлын гашуун зовлонг туулсан намынхан энэ байдлыг амархан аргалж, сонгуулиар ялж чадсан ч үзэл бодол сандал суудлын төлөөх цусгүй тулаан өнөөдөр ч МАН –д өрнөсөөр л байна.
Аймгийн МАХН-ын хороо сонгуулийн өмнө намын хорооны дарга сольж, сонгуульд оролцсон ч үр дүнд хүрсэнгүйгээр барахгүй нийтээрээ шат шатны сонгуульд бүдэрсэн ч Эрдэнэтчүүд энэ намын хувь заяаг шийдэж, их хурал дахь ганц төлөөллийг нь сонгож өгсөн нь О.Баасанхүү юм.
Энэ мэтчилэн Эрдэнэтийн улс төрийн эргэн тойронд дуулиан шуугиантай үйл явдлууд хөвөрсөн онцлог он жилийг үдэж байна.
ГУРВАН ШАТНЫ СОНГУУЛЬТАЙ ЖИЛ...
"Парламентын найм дахь удаагийн сонгууль тодруулбал 2016 оны ээлжит бүх шатны сонгуулийн дуулиан шуугиан энэ оны онцлох халуун сэдвийн нэг байлаа. УИХ-ын сонгуульд нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 129 нь эмэгтэй нэр дэвшигчид өрсөлдсөн байна. Нийт нэр дэвшигчдийн 215 нь аймаг, орон нутагт, 283 нь Нийслэлд өрсөлдсөн юм.
Орхон аймгийн хувьд сонгуулийн хуульд өөрчлөлт орсноор 3 тойрогтой болж хүрээгээ тэлж 3 тойрогт 6 нам 3 эвслээс нийтдээ 20 гаруй нэр дэвшигчид их хуралд өрсөлдсөн юм.
Мэдээж энэ удаагийн сонгууль Сонгуулийн шинэчлэсэн хуулийн дагуу анх удаа явагдсан гэдгээр олон онцлог үйл явдлууд болж өнгөрсөн бөгөөд намын жагсаалтаар ордог тогтолцоог үндсэн хуулийн цэц буруутай гэж тогтоосон учир жагсаалт албан ёсоор байхгүй болсон, сонгуулийн сурталчилгааны хугацааг 18 хоног болгон өөрчилж, их хурал, орон нутгийн сонгууль нэг дор явагдсан, гадаадад амьдарч байгаа Монголчууд сонгуульд саналаа өгч чадаагүй гэх мэтчилэн сонгуулийн өмнө давчуу батлагдсан хууль нэг дор олон үйл явдлыг орвонгоор нь өөрчилсөн юм.
Сонгуульд нийтдээ 67 мянган сонгогч саналаар өгөхөөр сонгуулийн хороонд бүртгэгдсэн ч 64 мянган сонгогч энэ өдөр саналаа өгч нийт сонгогчдын 70 хувь нь санал хураалтад оролцож 3 тойргоос 46-р тойрог МАН-аас нэр Дэвшигч О.Содбилэг 47-р тойрог МАХН-аас нэр дэвшигч О.Баасанхүү 48-р тойрог МАН –аас нэр дэвшигч Д.Дамба-очир нар сонгогдож 4 жил Эрдэнэт хотыг төлөөлж их хуралд суухаар сонгогдлоо. Аймаг ИТХ-ын сонгуульд МАН 28 суудал, АН 3 суудал, Суманд МАН 26, АН 5 суудал авснаар ард түмэн МАН-д бүрэн итгэл хүлээлгэлээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУД ХИЙГДЛЭЭ
Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг шинэчлэх, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 2016 онд ихээхэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдлээ. 2016 онд Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэт Медипас оношилгоо эмчилгээний төв ашиглалтад орлоо.
Мөн Баян-Өндөр сумын Уурхайчин багт Өрхийн эрүүл мэндийн цогцолбор төв байгуулагдлаа. Цаашдаа мөн өрхийн эрүүл мэндийн цогцолбор төв байгуулагдах бөгөөд өрхийн эмнэлгийн чанар хүртээмж, чадавхийг дээшлүүлсэн ололттой ажил боллоо. Одоогийн байдлаар өрхийн эрүүл мэндийн төв дээр 6 төрлийн шинжилгээ хийгдэж байна.
Аймгийн БОЭТ-ийн дэргэд 50 ортой хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил 70 гаруй хувьтай байна. Хүүхдийн эмнэлэг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдаж байгаа юм. 2016 онд орон нутгийн төсвөөс 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол улсын төсвөөс нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.
Орхон аймаг нь хорт хавдартай иргэдэд нэг удаагийн эмийн тусламж үзүүлдгээрээ бусад аймаг орон нутгаас ялгарах онцлог ач холбогдолтой бөгөөд 2016 онд хорт хавдартай иргэдэд эмийн тусламж үзүүлэхэд 50 сая төгрөгийн тусламж үзүүлжээ. Мөн энэ онд эх нярайн эрүүл мэндийг дэмжих бодлогыг баримтлан ажилласан бөгөөд хүүхдийн тасаг, төрөх тасагт 20 гаруй сая төгрөгийн эм эмийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламж дэмжлэг үзүүлжээ.
Эх суравалж: Erdenetinfo.mn
http://www.erdenetinfo.mn/post/5900