-Хилээр амьд адуу гаргахгүй гэсэн шийдвэр гарчихаад байхад 130 адуу яагаад тус боомт дээр байна вэ?-
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сарын 22-ны өдөр амьдаар адуу экспортлохыг таслан зогсоогоод нэг cap гаруйн нүүрийг үзэж байна. Гэтэл сайдын энэхүү тушаал шийдвэр хүчин мөхөстөж олон тооны адууг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Бичигтийн боомтоор хил гаргахаар болсон тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.
Мөн энэ сарын 06-ны өдөр салбар яам болон агентлагийн газрын удирдлагууд олон нийтэд мэдээлэл хийхдээ энэхүү асуудлыг таслан зогсоосон тухай хэлж байсан. Гэтэл тушаал шийдвэр ийн хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр атал яагаад олон тооны адууг хил гаргахаар завдана вэ.
Тухайлбал, энэ талаар МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү дараах тайлбарыг өгч байсан юм. Тэрбээр "БНХАУ-руу 2008 оноос хойш амьд адууг албан ёсоор экспортолж эхэлсэн бөгөөд жилд дунджаар 3-7 мянган адуу гаргадаг. Ингэхдээ адуу тарга хүчээ авсан 9,10,11,12 дугаар сард олон тоогоор экспортолж байгаа.
Энэ жилийн хувьд 8-9 аж ахуйн нэгж амьд адуу экспортлох зөвшөөрөл авсан. Одоогийн байдлаар Бичигтийн боомт дээр амьдаар нь экспортлох гэж байгаа 800 орчим адуу байна гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Бид ХХААХҮ-ийн сайдын өгсөн чиглэлийн дагуу хил дээрх хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлээд явж байна.
Амьд адуу гаргахыг хориглосон шийдвэр гарахаас өмнө зөвшөөрлөө авчихсан байсан цөөн тооны ААН-үүд хил дээр авч очсон адуугаа боломжоороо хариулгатай байлгаж байгаа.
Мөн 2-3 хоноод хил гарчих байх гэж найдсан ААН-үүд адуугаа ачаатай чигээр нь байлгасаар байсан учраас адуу эндсэн асуудал гарсан. Нэгэнт Шадар сайдын тушаалаар амьд адуу гаргахыг хориглож байгаа учраас тэдгээр адууг нутгийн гүн рүү буцаан татах эсвэл зааж өгсөн газарт бой хийх, мах болгон гаргах ажлыг зохион байгуулах байх гэсэн баримжаатай байна.
Цаашид сайдын хэлсэнчлэн аль болох мах болгон гаргах бодлого баримтална. Энэ нь махны үйлдвэрүүдээ ч дэмжих сайн талтай” гэж байв.
МАЛЧИД ЗУД ТУРХНЫГ ДАВАХЫН ТУЛД АДУУГАА МӨНГӨ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЖЭЭ
Тэгвэл Шадар сайдын тушаал гарахаас өмнө эдгээр тооны адуунууд тус боомт дээр ирсэн ч тэднийг нутгийн гүн руу буцаах аль эсвэл зааж өгсөн газарт нь бой хийж мах болгох ажлыг зохион байгуулна гэсэн ч энэ нь одоог хүртэл хэрэгжээгүй байгаа бололтой. Түүнчлэн Шадар сайдын энэхүү шийдвэрийг малчид эсэргүүцэж эрсдэлээс гарахын тулд адуугаа зарж байна гэж хэлэх малчид ч олон буй юм.
Тухайлбал, Ховд аймгийн баруун сумдад малчид зудын эрсдэлээс гарахын тулд адуугаа зарж мөнгө болгох сонирхолтой байгаа аж.Тус аймгийн баруун гурван сумдын малчид хилээр адуу гаргахгүй гэсэн Шадар сайдын шийдвэрээс болж мал ч үгүй мөнгө ч үгүй болох эрсдэлд хүрээд байгаа тухайгаа учирлажээ. Тухайн сумдын малчид 700 орчим адууг аж ахуй нэгжид гэрээгээр өгчихөөд мөнгөө авч чадахгүй хүлээлтийн байдалтай байгаа аж.
Өөрөөр хэлбэл, зудад тэсвэргүй арчилгаа их шаардагддаг бод мал болох адуугаа зарж өвлийг ямар ч гарз хохиролгүйгээр давахыг малчид илүүд үзэх болжээ.
Тодруулбал, тус аймгийн Алтай, Үенч, Булган сумдад зуд болох аюул нүүрлэжээ. Булган сумын тухайд төвийн хэсэгтээ 30-35 см, уулархаг газраа 60-80 см цастай байгаа төдийгүй малаа хотноосоо гаргаж бэлчээх боломжгүйд хүрч нөөцийн өвс тэжээлдээ ороод байгаа гэнэ. Хэрвээ энэ их хэмжээний цас орвол 2009-2010 оны зудын нөхцөл байдлаас ч илүү гарз хохирол учрах эрсдэл байгааг малчид нутгийн удирдлагууддаа онцолжээ.
Хэдийгээр малчдын энэхүү нөхцөл байдал үнэн ч гэлээ сүлдэндээ залсан монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулж байхыг монголчууд төдийгүй малдаа хайртай малчид ч хүсэхгүй. Ямартай ч олон нийтийн дунд цацагдаад байгаа мэдээллээр бол одоогийн байдлаар Бичигтийн боомтын ойролцоо 130-аад адуу хил гарахаар хүлээж буй аж.
Тодруулбал хятадууд худалдан авсан адуугаа амьдаар нь хил гаргах сонирхолтой байгаагаас ийм нөхцөл байдал бий болжээ. Ямартай ч одоогоор хашигдаад байгаа 130 гаруй адуу эхнээсээ улдаж туурай нь элэгдэн гишгэж явахад хүндрэлтэй болоод байгаа талаар нутгийн зон олон нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тайлбар зурагтайгаар нь тавьж байна.
Ямартай ч хилээр амьд адуу гаргахгүй гэсэн шийдвэрийг гаргачихаад байхад дээрх 130 адуу яагаад тус боомт дээр амьд амьтныг ийн тарчлаах болов.
Эцэст нь хэлэхэд яам тамгын газрын холбогдох албаны хүмүүс гаргасан тушаал шийдвэр нь хэр их хэрэгжиж байгаа болон яагаад олон тооны адуунууд хилийн ойролцоо олноороо ийнхүү байх болов гэдэгт дахин нэг анхаарлаа хандуулж яаралтай арга хэмжээ авахгүй бол цэвдэг сэтгэлтэй хятад монгол нийлсэн этгээдүүдийн гарт адуун сүрэг маань амьдаараа тарчилж хөлдөн үхэж байна шүү.