|

Д.Батлут: Хүний хөгжил бүтээн байгуулалтаас ерөөсөө хоцорч болохгүй

saikhnaa 2016/12/28 586 0

"Аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2016 оны орон нутгийн сонгуульд МАН-аас дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөр, орон нутгийн хэмжээнд хэрэгжиж байгаа бодлогын баримт бичгүүд, нам эвсэл, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэд, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд сонгогчдын саналд үндэслэн боловсруулж хүний амьдралын мөчлөг хүүхэд, залуу, ахмад гурван үеийг хамруулан аз жаргалтай амьдралын төлөө хамтран хэрэгжүүлнэ” хэмээн ярих эрхэм бол Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын Захирагч Д.Батлут юм.

 

Тэрбээр эдүгээгээс 20 гаруй жилийн өмнөөс л Эрдэнэт хоттой ажил, амьдралаа холбож, "Эрдэнэт хивс” ХК-иас ажлын гараагаа эхэлж байсан нэгэн. Түүнчлэн Орхон аймгийн Оюутны холбооны дэд ерөнхийлөгч, "Дэлхийн зөн” ОУБ-ын төслийн гүйцэтгэгч, "Эрдэнэт хамтын хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захирал, аймгийн Газрын албанд мэргэжилтэн, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч, Орхон аймгийн НАМЗХ-ын тэргүүнээр ажиллаж байгаад 2008 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Орхон аймгийн МАН-ын хорооны дарга гээд бүх шатанд ажиллаж, Орхон аймгийнхаа хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулж явсан байдаг. Ийм л түүхтэй хүнийг шинэ оны босгон дээр сониныхоо зочин хойморт залж, ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэе. 
 
-Юуны түрүүнд Орхон аймагт өвөлжилт ямар байна вэ. Цаг үеийн асуудлаас ярилцлагаа эхлэх үү?
 
-Та бүхнийг Эрдэнэт хотод хүрэлцэн ирж, манай Орхон аймгийн онцлогтой танилцаж байгаад баяртай байна. Орхон аймгийн хувьд өвөлжилттэй холбоотой асуудлыг тухай бүрт нь судалж, үнэлэлт, дүгнэлт өгч, үйл ажиллагаагаа төлөвлөөд явж байна. Ер нь өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлуудыг бид өнгөрсөн намар нэлээд сайн ярилцсан. Дулааны хангамж, цахилгааны эх үүсвэр гэх мэтчилэн олон асуудлуудаа тал талаас нь ярилцаж, урьд өмнө нь болж байсан бодит хүндрэлтэй байдлуудыг шийдэж ажилласан.
 
Тухайлбал, олон жилийн насжилттай дулааны шугамуудыг засварлах, дулааны эх үүсвэрийг найдвартай хангах боломж бололцоог бүрдүүллээ. Манай Дулааны цахилгаан станц өвлийнхөө нүүрсийг маш сайн нөөцөлж авсан байгаа. Одоогоор 40 орчим тоннын нөөцтэй байна. Улирлаараа төлөвлөгөөнийхөө дагуу таталтуудаа хийгээд ажиллаж байгаа.

Цахилгаан эрчим хүчээр хангах асуудал дээр бол манай "Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ" ОНӨХК, "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хамтран ажиллаж байна. Мэдээж, өвлийн горимд шилжихтэй холбогдуулан бүх аваар эрсдэлүүдээ хоорондоо ярилцаад нэгдмэл ойлголтод хүрч, засвар үйлчилгээ, тодорхой ажлуудаа зохион байгуулаад ажиллаж байгаа.

Тиймээс хүндрэл гарахгүй байх гэсэн бодолтой байна. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой асуудлууд дээр одоогийн байдлаар 4-5 аж ахуйн нэгж ажиллаж байна. Нийтийн тээврийнхэн өдөр тутмын графикийн дагуу  үйлчилгээгээ үзүүлээд явж байгаа. Түүнтэй холбогдуулаад гарах эрсдэлүүд харьцангуй гайгүй. Бид бүхэн тухайн компаниудын гүйцэтгэлтэй холбогдуулан, дээрээс нь иргэдээс ирж буй санал гомдолд тулгуурлаж, нөхөн олговрыг олгодог.
 
Харин иргэдээс санал, гомдол ирсэн, нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхгүй байгаа, дутагдал гаргаж байгаа байгууллагуудад тодорхой арга хэмжээ авах, үүрэг чиглэл өгөх хэлбэрээр ажиллаж байна. Цаашид бид нийтийн тээврийн хяналтыг сайжруулах бодолтойгоор төлөвлөж буй ажлууд бий. Үүнээс гадна өвөлжилтийн бэлтгэл ажил дээр яригдах нэг зүйл бол малчдын асуудал. Манай аймаг 130 гаруй мянган толгой малтай.

Саяхан мал тооллогоор яваад ирлээ. Манайх улсаас өгсөн төлөвлөгөөний дагуу аймаг, сумын нөөцдөө хангалттай өвс, тэжээлээ татаад авчихсан. Өвөлжилтийн байдал харьцангуй хөдөөдөө хүндрэх төвшинд хүрч, цас, зудын байдалд орчихоод байна. Зарим газарт цасны зузаан 22-27 см байна.

Мал тооллогод явсан группүүдээс ирүүлсэн мэдээллийн дагуу дараагийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мэдээж өвс тэжээл хангалтгүй бэлтгэгдсэн, худалдан авах шаардлагатай газрууд руугаа бид улсын болон орон нутгийн нөөцөөс өвс, тэжээл хүргүүлэх ажлыг хийнэ.
 
Манай аймагт үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн удирдлагуудтай ярилцаж, цэргийн штабаараа дамжуулан жанжин штабд хүсэлт өгсний дагуу бид бүхэн яг ослын үед буюу өвөлжилт хүндэрсэн үед гаргах туулах чадвар сайтай 10 машиныг бэлэн байдалд оруулчихаад байна.

Энэ дагуу бид тэжээлүүдийг нь ачаад явуулах боломж бололцоог бүрдүүлээд ажиллаж байна. Сүүлийн үед цас орох нь харьцангуй гайгүй байгаа. Тэгэхдээ жаахан дулаарахаар цас хайлалт явагдаж байгаа учраас цас суух, мөстөх, нягтаршил ихсэх нөхцөл байдал үүсч байна. Бид тухай бүрт нь тодорхой арга хэмжээ авч, ажиллана. 
 
-Та ажлаа аваад таван сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Ажлаа авах үедээ ямаршуухан эдийн засгийн чадамжтай аймаг хүлээж авав. Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна?
 
-Бид бүхэн ажлаа аваад таван сар гаруй хугацаа өнгөрч байна. Төсөв мөнгөний хувьд хүндрэлтэй байсан. Үнэхээр Монгол Улсын эдийн засаг хүндэрчихсэн, одоогийн нөхцөл байдал илааршаагүй, дэвшил гарсан зүйлүүд бага байна шүү дээ. Тэгэхээр бид бүхний нөхцөл байдал ч адилхан байгаа. Улсын төсөв ямар байна, бид тийм л байна.

Нэг ёсондоо нэг халааснаас бид санхүүжиж, бүх үйл ажиллагаагаа зохицуулж байгаа болохоор уялдаад байгаа юм. Тэгэхдээ орон нутгийн зүгээс бодит нөхцөл байдлыг харж, эдийн засгийнхаа нөхцөл байдлыг сайжруулах талаар тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлж байна. Богинохон хугацаанд үр дүн гарах боломжгүй учраас хэлэхэд хэцүү байна. Гэхдээ үр дүн гарна гэсэн итгэл найдвар байгаа. 

-Аймгийн ИТХ-ын хуралдаанаар Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг баталсан. Энэхүү хөтөлбөр, төлөвлөгөөнд ямар асуудал голлох байр суурийг эзэлж байна вэ?

-Бид бүхэн саяхан аймгийн ИТХ-ын III хуралдаанаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг баталлаа. Үндсэндээ 2017 оны үндсэн чиглэл, хийж хэрэгжүүлэх ажлын үндсэн төлөвлөгөөгөө баталчихсан гэсэн үг.

Засаг даргын мөрийн хөтөлбөрөө ч мөн батлууллаа. Бид ирэх жилүүдийг хүний хөгжлийг түргэтгэх хэлбэр рүү анхаарч, хүний хувьсан өөрчлөгдөх явцыг дэмжсэн он жилүүд болгоно гэсэн төлөвлөгөөтэй байна. Ер нь аливаа бүтээн байгуулалтад маш том том хөрөнгө оруулалт хийгдээд байдаг. Угтаа бол хүний хөгжил бүтээн байгуулалтаасаа хоцорч болохгүй. Яагаад гэвэл нийгмийн капитал нь хүн өөрөө.

Тийм учраас энэ том бүтээн байгуулалт дотроос хүний хөгжил ерөөсөө хоцорч болохгүй. Хүний хөгжлийг бид түлхүү тавьж өгч байж энэ нийгэм урагшилна. Илүү их бодитой хөрөнгө оруулалт бий болно. Нийгмийн тогтолцоо ч  хариуцлагажина. Тэр чинээгээрээ хөгжлийн төвшин шат ахина.

...нийгмийн капитал нь хүн өөрөө.

 

Нийгэмд эзлэх байр суурь ч тодорхой хэмжээгээр сайжирна гэж харж байгаа. Тэгэхээр бид ирэх оны төсөвт хүний хөгжилтэй холбоотой асуудлуудыг нэлээд түлхүү тавьж өгсөн. Тодруулбал, нийт төсвийн маань 22 хувь нь дээрх төсөл, хөтөлбөрүүдэд тусгагдаж байгаа.
 
Энэ дотор хүн рүүгээ чиглэсэн тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Харин төсвийнхөө үлдсэн хэсгийг хөрөнгө оруулалтын ажилд зориулж байна. Гэхдээ бид том бүтээн байгуулалт гэхээс илүү хүний амьдралын төвшинд нөлөөлж байгаа ямар асуудлууд байна. Тэр бүхнийг шийдэхийн тулд бид үйл ажиллагаагаа чиглүүлэн явуулна. 

-Тухайлбал, яг одоо тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ? 

-Жишээ хэлэхэд, манай Орхон аймагт орон сууцны дээврийн асуудал хүндээр тавигддаг. Байнга л асуудал дагуулж байдаг. Мэдээж хүний хөгжил ярьж л байгаа бол бид хүн бүрийн аюулгүй, амгалан тайван, эрүүл орчинд амьдрах бололцоог нь хангах ёстой. Ажилтай, орлоготой болгох ёстой. Олон талаас нь бодох ёстой учраас бид тэр асуудлуудыг эхнээс нь нэг мөр шийдье гэсэн бодолтойгоор төсөв төлөвлөгөөндөө тусгаад явж байгаа. 

-Ажилтай, орлоготой болгох ёстой гэлээ. Орхон аймагт ажилгүй иргэн хэчнээн байна вэ. Тэдгээрийг хэрхэн ажлын байртай болгох вэ? 

-Ажилтай, орлоготой болгох асуудлууд ирэх оноос яригдана. Ер нь миний дэвшүүлэн тавьж байгаа гол асуудал бол судалгаан дээр үндэслэж, аливаа зүйлийг хийх. Тухайлбал, Батболдынх гэж айл байхад таван ам бүлтэй. Тэгвэл Батболдынх гэдэг айлаас нэг ч хүн хөдөлмөр эрхлэхгүй байна уу, үгүй юу гэдгийг судалж үзсэн.

Судалгаагаар тухайн айл өрхөөс нэг ч хүн хөдөлмөр эрхэлдэггүй 2832 өрх гарч ирж байна. Нийгэмд болж байгаа сөрөг үзэгдлүүд энэ зүйлүүдээс гараад байгаа байхгүй юу. Ажилгүй, орлогогүй байгаа байдал. Тэгэхээр энэ бол онцгойлон авч үзэх ёстой арга хэмжээ. Тэр утгаараа бид судалгааны дагуу ажил зохион байгуулахаар хэлтэс, агентлагуудтайгаа ажиллаж байна.

Эндээс бид ядахдаа нэг хүнийг ажилтай болгоё. Тэгвэл тэр хүмүүсийн өнөөдрийн нийгмийг харах өнцөг нь өөр болно. Тэр гэр бүлийн байнгын мэдээллүүд дунд нэг өөр өнцөг орох байхгүй юу.

Тэр чинээгээрээ хүмүүс нийгмээ зөвөөр үнэлж харах, өөрсдийнхөө бодит боломжийг илэрхийлэх идэвхтэй мотиваци хийгдээд явчих юм. Тийм боломж бололцоо ч харагдаж байна. Энэ бол нөгөө л хүний хөгжил рүү орох гээд байгаа хэлбэр шүү дээ. Нэг ёсондоо өнөө, маргаашийн хоолоо яриад явж байгаа хүмүүсийн дунд орлого нэмэгдээд, нийгмийн тодорхой мэдээллүүд ороод ирэхээр тэр хүмүүс нийгмийг шал өөрөөр хардаг, орчин нөхцөлдөө санаа тавьдаг бас амьдралыг харах өнгө аяс нь өөр болно гэж харж байгаа юм.

Тэр утгаараа бид энэ тал руу чиглэсэн ажлуудыг нэлээд сайн зохион байгуулахаар төлөвлөсөн. Ингэснээрээ нийгэмд гарч байгаа сөрөг үзэгдлүүд буурах боломжтой. Энэ арга хэмжээнүүдийг төлөвлөөд ороход олон асуудал байна л даа. Мэдээж бид ажлын байрыг яаж бий болгох вэ гэдэг асуудал байгаа. Бидэнд боломж бий, санаачлаад хийх юм бол. Жишээлбэл, эргэн тойронд малчид байна. "Малаа дийлэхгүй байна, туслах малчин авъя.

Эрдэнэт хот боловсон хүчний илүүдэлтэй газар.

 

Аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл сарын 600 мянган төгрөгөөр цалинжуулъя. Өвлийн идшийг нь даая” гэсэн маш олон хүн байна. Үүнийг л бид жижигхэн зохион байгуулалтад оруулаад өгчих хэрэгтэй. Дээрээс нь манай Эрдэнэт хот боловсон хүчний илүүдэлтэй газар. Тэгэхэд бусад аймгуудад дутагдалтай нь юу байна. Багш, эмч дутагдаж байна уу. Тэр судалгааг авч байгаад бид тухайн мэргэжлийн хүмүүсийг явуулах талаар орон нутагтай зарчмын хувьд тохиролцоно.
 
Тухайлбал, орон сууц, байраар хангах, түлээ түлш, мал тасалж өгөх гэдэг ч юм уу. Нийгмийн асуудлыг шийдээд явуулчих бололцоо байна гэж харж байгаа юм. Наад захын асуудал нь энэ. Мөн  бид хувийн хэвшилтэй холбоотой нэлээд зүйлийг өөрчилье гэж харж байгаа юм. Өнөөдөр вакум цонхны үйлдвэрлэл гэж байна. Эрдэнэтэд үйлдвэрлэл эрхэлж байгаа, хувийн бизнес эрхэлж байгаа маш олон хүн бий.
 
Тэгвэл энэ хүмүүсийн чадамж нь хэр байгаа юм бэ. Хүчин чадал нь хэр юм. Дээрээс нь чанар, стандартын шаардлага хангаж байна уу. Тэр бүх зүйлийг тодорхой болгоод бид он гаргаад зөвлөгөөн хийнэ. Бүх асуудлуудыг нь тодорхой болгочихоод орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бизнесмэнүүдээ дэмжиж өгье. Жишээлбэл, энд нэг барилга барьж байгаа компани байх юм бол гэрээн дээр нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа чанар стандартад нийцсэн аж ахуйн нэгжээс вакум цонхыг нь авна гэдэг ч юм уу.
 
Ерөөсөө л энэ. Нэг үгээр хэлбэл, орон нутагт хийж байгаа бизнес дээр орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг оруулж өгөх юм. Ингэснээр тэр хүмүүсийн орлого нэмэгдэх, тэр дагуу ажлын байрыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх, орон нутагт орж байгаа төлбөр нь нэмэгдэх, санхүүгийн талыг сайжруулах талаар авч байгаа арга хэмжээний нэг хэлбэр нь энэ байхгүй юу. Гэх мэтчилэнгээр ажиллая гэсэн бодолтой байна. 

-Анх удаа Засаг даргын дэргэдэх "Эрдэмтдийн зөвлөл” байгуулагдсан талаарх мэдээлэл цацагдаж байсан. Тэр нь танай аймаг байсан л даа. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Бид их том зорилт тавьж байгаа. Тодруулбал, эрдэмтдийн  бүтээлийг орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад нэвтрүүлэх зорилгоор Засаг даргын дэргэдэх "Эрдэмтдийн зөвлөл”-ийг байгуулж, аймгийн ИТХ-аар батлуулсан.
 
Түүнчлэн "Эрдэнэт шинжлэх ухааны технологийн парк”-ийг шинээр байгуулж байна. Энэ бол Монгол Улсын хэмжээнд анх удаа хийгдэж буй ажил. Өнөөдөр бидний алсын хараа юу юм бэ, түүндээ хүрэхийн тулд бид яах ёстой юм гэвэл манай Эрдэнэт өөрөө их оюунлаг газар. Оюуны чадавх өндөртэй. Энэ хүмүүсийнхээ толгойг ашиглая л даа.

Нэг ёсондоо бид шинжлэх ухаанчаар чиг шугамаа тодорхойлъё гэсэн л санаа. Хоёрдугаарт, "Эрдэнэт” үйлдвэр хэзээ нэгэн цагт ашиглагдаад дуусна. Одоо 40 гаруй жил болчихлоо. Нэг ёсондоо ашигт үйлийн коэффициентууд нь  нэлээд доогуур орчихсон байна. Баяжмал дотор байгаа агуулгын хэмжээ буураад байгаа  гэсэн үг.

Тэгвэл энэ үйлдвэр зогслоо гэхэд эрдэнэтчүүд бид яаж амьдрах ёстой юм бэ. Энэ асуудал биз. Өнөөдөр 6,000 гаруй хүн яг энэ үйлдвэрт ажиллаж, эндээс амьдралаа залгуулж байна. Зарим нэг уурхай дагасан хотуудын жишээ байдаг шүү дээ. Уурхай зогслоо хот эзэнгүй болдог. Тэгвэл бид энэ сайхан зууны манлай бүтээн байгуулалт, үйлдвэрийг дагаж бий болсон хотыг яг энэ хотоор нь улам цааш нь эрчимтэй хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Тийм учраас бид "Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”-ийг байгуулж байгаа юм.

Энэ парк ямар үйл ажиллагаа явуулах вэ гэвэл хүмүүсийг боловсруулах, мэдлэгжүүлэх, оюуны чадавхыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч сургалтад ашиглагдана. Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн чиглэлээр шинэ дэвшилтэт технологийг бий болгох чиглэлээр ажиллана. Үйлдвэр дууслаа гэхэд бид шинэ технологийг бий болгочихсон, томоохон эдийн засгийн төв болсон байх ёстой. Үүний цаана хүмүүс толгойгоо үнэлж амьдардаг, эрдэмтдийн оюуны чадавхыг дэлхийн төвшинд үйлдвэрлэе гэсэн санаа явж байгаа юм.

Ингээд бид 2017 ондоо ямар ч байсан нэг үйлдвэр байгуулъя гэж бодож байгаа. Мэдээж хувийн хэвшилтэй хамтарч ажиллана. Эхний ээлжид юу хийх вэ гэвэл "Эрдэнэт” үйлдвэрт хэрэглэгдэж байгаа гаднаас импортоор орж ирдэг бараа бүтээгдэхүүнээс өөрсдийн хэмжээнд судална. Судалгааны дүнд манай эрдэмтдийн санаачилсан төслүүд гараад ирэхийг үгүйсгэхгүй. Тэр бүх зүйлийг нэгтгэж байгаад "Эрдэнэт” үйлдвэрт импортоор нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг эхлээд байгуулчихна. Үйлдвэр байгуулъя, технологийг нь бид өөрсдөө бий болгоно гэсэн үг.

Тэнд нь хувийн хэвшилтэй хамтраад хөрөнгө оруулалт хийчихье. Тэгээд "Эрдэнэт” үйлдвэр худалдаж авдаг байя. Энэ юу гэхээр гадагшаа урсаж байгаа валютын нөөц тодорхой хэмжээгээр Эрдэнэтдээ үлдэнэ гэсэн үг. Нөгөө эдийн засгийг сайжруулах нэг түлхүүр чинь энэ. Нөгөө талдаа цаашдаа бид импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна экспортын чиг баримжаатай болъё.

Нэг ёсондоо бүтээгдэхүүнээ бүтэн гаргая гэсэн санаа байгаа юм. Магадгүй Samsung, Iphone гээд гар утас үйлдвэрлэгч компаниудын нэг деталыг бид бэлдэж болно шүү дээ. Магадгүй тэднээс давсан шинэ зүйлийг гаргаад ирэхийг ч үгүйсгэхгүй шүү дээ. Энэ бүхэн тэгэхдээ урт хугацааны маш том зорилт юм. Энэ бүхнийг хүмүүст бид их зөвөөр ойлгуулж таниулах ёстой гэж бодож байгаа. Ингээд ирвэл шинжлэх ухаан дээр тулгуурласан оюуны чадавхыг худалдсан томоохон эдийн засгийн бүс болох, хот болгох зорилт маань биеллээ олно гэсэн үг.

Энэ ажлын маань эхлэл болгож, "Эрдэнэт шинжлэх ухааны парк”-ийн ТУЗ-ийг нэгдүгээр сард батална. Захирал нь ч томилогдоно. Үүнд улс төр байхгүй, дандаа эрдэмтдийн баг ажиллана. Би дэргэдээ "Эрдэмтдийн зөвлөл” байгуулаад шууд шинжлэх ухаан технологийн парк дээрээ аваачиж байгаа юм. Энэдээ бид ГОК-той холбогдоно.

Шинжлэх ухаан технологийн их сургууль гэж технологийн бааз суурь өндөртэй газар байна. Түүнтэйгээ хүч хавсарна. Химийн лабораториуд, бусад бүх байгууллагуудыг "Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллах гэрээний хувьд энэ шинжлэх ухаан технологийн парктайгаа уяж өгөх гээд байгаа юм. Ингээд цаашаа том хөтөлбөр, нэг цикль хөдлөх гээд байна шүү дээ. Тэр чинээгээрээ орон нутагт орж байгаа төсвийн орлого нэмэгдэнэ.

Ажлын байр нэмэгдэнэ, хүн ажилтай болно. Ер нь нэг иймэрхүү байдлаар ажилгүйдэл, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр ажиллана гэж бид зорьж байна. 

-Гадаадын төсөл хөтөлбөрүүд орон нутагт нэлээд үр дүнгээ өгч байгаа харагддаг. Өөрсдийнхөө боломж нөөц дээр нэмээд орон нутагтаа гадны төсөл хөтөлбөрүүдийг татаж чадвал бүр илүү хөгжих боломж байгаа юм шиг санагдах юм? 

-Тэгэлгүй яах вэ. Тухайлбал, Бүгд найрамдах Чех улсын "Евро эко” төсөл гэж байгаа. Тэд дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй байгуулъя. Хүмүүсийг чинь сургаж өгье гэдэг санал тавьж байна. Энэ төсөл дээр ажиллавал хүмүүсийг тодорхой ажилтай болгох нөхцөл боломж байна.

Мөн би саяхан Герман улсад ажлын айлчлал хийгээд ирсэн. Энэ хүрээндээ  "Эрдэнэт” үйлдвэрийн бааз, суурийг ашиглаад уул уурхайн тоног төхөөрөмжийг угсрах үйлдвэр байгуулах гэж байна. Төслөө танилцуулчихаад ирлээ. Ерөөсөө Европын брэндүүд яагаад ийм үнэтэй байдаг юм бэ гэвэл тэд цагийн үнэлгээгээр явдаг. Нэг цагийн тэд, тэдэн евро гээд л явчихдаг.

Манайд харьцангуй ажиллах хүчний зардал бага шүү дээ, үнэлгээ багатай. Гэхдээ тэр сэлбэгүүдийг авч ирээд угсрах учраас чанарын хувьд адилхан. Тодорхой хэмжээгээр өртөг буурна. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бодлогоор тэр төхөөрөмжийг хийдэг байх ёстой. Энэ нь дотоод зах зээлээ хадгалж байгаа нэг хэлбэр төдийгүй Монголын эдийн засагт өгөөжтэй төсөл гэж ойлгогдож байгаа юм.

"Эрдэнэт” үйлдвэрийн бааз, суурийг ашиглаад уул уурхайн тоног төхөөрөмжийг угсрах үйлдвэр байгуулах гэж байна.

 

Зөвхөн Эрдэнэт ч биш Монголын эдийн засагт өгөөжөө өгөх учиртай. Дээрээс нь Сокол гэж компани манайд үйл ажиллагаа явуулж байгаа. Галын тусгай хэрэгслийн автомашин, тоног төхөөрөмж нийлүүлдэг. Энэ компанийнхан бидэнд санал тавьж, галын тоног төхөөрөмж, машиныг үйлдвэрлэх үйлдвэр байгуулъя гээд байгаа юм. Би тэгвэл газрын асуудлыг нь шийдээд өгье, энд байгуулчих гэж байгаа. Хамгийн гол нь зах зээл нь байгаа юм.

Монгол Улсын аваар ослын 90 орчим хувь нь гал түймэртэй холбоотой. Гэтэл хуучин хэрэглэгдэж байсан тоног төхөөрөмжүүд чанарын шаардлага хангахгүй болоод шинэ тоног төхөөрөмжийн хэрэгцээ гарч ирнэ. Тэр хэрэгцээг бид хямд үнээр шийдье гэж байгаа юм.

Дээрээс нь ажлын байр бий болно. Цаашилбал ОХУ-ын зүүн талын хэсгээр бидэнд маш өргөн зах зээл байна. Нэг үгээр хэлбэл, ажлын байр нэмэгдүүлье, Эрдэнэтийн болон Монголын эдийн засгийг өсгөе гээд олон тал руу харсан төслүүдийг хөдөлгөе гэсэн бодолтой байна. 

-Хог боловсруулах үйлдвэр байгуулах талаар дуулдсан. Хогийг ч мөнгө болгох бодолтой байна уу? 

-Хоёр дахь том төсөл маань хог боловсруулах үйлдвэр. Манай Эрдэнэт бол байгуулагдсан цагаасаа л дандаа ил задгай хогоо хаяж байсан. Өөрөөр хэлбэл, байгальд шууд хаяж байсан. Одоо таван хогийн цэг дүүрээд, маш их хогтой болчихсон.

Үнэндээ хэцүү байгаа л даа. Өдөрт 600 м3 хог хаяж байна. Үүнийг яаж үр өгөөжтэй байдлаар шийдэх вэ гэдэг төслийг манай эрдэмтдийн багийнхан боловсруулсан. Тэгээд сая Германд айлчлах үеэрээ танилцуулсан. Ер нь үр дүнтэй, бүтэх байх гэж бодож байна. Хог боловсруулах үйлдвэр байгуулахдаа бид тодорхой орлоготой, эх үүсвэртэй байх талаар анхаарч байгаа.

Өөрөөр хэлбэл, хогоо боловсруулаад тэндээс юу хийх вэ гэвэл гудамжны сандлууд, траншейны тагуудыг хийж болж байна. Мөн эрчим хүч үйлдвэрлэж болж байна.

Тэр бүх төслүүдийг бид цогцоор нь танилцуулчихсан байгаа. Дараагийн нэг төсөл бол бид газрын дулааныг ашиглаад эрчим хүч гаргах. Энэ бол маш ирээдүйтэй төсөл. Манайд газрын байршлын хэлбэрээр 80-100 метрийн гүнээс газрын дулааныг ашиглах бололцоо байна гэж харж байгааюм. Ингэвэл эрчим хүчний хэмнэлтийг бий болгож чадна. Бүр гэр хорооллын  асуудлаа ч шийдчихнэ. Гэр хорооллын асуудлаа шийдчихвэл утаанаас сална.

Иймэрхүү төслүүдийг боловсруулаад гадна, дотны байгууллагуудтай хамтраад ажиллаж байна. Томоохон төсөл хөтөлбөрүүдтэй зэрэгцээд бид өрхийн бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой. Өнөөдөр өрхийн бизнес эрхэлж байгаа хүмүүс банкны шалгуурт уначихаад, зээл авч чаддаггүй. Үнэндээ 1-2 сая төгрөгийн асуудал л яригддаг. Тэгэхээр нэг тусдаа сан байгуулъя гэж байгаа юм. УИХ-ын даргад ч энэ асуудлаа тавьсан. Ерөнхий сайдад ч хэлсэн байгаа. Монгол Улсын Засгийн газрын төлөвлөгөөнд орсон.

Өрхийн бизнес эрхлэгчдэд "Итгэлийн зээл” олгох асуудал. Одоо хууль эрх зүйн тогтолцоог нь бий болгоод өгчихвөл зээлийг нь олгох боломж бололцоо нээгдэнэ. Тэгвэл 10 хүнийг нэг групп болгоод дундын сан үүсгээд барьцаагүй зээл олгоно гэсэн үг. Тэгээд тэр хүмүүс орлогоо нэмэгдүүлдэг, ажлын байр нэмдэг.

Энэ ажлыг ирэх оноос хийж, хэрэгжүүлэхээр зорьж байна. Би Дэлхийн зөн олон улсын байгууллагад ажиллаж байхдаа ББСБ-ыг үүсгэн байгуулж байсан хүний нэг. Тэгэхээр энэ итгэлийн зээлийг яаж гаргадаг технологийг сайн мэддэг.

Тухайлбал, бие биеэ мэддэг 5-10 хүн нэгдээд, дундаасаа ахлагч, нягтлан, нярваа томилоод, дундын сан үүсгээд сар болгон мөнгөө нэмээд явна. Үүний зэрэгцээ сургалтууд авч, өөрсдөө төслөө бичээд түүнийхээ дагуу зээлээ авдаг. Хэрвээ би зээл авч байгаа бол нөгөө гурав нь намайг батлан даадаг. Энэ хүн зээлээ төлөхгүй нөхцөлд нөгөө гурав нь батлан даадаг. Эсвэл дундын сангаасаа шийднэ гэдэг ч юм уу.

Ийм зарчмаар явж чадвал хүмүүс ойртож, тэр чинээгээрээ амьдрах итгэл бий болно. Бизнесийн нөхцөл байдал ч сайжраад ирнэ. Нэг жишээ хэлэхэд, Баянцагаан багийн I дүгээр байр гээд 20 орчим айл байдаг юм. Би тэр айлуудаар орж, нөхцөл байдалтай нь танилцсан юм. Намайг очих үед байр нь навсайчихсан, бие засах газар, угаалтуур байхгүй. Ороход өмхий үнэртсэн, нурж унах гэж байгаа тийм л газар байсан.

Тэгээд аймгийн зардлаас 13 сая төгрөг гаргаж байгаад тэр байрыг засварлуулсан. Одоо сайхан болсон байгаа. Би тэндээс нэг л зүйлийг олж харсан. Намайг анх очиход навсайсан байранд нэг л нурмагар хүмүүс, ямар ч амьдрах итгэлгүй хүмүүс тэнд байсан. Тэгээд засвар хийгээд гоё болгоод айл болгоныг ариун цэврийн өрөөтэй болгоод, цэвэр усыг нь оруулаад өгсөн. Одоо очихоор үнэхээр сайхан болголоо, бид үүдээ цэвэрлэчихсэн гээд л эргэн тойрноо сайхан цэвэрлэчихсэн байгаа байхгүй юу. Бүр жижүүр гаргаад коридороо цэвэрлэнэ гээд л.

Ийм л байх ёстой байхгүй юу. Би тэр хүмүүсийн харцнаас амьдрах итгэлтэй байгааг нь олж харсан. Урьд нь харагдаж байсан нүүр төрх, харц шал өөр болчихсон. Тэгэхээр бид ийм байдлаар хүмүүст нөлөөлж, орчин нөхцөлийг нь сайжруулаад, асуудлуудыг цогцоор нь шийдээд явчих юм бол хүний хөгжлийг бодох ажлууд маань нэлээд үр дүнгээ өгнө гэж харж байна.

Ер нь бол хүмүүсийн харц, идэвх шал өөр болчихдог юм шүү. Бид жижигхэн хөдөлгөөд өгчихвөл хүмүүс өөрчлөгддөг. Асуудлыг энэ мэтээр шийдээд явчих бүрэн боломж байна. 

-Одоохондоо Эрдэнэт Улаанбаатарыг бодвол утааны асуудал харьцангуй гайгүй байна. Яг энэ үед буюу утаа бага байгаа дээр нь дарж авах тал дээр ямар ажлуудыг хийж байна? 

-Дараагийн асуудал бол утаа. Урьд нь утааны асуудал, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төсөл хэрэгжиж байсан л даа. Сайжруулсан зуух, хоёр тарифт тоолуур, хийн хэрэглээ гээд арга хэмжээ авч байсан. Яг энэ технологиудыг бид хэрэглээд явж байгаа. Хоёр тарифт тоолуурыг тавилаа гэхэд шөнө цахилгаанаар гэрээ халааж байгаа нөхцөл манайд байхгүй. Тийм чадамжтай иргэн ч цөөхөн. Би зүгээр хийгдэж байгаа ажлыг шүүмжлээд байгаадаа гол нь биш л дээ. 

Бодит хөрсөн дээрээс яримаар байгаа юм. Яг яаж өөрчлөх ёстой юм бэ гэдгийг. Тэгэхгүй бол бид нэг юм шийдчихдэг. Нөгөөдөхөө ашиглаж чадахгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Зуух бол байж болно гэж харж байгаа юм. Ерөнхийдөө утааг юу гаргадаг юм бэ гэвэл түлш л биз дээ. Тэгвэл бид түлштэйгээ л ажиллах хэрэгтэй.

Өнгөрсөн намар бид судалгаа хийсэн. "Шарын гол” компанийн нако системийнхэнтэй очиж уулзсан. Нако түлш гэж нэг ёсондоо химийн хорт бодисуудыг нь ялгасан түлш байдаг.

Тэр түлшийг бид хэрэглээнд нэвтрүүлж эхлээд байна. Одоо 16 цэгт борлуулж байна. Анх намайг очоод танилцаж байхад хүмүүс нь "Бид шорлог хийж үзсэн. Ямар ч үнэр амтгүй гоё болж байна” гэж хэлж байсан. Тиймээс бид дөрвөн тонн нако түлшийг 75 өрхөд тарааж өгч байгаад, туршилтын журмаар хэрэглэж үзсэн. Ингэхдээ энгийн, сайжруулсан, нам даралттай уурын зуух, ханан пийшин гээд бүх төрлийн зууханд шатааж үзэхэд маш сайн үр дүн өгсөн.

Түүхий нүүрс түлэхээр тортог үнэртдэг бол энэ нако түлшийг шатаж байхад нь зуухны тагийг авахад огт тортог үнэртэхгүй байсан. Утаа ч бараг гарахгүй байсан. Шаталтын чанар нь ч өндөр, 5,000 орчим м2 дулаан ялгаруулахын зэрэгцээ маш бага хэрэглэгддэг юм билээ. Нам даралтын зууханд өдрийн 12:00 цагт найман хувин нако түлш хийгээд орой 17:00 цагийн үед очиход дулаанаа яг нэг хэвэндээ барьж байсан. 

-Улаанбаатарын гэр хорооллынхон бүгд түүхий нүүрс түлдэг. Шахмал түлшийг үр дүн багатай мөртлөө зардал өндөртэй гээд байдаг. Нако түлшний хувьд өр­төг зардал нь хэр байдаг юм бол? 

-Нако түлш бэлдэхийн нүүрсийг өндөр температурт буюу 900-1100 хэмд боловсруулж, хорт бодисуудыг ялгачихдаг юм билээ. Нэг тонн нүүрс хийхэд 600 кг нако түлш гардаг гэсэн. Түүнээс биш бүр базаад, шахаад шахмал түлш шиг болгодог эд биш юм билээ.

Үндсэндээ нүүрс нүүрсээрээ байгаа гэсэн үг. Манайд нако түлш нийлүүлэхээс өмнө нэг шуудай түүхий нүүрсний үнэ 6-8 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан. Тэгвэл бид 40 кг-ийн шуудайтай нүүрсийг 4,500 төгрөгөөр борлуулж байгаа. 20 кг-ийнхыг 2,300, 25 кг-ийг нь 2,800 төгрөгөөр зарж байна. Яагаад ингэж үнийг багаар шийдэв гэвэл өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хямарчихсан, хүмүүс орлого, мөнгөгүй байна. Тиймээс бид үнийг хямдаар тогтоож, нөхөн олговрыг байгаль орчныхоо зардлаас өгөхөөр тооцоод байгаа.

Нако түлш бэлдэхийн нүүрсийг өндөр температурт буюу 900-1100 хэмд боловсруулж, хорт бодисуудыг ялгачихдаг

 

Хүн болгон л халаасаа уудалж, түлш авна. Ингэхдээ түүхий нүүрс авч түлээд утаа, угаар үйлдвэрлээд байгаа нь эдийн засагт ч, эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байгаа учраас бид ердийн түүхий нүүрсний үнийн төвшинд нако түлшний үнийг барих хэрэгтэй. Нэг ёсондоо ингэж хүмүүстээ хэрэглээгээ бий болгож эхлэх хэрэгтэй. Нако түлш сайн гэдгийг л иргэдийнхээ толгойд суулгах гээд байгаа юм. Хэрэглээ нэмэгдэх тусам жил бүр үр дүнгээ өгөөд явна гэж бодож байна. Энэ түлш ирснээр түүхий нүүрсний үнэ унаж байгаа.

Үнэндээ манай Эрдэнэт чинь өөрөө газар нутаг багатай учраас мод олддоггүй, Булган аймгаас авдаг. Булган аймгийнхан болохоор нөхөрлөлүүдээрээ бэлдүүлнэ гэдэг. Нөхөрлөлүүд нь бэлтгэхээрээ хангалтгүй, өндөр үнэтэй бэлтгэдэг. Тэгээд ч ер нь байгаль руугаа, мод руугаа хөрөө, сүх бариад ороод байх нь хэр зохистой ч юм. Монгол Улсын ойн баялгийн сан хэд билээ. Тийм учраас бид арай өөр төвшинд түлшин дээрээ ажиллая гэдэг бодолтой байгаа юм. 

-Утааны асуудлыг шийдэх өөр нэг арга нь гэр хорооллыг орон сууцжуулах явдал. Сая Эрдэнэтэд түрээсийн орон сууц хөтөлбөр амжилттай хэрэгжиж, нэлээд олон айл орон сууцанд орсон байсан. Бусдыг нь орон сууцжуулах боломж бий юу?

-Ер нь боломж бүхнийг гаргана. Боломж хэзээд байдаг. Боломжийг гаргахгүй байх нь тухайн хүний л асуудал. Нэг ёсондоо сэтгэлийн асуудал л байхгүй юу даа. Би төрийн албаныхандаа "Төрийн албанд мэдлэг, туршлага, дадлага, чадвар гэхээсээ илүүтэйгээр сэтгэл дутдаг юм шүү нөхөд минь.

Сэтгэлтэй байж төрийн ажлыг явуулах ёстой. Тийм учраас та бүхэн энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй” гэж байнга хэлдэг. Саяхан манайх түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Нийтдээ 450 гаруй хүний өргөдөл ирснийг сугалаагаар зохицуулж, хүмүүсийг байранд нь оруулсан. Цаашид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллана.

Сэтгэлтэй байж төрийн ажлыг явуулах ёстой.

 

Мөн гэр хорооллын утаатай холбоотой авч хэрэгжүүлж байгаа нэг ажил бол цэвэр усны шугам татах төсөл. Одоогоор цэвэр усны зургаан худгаас шугам татаад гудамжны үзүүрүүдэд оччихсон айл өрхүүд рүү ороогүй байгаа. Тэгэхээр энэ төслийг хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банкинд саналаа тавьчихсан байгаа. Мэдээж төслийн үр дүн хүний амьдралд хүрсэн байх ёстой. Тийм учраас тэр гудамжны үзүүрүүд дээр ирсэн шугамыг татаад өгчихье. Тэгээд айлууд холбох асуудлыг урт хугацааны бага хүүтэй зээлээр шийдэж өгөөч гэдэг санал тавьчихаад байгаа.

Хэрвээ үүнийг хийж чадвал тодорхой хэмжээний үр дүн гарна. Цэвэр усаа оруулаад авчихвал халаалтаа өөр байдлаар шийдэх боломж бололцоо олгоно. Нөгөө талаар хөрсний бохирдлын асуудал үгүй болно. Утааны асуудал дээр ч гэсэн үр дүн гарна гэж бодож байна. Үүний зэрэгцээ бид бохирын болон дулааны асуудлыг шийдэх талаар БНСУ-тай ярьж байгаа зүйлүүд бий.

Бид саяхан БНСУ-ын Шихэн хоттой найрамдалт харилцаа тогтоох, эрүүл мэнд, боловсрол, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцож, хотын удирдлагуудтай уулзаад ирсэн.
 
Тэнд Аж үйлдвэр технологийн их сургууль гээд 7,200 оюутантай том их сургууль байсан. Тэр сургуулийн тоноглолууд бүрэн хангагдсан. Төгссөн хүмүүс нь компанидаа ажилд ордог. 17 мянган аж ахуйн нэгжтэй хамтарч ажилладаг юм билээ. Миний түрүүний хэлсэн шинжлэх ухаан технологийн паркийн загвар яг тэнд байсан. Тэнд нэг бүтээгдэхүүн хийж байгаад, илүү сайжруулах гэсэн юм гээд захиалгаа өгдөг. Нөхдүүд ч сайжруулаад өгдөг. Тэгээд л мөнгө аваад сууж байх жишээтэй.

Тэр нь дотоодын болон гадаадын зах зээлд гараад явж байдаг. Нөгөө шинжлэх ухаан технологийн парк чинь л энэ байхгүй юу. Тэгэхээр энэ чиглэлээр бид Шихэн хоттой хамтарч ажиллана.

Хоёрдугаарт, гэр хороололд дахин төлөвлөлт хийх тал дээр Солонгосын талаас нэг санал тавьсан. Тодруулбал, нэг гудамжинд авсаархан байр барья. Бүх зардлаа өөрсдөө гаргая гэж байгаа юм. Тэгээд нэг гудамжны айлууд буюу 15-20 айлыг нэг байраар хангах төслийг ярилцаж байна. Одоо нэгдүгээр сард өөрсдөө ирж уулзаж, ярилцах юм.

Хэрвээ энэ асуудлууд эхлээд явчих юм бол гэр хорооллын айл өрхүүдтэй холбоотой олон асуудал дээр дэвшил гарна. Мэдээж утаа, униар, хөрсний бохирдол гээд олон зүйл багасаад хүмүүсийн ажиллаж, амьдрах нөхцөл бололцоо сайжраад ирэхээр аяндаа хүмүүсийн сэтгэлгээ ч өөрчлөгдөнө. Ийм тодорхой зорилтууд тавиад ажиллаж байна. Боломж, бололцоо ч гарна гэж бодож байна. Одоо бид 1а хорооллыг ашиглалтад оруулах гэж байна.

Энд нийт 1,320 айлын орон сууц ашиглалтад орох ёстой. Хөрөнгө санхүүжилт нь дуусчихсан, инженер, техникийн хөрөнгийн асуудал зогсчихсон байсныг Ерөнхий сайд өнгөрсөн сард манайд айлчлахдаа ямар нэгэн байдлаар шийднэ гэж амласан. Ерөнхийдөө улсын төсөвт суулгалгүй, концессын гэрээний хэлбэрээр 6.2 тэрбум төгрөгийн асуудал шийдэгдэх байх. 

-Харьцангуй бусад аймгийг бодох юм бол Орхон аймаг сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ тийм ч дутмаг биш байх. Ерөнхийдөө байдал ямар байгаа вэ?

-Энэ бол мөнхийн сэдэв болсон зүйл шүү дээ. Манайд одоохондоо гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль бараг байхгүй. Ганц нэг л газар байгаа байх. Цэцэрлэгийн асуудал бол нэлээд тулгамдаж байгаа. Ирэх оны төсөв дээр нэг цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Концессоор гурван цэцэрлэг барих асуудал БСШУСЯ дээр яригдаж байна.

Бид цаашид баг болгоныг цэцэрлэгтэй болгох бодлого барьж ажиллана. Мэдээж бид Орон нутгийн хөгжлийн сангийнхаа хөрөнгөөр хийх ажил дээр 30 гаруй мянган хүнээс давхардсан байдлаар санал авсан. Тэр саналаа эрэмбэлж байгаад бид асуудалдаа хандаад явж байгаа юм. Ирэх оны төсөв дээр гэр хороолол руугаа инженерийн шугам сүлжээ татахаар 1.6 тэрбум төгрөг тавьсан байгаа. 

-Боловсрол, эрүүл мэндийн салбар аль ч газарт чухалд тооцогддог. Ер нь эрүүл мэндийн салбарын хувьд ямархуу байдалтай байна вэ? 

-Манай энд чинь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв байдаг. Үнэндээ том нэртэй л болохоос биш чадамж, техникийн хувьд муу байгаа. Угтаа бол бүсийн хэмжээнд үйлчлэх ёстой атлаа компьютер томографийн аппарат байхгүй, рентген аппарат нь эвдэрчихсэн, ашиглалтын хугацаа нь дуусчихсан, ийм л нөхцөл байдалтай байна. Энэ чинь босоо удирдлагатай байгууллага учраас яамнаасаа шийдүүлээд явах ёстой.

Тэгэхдээ бид шат шатанд нь хөөцөлдөж байгаа. Ямар ч байсан энэ асуудлуудыг шийдэх учиртай. Бид дотоод асуудлуудтай нь танилцсан. Ингээд нярайн тасагт хэрэгтэй тоног төхөөрөмжүүдийг тавьж өгсөн.

Сүүлийн үед төрөлт ихэсч байна. Гэтэл эмч нар төрөлт рүүгээ анхаарч байх хойгуур төрөлтийн өмнөх болон дараах хүмүүст асуудал үүсэх байдал мэр сэр гарч байгаа. Орон зайн хувьд ч гэдэг юм уу, цаг хугацааны хувьд шүү дээ.

Тиймээс тэр байдлыг уялдаатай болгохын тулд төрөх тасгийг камержуулсан. Төрөхийн өмнөх болон төрсний дараах тасагт хэвтэж буй ээжүүд, төрөлт явагдаж буй өрөөг камержуулсан. Мөн тусламж хэрэгтэй эхчүүд товчлуур дараад л эмч, сувилагчийг дуудах боломжтой болгосон.

...манайд жилд 20 орчим хүүхэд дутуу төрдөг гэсэн тоо байдаг. Дутуу төрсөн хүүхдийг амьдруулах гол зүйл нь уушги тэлэх тариа.

 

Хоёрдугаарт, манайд жилд 20 орчим хүүхэд дутуу төрдөг гэсэн тоо байдаг. Дутуу төрсөн хүүхдийг амьдруулах гол зүйл нь уушги тэлэх тариа. Тэр уушги тэлэх тариаг бид авч өгсөн.

Одоо ирэх оны төсөвт 35 сая төгрөг тусгасан. Энэ тариа байснаараа тухайн хүүхдийн амьдрах нөхцөл шууд 90 хувь хангагддаг гэж байгаа юм. Тэр бүгдэд бид 24 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Ирэх онд эмнэлгийн асуудал дээр засвар үйлчилгээ, эм тариатай холбоотой асуудлууд дээр нэлээд анхаарна. Ерөнхийдөө бидний анхаарах хамгийн гол зүйл бол эрүүл мэнд, боловсрол шүү дээ.

-Камер ярьсных Эрдэнэт чинь ерөнхийдөө л гудамж, талбай гээд бүхий л газартаа камерын системийг бүрэн нэвтрүүлсэн газар байна билээ. Үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн гаралт ч багассан гэж байсан санагдана

-Өмнө нь камержуулалтын ажил явагдсан. Одоо ашиглалтад байгаа камерны 80 хувь нь л байна. Зарим нь эвдрэлтэй, зарим газруудад байршлуудаа буруу сонгосон, түүнээс болж үзэгдэх орчин нь хязгаарлагдсан гэх мэтчилэн эргэж харах зүйл байна. Тиймээс засвар үйлчилгээн дээр бид 20 гаруй сая төгрөг тавьсан.

Засвар үйлчилгээ ерөнхийдөө хийгдчих байх. Манай төрийн үйлчилгээний нэгдсэн байр баригдаад дуусч байна. Тэнд бид камерын системийн хяналтын төвийг байгуулна. Ерөнхийдөө цагдаа, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, нийтийн тээвэр гээд нэг дороос бүгдийг нь хянах боломжтой болно гэсэн үг.

Тэгэхээр түргэний тэрэг, нийтийн тээвэр хаана явж байна, яг үйлчилгээндээ явж байна уу, үгүй юу гэдгийг хянах боломжтой болно. Би Шихэн хотод очоод харж байсан. Тэнд Аюулгүй ажиллагааны төв гэж байгуулсан байсан. Ерөөсөө тийм байдлаар л тохижуулах гээд ярьж байгаа.

Тус төвөөс хотынхоо 440 мянган хүнийг өдөрт 1-2 удаа хараад, бүх зүйлүүдээ хяначихдаг юм билээ. Тэгэхээр камержуулалттай холбоотой дутуу зүйл байгаа бол бүгдийг нь базаад нэгдсэн байдлаар шийдье гэдэг санаатай байна. Ингэж чадвал гэмт хэргийн гаралт, онцгой байдлын асуудал, нийтийн тээврийн хэл амны асуудал, түргэний асуудал гээд бүх асуудлыг нэг дор шийдэх боломжтой болно.

Гэхдээ манайх нэг л газар байрлачихсан учраас хүртээмжийн хувьд нь муу байдаг л даа. Түргэн тусламж гэхэд л ганцхан газар байдаг. Парк шинэчлэлт нь тааруухан. Тэгэхээр бид Эрүүл мэндийн яаманд энэ асуудлыг тавьсан. "Хэдэн орон тоо батлаад өгчихөөч, бид хөрөнгө оруулалтын асуудлыг нь шийдчихье” гээд.

Тэгвэл гэр хорооллын төв байгуулна. Мөн өөр алслагдсан газруудад төв байгуулаад өгчихье. Тэр харьяалалдаа машин тэрэгтэйгээ үйлчлэх боломжтой байхаар ярьж байгаа. Энэ асуудал дээр Эрүүл мэндийн газрын дарга төсөл боловсруулж байгаа.

Ер нь л аль болох төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахын төлөө бид ажиллана. Тэгэхдээ 50, 50 хувийн оролцоотой байх хэрэгтэй. Tөp нь үйлчилдэг, иргэд нь ч идэвхтэй байх хэрэгтэй. Түүнээс биш бүх зүйлийг л төрийн байгууллага хийх ёстой гэсэн өрөөсгөл ойлголттой байж болохгүй. Гэхдээ би албан хаагчдадаа ширээнийхээ ардаас босоод, гудамжинд очиж ажилла. Тэнд ард иргэд ямар байгааг очиж мэд гэдэг. Би өөрөө ч бас байн байн гадуур яваад асуудлуудтайгаа очоод танилцчихдаг.

-Тун удахгүй хуучин он улирч, шинэ он айлчлан ирэх гэж байна. Энэ цаг мөчид Эрдэнэтчүүддээ хандаж та юу хэлэх вэ?

-Юуны өмнө нийт Эрдэнэтчүүддээ гарч буй шинэ оны баярын мэндийг хүргэе. Мэдээж 2016 он та бүхний хувьд амжилт бүтээлээр дүүрэн, сайхан он жил болж өнгөрсөн гэдэгт би итгэл дүүрэн байна.

Эрдэнэт хотын хувьд ч, Орхон аймгийн хувьд ч амжилт бүтээл арвин байсан. 40 жилийн түүхийг бүтээсэн, бүтээн байгуулалтад оролцож, хувь нэмрээ оруулж явсан, Зууны манлай бүтээн байгуулалт "Эрдэнэт” үйлдвэрийг байгуулсан эрхэм хүмүүсийн гавьяаг үнэлж, Эрдэнэт хотыг маань Сүхбаатарын одонгоор шагнасан. Өнгөрч буй 2016 онд УИХ болон аймаг, нийслэлийн сонгууль болж МАН үнэмлэхүй ялалт байгуулж, үйл ажиллагаагаа төлөвшүүлээд ажиллаад явж байна.

Энэ мэтчилэн аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн болгон өөрсдийнхөө зорилгыг биелүүлсэн сайхан жил болсон гэж бодож байна. Ирж буй 2017 онд ч хүн бүр санаснаа биелүүлж, зорилгодоо хүрэхийг чармайсан сайхан он болно гэж бодож байна. Ер нь хүн мөрөөдөх хэрэгтэй. Тэр мөрөөдлөө биелүүлсэн сайхан жил болох болтугай гэж хүсч байна. Эрдэнэтчүүдийн хувьд та бүхний хувьд 2017 он таных байх болтугай хэмээн ерөөе.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top