|

"Нийслэлд шилжин ирсэн иргэдийн тоо орон нутаг руу шилжсэн иргэдийн тооноос БАГА байна"

saikhnaa 2017/01/09 541 0

"Нийслэлд шилжин ирсэн иргэдийн тоо орон нутаг руу шилжсэн иргэдийн тооноос БАГА байна"

 

Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас

 

 2016 онд хийсэн үйл ажиллагааныхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар Улсын бүртгэлийн хууль болон бусад холбогдох багц хуулиудын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд үйл ажиллагааныхаа үр дүнд ямар төрлийн үйлчилгээг хэнд, хэдэн хүнд үзүүлсэн тухай мэдээллийн сангуудыг үүсгэдэг байна.

МАНАЙ УЛСЫН НИЙТ ХҮН АМ 3,123,936 БОЛЖЭЭ

Иргэний бүртгэл мэдээллийн талаар ОӨУБЕГ-ын Тамгын Газрын дарга Б.Бадамцэцэг "2016 оны нэгдүгээр сарын 1-ний байлдаар Монгол Улсын нийт хүн ам 3,059,498 байжээ.

2016 оны туршид шинээр мэндэлсэн 77,762, Монгол Улсын харьяат болсон, сэргээсэн, мэдээллийн санд нөхөн бүртгүүлсэн 7,759, нас барсан 18,805, Монгол Улсын харьяанаас гарсан 2,278 иргэн бүртгэгдсэн.

Ингээд 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар манай улсын хүн ам 3,123,936 болсон байна. Энэхүү 3.1 сая иргэн биеийн давхцалгүй өгөгдөл буюу хурууны хээний баталгаатай тоон мэдээлэл байгаа.

Нийт хүн амын нас хүйсийн харьцааг тодорхойлох боломжтой бөгөөд манай мэдээллийн санд үндэслэн хүйсийн харьцааг авч үзвэл 49.5 болон 50.5 байна.

Энэ нь нийт хүн амын 1,547,286 нь эрэгтэйчүүд 1,576,650 нь эмэгтэйчүүд буюу эрэгтэйчүүдийн тоо арай бага байгааг харуулж байна” гэлээ.

Мөн албаныхны өгсөн мэдээллээр 2016 оны жилийн эцсийн байдлаар гэрлэлтээ бүртгүүлсэн 17,118 гэр бүл, гэрлэлтээ цуцлуулсан 4,159 гэр бүл бүртгэгджээ.

Шинэ гэрлэлтийн 87 хувь нь анхны бүртгэл, 13 хувь нь дахин гэрлэсний бүртгэл байна. Гэрлэж байгаа иргэдийн 35 хувийг 18-24 насны, 50 хувийг 25-34 насныхан эзэлж байна.

18-24 насандаа гэрлэж байгаа иргэдийг эмэгтэйчүүд давамгайлсан, 25-34 насандаа гэрлэж байгаа иргэдийг эрэгтэйчүүд давамгайлсан үзүүлэлттэй байна. Үүнийг доорх тоон үзүүлэлтээр харууллаа.

Гэрлэлтийн байдал

Харин 2016 онд нийт 245,009 иргэн иргэний үнэмлэх авчээ. Үүнээс 20 хувь нь иргэний үнэмлэхээ шинээр авсан буюу 49,706, 45 хувь буюу 111,403 иргэн  хугацаа нь дууссан үнэмлэхээ дахин солиулсан байна.

Үлдсэн 35 хувь буюу 83,900 нь хаяж үрэгдүүлээд дахин авсан үнэмлэх бүртгэлтэй байна.

Иргэний үнэмлэх олголт

"НИЙСЛЭЛД ШИЛЖИН ИРСЭН ИРГЭДИЙН ТОО ОРОН НУТАГ РУУ ШИЛЖСЭН ИРГЭДИЙН ТООНООС БАГА БАЙНА"

Шилжилт хөдөлгөөн болон гадаад паспортын талаар ОӨУБЕГ-ын Иргэний Бүртгэлийн Газрын дарга Д.Энхцэцэг "Монгол Улсын хүн ам нэгдүгээрт төрөлтөөр, хоёрудгаарт Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар гадаадын иргэн Монгол Улсын иргэн болсноор өсдөг.

2016 оны байдлаар нийт 77,000 орчим хүүхэд шинээр мэндэлж, таван иргэн Монгол Улсын иргэн болсон байна. Үүнээс иргэний харьяаллаа сэргээсэн гурав, шинээр иргэн болсон хоёр иргэн бүртгэгдсэн.

 

Шилжилт хөдөлгөөний хувьд өмнөх дөрвөн жилтэй харьцуулахад төдийлөн өсөөгүй.

Сонирхолтой тоо хэлэхэд 2016 онд нийслэл хотод шилжиж байгаа иргэдийн тоо орон нутагт шилжиж байгаа иргэдийн тооноос тодорхой хэмжээгээр бага гэсэн тоо мэдээ гарсан байгаа.

2016 оноос үйлчилгээний гурван нэгдсэн төв буюу Дүнжингарав, Драгон, Мишээл салбаруудад шинээр гадаад паспорт захиалах ажил хийгдэж байна.

Үүнээс гадна нийслэлийн есөн дүүрэг дээр гадаад паспортын сунгалтыг хийж байгаа. Гадаад паспорт бүртгэл жилээс жилд нэмэгдэж байна.

Иргэд гадаадад зорчих, аялах ялангуяа визгүй зорчихоор болсонтой холбоотой ОХУ-д зорчих нь нэмэгдэж байна.

Тавдугаар сараас эхлэн гадаад паспортын үйлчилгээний ачаалал ихэсдэг. Иймээс иргэдэд анхааруулахад гадаад паспортын үйлчилгээг болж өгвөл нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд хийлгэвэл аль аль талдаа чирэгдэл багатай юм шүү гэж зөвлөмөөр байна” хэмээн тайларлалаа.

Г.ЦЭНД-АЮУШ, IKON.MN

Санал болгох

Сэтгэгдэл

top