Монголын анхны хувийн компаниудын нэг, "Голомт” банк болон "Бодь” групп үндэсний шилдэг аж ахуйн нэгж болтлоо мандан бадарч, олон улсад Монголын нэрийн хуудас болж байсан цаг саяхан. Харамсалтай нь өнгөрсөн оноос эхэлсэн тус компанитай холбоотой яригддаг байсан эргэлзээтэй олон асуудал үүсгэн байгуулагчид нь хөрөнгө, хувьцаагаа хуваан авцгааснаар олны анхааралд ил болоод байгаа билээ.
Монголын хамгийн том гэж хэлж болох үндэсний энэ компанитай холбоотой асуудал олон улсын хэмжээнд ч шуугиан тарьж эхэлжээ.
"Голомт” банк "Бодь” групптэй холбоотой асуудлаар "Bloomberg”-ийн сэтгүүлч Монголд ирж дараахь эрэн сурвалжилсан нийтлэл бэлтгэн хэвлүүлсэн нь олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаад байна. Тиймээс энэ нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Чингис хаан
"Голомт” банк нь
Монголын санхүүгийн тулгын чулуу юм. Төв байр нь Чингис Хааны талбайд,
Монголын Хөрөнгийн Бирж болон Хотын Захиргааны байрны дунд байрладаг.
Монгол улс даяар нийт 80 салбар, 1600 ажилтантай.
2000 – аад оны дунд
үеэс банкны үүсгэн байгуулагчид Голомт банкийг улам тэлэх, гадаадын
хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор олон улсын туршлагатай банкирийг
хайж эхэлсэн юм. Ингээд 2007 онд Английн иргэн, банкны салбарт 40 гаруй
жилийн туршлагатай, өмгөөлөгч Жон Финиганийг Гүйцэтгэх захирлын албан
тушаалд томилжээ. Жон Финиган нь Ойрхи Дорнодын Оманы Үндэсний банк
болон Катарын Үндэсний Групп зэрэг банкны Гүйцэтгэх захирлын албан
тушаалыг хашиж байсан юм.
2007 оны сүүлээр
Credit Suisse – ээс Голомт банкинд 10 сая ам.долларын хөрвөх чадвартай
зээлийг ердийн хүүгээр, таван жилийн дотор хувьцаагаа нээлттэй
арилжаалах урьдач нөхцөлтэйгээр олгосон. Credit Suisse хувьцаанд
хувиргасан зээлийн өгөөжийн дотоод хүүгийн түвшинг 20 хувь байна гэсэн
хүлээлттэй байсныг албаны хүн мэдээлжээ.
Эмиратын баялгийн сан
болох Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сан нь 2010 оны 6-р сард Голомт
банкинд мөн ижил нөхцөлтэйгээр 25 сая ам.долларын зээл олгосныг Голомт
банкны баримтуудаас харж болно.
Swiss МО – гийн хөрөнгө оруулалт
"Голомт” бусад
хөрөнгө оруулагчдыг татсаар л байв. Moody’s – ийн 2011 оны 11-р сарын
9-ний тайланд дурьдсанаар, 2011 онд Их Британид байрлалтай Швейцарийн
саятан Urs Schwarzenbach – ийн удирдлагад байдаг Swiss МО хөрөнгө
оруулалтын сан Голомт банкны 10.7 хувийг эзэмшихээр 20 сая ам.долларын
хөрөнгө оруулсан байна.
2012 онд Trafigura Beheer BV худалдааны компани Голомт банкны 5 хувийг худалдан авчээ.
Дээрх хоёр хөрөнгө оруулагчаас Голомт банкны толгой компани болох Бодь групп ХХК – д 55 сая ам.долларын зээл олгосон байна.
Банкны цахим хуудас
дахь мэдээллээс үзэхэд, 2012 оны сүүлээр нийт хөрөнгө 2.5 их наяд төгрөг
буюу 1.5 тэрбум ам.долларт хүрч, 2007 оныхоос даруй 4 дахин өссөн
бөгөөд өөрийн хөрөнгийн өгөөж 2010 онд 26.6% байсан байна.
Яг энэ үеэс өрийн асуудлууд илэрч эхэлсэн юм.
2012 оны 7-р сарын
9-нд Токиогийн Иточу корпораци Голомт банкийг 43 сая ам.доллартай тэнцэх
3.42 тэрбум иенийн 18 аккредитивыг төлөөгүйн улмаас Монголын шүүхэд
өгсөн байна. Энэ нь Голомт банкны 2011 оны 12-р сарын 31-ний байдлаарх
өөрийн хөрөнгийн 30% – тай нь тэнцэх хэмжээний мөнгөн дүн байв.
Эргэлзээтэй байдал:
2012 оны 10-р сар
хүртэл Жон Финиган болон хэд хэдэн ТУЗ – ийн гишүүд, банкны аудиторууд,
гадаадын хөрөнгө оруулагчид Иточу – тай холбоотой үүссэн асуудлын талаар
огт мэдээлэлгүй байсан талаар албаны 2 хүний ярианаас мэдэгдлээ.
Дубайд төвтэй FSI –
гийн удаа дараагийн шалгалтаар 2007, 2008 онд Голомт банк Монголын алт
олборлох үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авахад нь Иточу – тай
хэлэлцээр хийж, Иточу-д аккредитив нээсэн нь тодорхой болжээ.
FSI – гийн тайланд,
Жон Финиганийг Гүйцэтгэх захирал болсны дараа ТУЗ – ийн дарга болсон
Д.Баясгалан "хэвийн бус, эргэлзээтэй байдал үүсгэх” энэхүү аккредитивийн
үйл ажиллагааг удирдаж явуулсан гэжээ.
Иточугийн хэвлэлийн
төлөөлөгч Кацүхико Хошикавагаас уг зээлийн талаар мэдээлэл өгөхийг
хүсэхэд, тэдний цахим хуудас дахь нэрийг нь нууцалсан нэгэн Монголын
компанид хийсэн хяналт шалгалтын тайлангаас мэдээлэл авах боломжтой
хэмээсэн юм.
Улаанбаатар дахь
Иточу – гийн борлуулалтын менежер тус компанийн Монгол талтай нууцаар
тохиролцон, борлуулалтын гүйлгээ мэтээр нэр нь тодорхойгүй, компанийн
бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх "санхүүгийн дэмжлэг” үзүүлсэн тухай
2009 оны 1-р сарын 28-нд тус компанийн цахим хуудсанд мэдээлсэн байна.
Монгол дахь Иточу –
гийн ажилтнууд тээврийн бичиг баримт хуурамчаар үйлдэж, борлуулалтын
тайландаа бүртгэж байсан хэмээн Иточу мөн мэдэгдэж байсан юм.
Устгагдсан бичиг баримтууд
FSI – гийн хэлж
буйгаар, Иточу – гийн Улаанбаатар дахь ажилтан Голомт банкинд тус
компаниас тэрхүү аккредитивт баталгаа гаргаж өгнө хэмээн амлалт өгсөн
байна. Түүнчлэн, төлбөрийн даалгавар нь санхүүгийн бүртгэлийн хамт 2008
оны эцэс гэхэд устсан байсан төдийгүй Голомт банкны зээлийн хорооноос уг
аккредитивыг Монголын зээл олгогчид эрсдэлгүй гэж үзжээ.
Иточу – гийн сүүлийн
тайлангаас үзэхэд, компани наад зах нь таван жилийн хугацаанд жил бүр
худалдааны орлогын дүнгээ засварлаж, Монголын хэрэгтэй холбоотой 4,3
тэрбум иений зардлыг орлогоосоо хасахаар болсон байна. Ийнхүү Иточу
зээлээ төлүүлэхээр Голомт банк болон алт олборлох компани руу холбогдсон
хэмээн FSI мэдээлсэн юм.
Энэхүү төлөгдөөгүй
зээлийн асуудлаар Голомт банкны удирдлага болох Д.Баясгалан нь ТУЗ болон
бусад удирдлагуудад мэдэгдэлгүйгээр банк болон алт олборлох компанийг
төлөөлөн Иточу – тай 2009, 2010 онд хэлэлцсэн байна. Зогсонги байдалд
орсон зээлийн төлөлтийн асуудлаар гурван жилийн турш хэлэлцэж, улмаар
Иточу шүүхэд зарга мэдүүлжээ.
Эзгүй суудал
Финиган Иточу – гийн
шүүх хурлын асуудлыг 2012 оны 10-р сарын 9-ний ТУЗ – ийн хуралд
мэдэгдэхэд, Д.Баясгалан нь Иточу болон Голомт банкны хоорондын
аккредитивийн асуудлыг үгүйсгэсэн хэмээн ТУЗ – тэй ойр албаны 2 хүн
мэдээлсэн байна. Тэдний ярьж буйгаар, Финиган зээлийн төлөлтийн
асуудлаар Иточу – тай хэлэлцэж эхэлсэн бөгөөд уг асуудлыг Монголбанкинд
мэдэгджээ. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал тухайн үед Монгол
улс анх удаа олон улсад ам.долларын бондоо арилжих гэж байсантай
холбогдуулан, уг аккредитивын асуудлыг дэлгэхийг түр хойшлуулахыг хүссэн
байна.
Төв банкны Дэд
Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2012 оны 9-р сараас Төв банкны
Ерөнхийлөгч болсон Н.Золжаргал ярилцлагадаа, Төв банк Иточу – гийн шүүх
хэргийн талаар тухайн үед мэдэж байсан боловч уг асуудлыг хэлэлцэхээс
татгалзсанаа хэлж, банкны нууцлалыг онцлон дурдсан байна. Мөн тэрээр уг
асуудлыг дэлгэхийг түр хойшлуулах шийдвэр гаргасан эсэхдээ хариулт
өгөөгүй юм.
2012 оны 12-р сард
болсон ТУЗ – ийн хурлаар гадаадын хөрөнгө оруулагчид Д.Баясгаланг ТУЗ –
ийн даргын суудлаас огцруулах санал өгсөн бөгөөд түүний оронд Л.Болдын
дүү томилогдсон байна. Харин ТУЗ дэх эзгүй суудал Д.Баясгалангийн эхнэрт
шилжжээ. Банк 12-р сарын 14-нд хийсэн мэдэгдэлдээ, Финиган гэр бүлийн
шалтгааны улмаас гадагшаа явсан гэж дурджээ.
Үндэслэлгүйгээр ажлаас халсан тухай
Финиган өөрийг нь
банкнаас үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн Лондонгийн шүүхэд хандлаа.
Голомт банкны хуульч Б.Баяраагийн хэлж буйгаар, тус банк Финиганийг
гэмт хэргийн шинжтэй гүтгэлэг хийсэн хэмээн хэрэг үүсгэсэн байна.
Шинээр томилогдсон
ТУЗ 2012 оны санхүүгийн тайлант хугацааг дуусгаж, Ernst & Young
болон PricewaterhouseCoopers – ээр аудит хийлгэж, өөр олон асуудлууд
нуугдаж байсныг мөн илрүүлжээ.
PwC – ээс ТУЗ – д
тавьсан тайлангийн дагуу 2012 оны эхээр Голомт банк "Хүннү Айр” компаний
зээлд баталгаа гаргасан байна. Голомт банк тус компаний хоёр нисэх
онгоц худалдан авсан лизингд баталгаа гаргасан талаар E & Y болон
PwC нар тайландаа тэмдэглэжээ. Энэхүү баталгааг ТУЗ – ийн гишүүдэд
мэдэгдэлгүй гаргасан байна.
"Хүннү Айр” компаний
талаар албаны хүний мэдээлж буйгаар тухайн үед Д.Баясгалан нь тус
компанийн хувьцааны хяналтын багцыг эзэмшдэг байжээ.
"Сүйрүүлэх шинэ баримтууд”
Аудитын дүгнэлтэд,
банкны өр төлбөрт тусгагдаагүй эдгээр нуугдмал өрийн баталгаанууд нь
Голомт банкны Хүннү- д олгосон зээлийг хууль бус болгож байгаа бөгөөд
учир нь Монгол улсын хуулиар өөрийн хөрөнгийн 20 хувиас дээш хэмжээтэй
зээлийг хамааралтай компаниуддаа олгож болохгүй билээ. Аудиторууд бусад
компаниудад олгосон үүнтэй ижил зээлүүд ч байсныг мөн тэмдэглэжээ.
Хүннү компани
"Голомт” банктай холбоотой асуудлын талаар мэдээлэл өгөх боломжгүй
гэдгээ и-мэйлээр мэдэгдсэн бөгөөд Д.Баясгаланд хаягласан асуултуудад
Л.Болормаа хариулт өгөхдөө, агаарын тээврийн компанитай холбоотой
асуудалд тайлбар өгөөгүй билээ.
Ernst & Young
Mongolia Audit ХХК – ийг хариуцдаг Peter Markey и-мэйлээр хариулахдаа,
Голомт банк тус аудитын компаниар аудит хийлгэх хүсэлт гаргасан нь үнэн
бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж, үйлчлүүлэгчийн нууц
болохыг онцолсон байна.
2013 оны 3-р сард
Ernst & Young Mongolia нь шаардлагатай баримтууд дутуу, хамааралтай
компаниуддаа олгосон зээлээ нуусан зэрэг шалтгаанаар Голомт банкны 2012
оны үзүүлэлтэд аудит хийхээ зогсоожээ.
Тус банкны эдгээр
нуусан зээлүүдийг илрүүлснээр, 2008 оноос хойших санхүүгийн тайлангууд
дахь зарим үзүүлэлтүүд худал болох нь тодорхой болсон юм.
"Энэ бол банкны хувьд
аймшигтай үр дүнд хүргэж чадах шинэ баримтууд” хэмээн Голомт банкны ТУЗ
дэх Абу Дабигийн төлөөлөгч гишүүн Cutis 2013 оны 4-р сарын 15-нд ТУЗ
болон Төв банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд бичсэн мэдэгдэлдээ дурдан, тус
банкны менежментийн талаарх ноцтой асуудлуудыг хөндөн, Голомт банкны
ТУЗ – өөс огцрох хүсэлтээ гаргажээ.
Ажил саатав
PwC 2013 оны 6-р
сарын 28-нд ТУЗ-д танилцуулсан тайландаа, банкны баримтууд болон
и-мэйлүүдийг устгасан талаар нотолгоог олсноо мэдээлжээ. 2013 оны 8-р
сард PwC нь Голомт банкны зарим удирдлагууд тэднийг ажлаа хэвийн
явуулахад саад учруулж байгаа тул илүү нарийн судлахад ТУЗ – ийн
дэмжлэгийг хүссэн боловч ТУЗ PwC – ийн ажлыг зогсоосон байна.
PwC – ийн Улаанбаатар дахь төлөөлөгч Matthew Pottle үйлчлүүлэгчийнхээ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэжээ.
2013 оны 9-р сард
Голомт банк 2012 оны санхүүгийн үзүүлэлтдээ олон улсын хамгийн том
дөрвөн нягтлан бодох бүртгэлийн компаниудаар хийлгэсэн аудитын тайлангаа
танилцуулж чадаагүй нь Credit Suisse болон Абу Дабитай хийсэн гэрээгээ
ноцтой зөрчсөн үндэслэл болжээ.
Арбитрийн хүсэлт
2013 оны 10-р сарын
4-нд Credit Suisse Голомт банкнаас 10 сая ам.долларын зээлийг хүүгийн
хамтаар төлүүлэхээр арбитрт хандахаа мэдэгджээ. Credit Suisse – ээс 2013
оны 9-р сарын 11-нд Бодь групп болон Голомт банкинд илгээсэн
захидалдаа, Голомт банк нь тохиролцсон хугацаандаа хувьцааны арилжааг
гүйцэтгэж чадаагүйн улмаас Швейцарийн банкинд нийтдээ 22 сая гаруй
ам.долларын өртэй болохыг дурдсан байна.
Бодь группийн Хонг –
Конг дахь хуулийн зөвлөх David Norman & Co компанийн мэдэгдсэнээр,
Бодь Интернэйшнл Credit Suisse – д 10.05 сая ам.долларын зээлээ төлсөн
гэв. Credit Suisse өөрийн захидалдаа, энэ мөнгө нь хувьцааны анхдагч
арилжааг хийж чадаагүйн төлбөрийн нэг хэсэг гэжээ.
Харин 2013 оны 11-р
сарын 11-нд Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын сан нь Голомт банкнаас
гэрээгээ зөрчсөн тул хувьцааны анхдагч арилжааг хийж чадаагүйн нөхөн
төлбөр багтаад нийтдээ 36.2 сая ам.долларыг нэхэмжилж байгаагаа
мэдэгджээ.
Голомт банкны хуульч
Б.Баяраа хэлэхдээ, Абу Дабигийн маргааны хувьд тус сантай "банкны
зээлийн гэрээний заалтад байгаа зарим нөхцөлийн утга санаа болон үр дүн
дээр санал зөрөлдөж” байгаагаас цаашгүй асуудал гэжээ.
90 сая ам.доллар хайж байна
Албаны хүмүүсийн
мэдээлэл, зээлийн бичиг баримтуудаас үзэхэд Swiss – Mo болон Trafigura –
гаас "Бодь” группд олгосон зээл мөн л асуудалтай байна.
Trafigura – гийн
төлөөлөгч Victoria Dix, тус компани нь Голомт банктай холбоотой асуудлын
хувьд ямар нэгэн тайлбар хийхгүй гэж мэдэгджээ. Swiss – Mo – гийн дэд
ерөнхийлөгч Gerhard Harnischberg хөрөнгө оруулалтынхаа талаар мөн л
тайлбар хийхгүй гэв.
Гадаадын хөрөнгө
оруулагчид нийтдээ 90 сая ам.долларыг Бодь групп болон Голомт банкнаас
нэхэмжилж байгаа талаар ТУЗ – тэй ойрхон албаны хүмүүс хэлсэн бөгөөд энэ
нь Голомт банкны 2012 оны татварын дараах ашгаас 6 дахин их дүн юм.
Лондонд төвтэй BDO
International компанийн Монгол дахь компани Голомт банкинд аудит хийн,
2013 оны 11-р сарын 8-нд 2012 оны аудитлагдсан тайланг хүргэлээ. BDO –
гийн аудитийн дүгнэлтээр, Голомт банк нь өөрийн эсрэг гарсан маргааныг
зохицуулж, Иточу – д 1.2 сая ам.долларыг төлсөн гэсэн байна.
BDO нь банкны 2012
оны эхэн дэх санхүүгийн баримт бичгийг харах эрхгүй байсан учир 2012 оны
Голомт банкны ашгийг үнэн зөв гаргасан эсэхэд баталгаа өгч чадахгүй
гэжээ.
Улаанбаатар дахь BDO
Audit компанийн Гүйцэтгэх захирал Д.Алтансүх 2013 оны 1-р сарын 22-нд
өгсөн ярилцлагадаа, BDO нь өмнөх аудиторуудын ажлын баримт,
материалиудтай танилцах боломжгүй байсныг мөн дурджээ.
Бодь группийн хуваагдал
2013 оны 11-р сард
Moody’s болон Standard & Poor’s компаниуд мэдээлэл хангалтгүй учраас
Голомт банкинд үнэлгээ хийхээ зогсоосон билээ.
Харин 2013 оны 12-р
сард Л.Болдхуягийн хэлснээр, Бодь группийг үндэслэгч 3 – н гэр бүл
бизнесээ хуваан, Л.Болдын гэр бүл Бодь даатгалын компани, Улаанбаатар
дахь олон давхар бүхий барилга болон Сар Шинэ Интернэйшнл санхүүгийн
байгууллагыг авсан байна.
Д.Баясгалан, М.Зоригт
нар Бодь Интернэйшнл болон түүний охин компаниуд болох Голомт банк
зэргийг авч үлдсэн байна. Харин биет хөрөнгийн хэмжээ нь хэрхэн
хуваарилагдсан нь албан ёсоор зарлагдаагүй байгаа юм.
Энэхүү хуваагдал нь
Монгол улсын хөгжлийн банк 300 сая орчим ам.доллартай дүйцэхүйц иенийн
бондоо арилжаалсантай зэрэгцэн болж өнгөрсөн юм.
Төв банкны
Ерөнхийлөгч энэхүү бондын roadshow буюу танилцуулах өдөрлөгийн үеэр буюу
2013 оны 11-р сарын 20-нд Хонг – Конгод байхдаа өгсөн ярилцлагадаа,
Монголбанкны хувьд Голомт банкны 2012 оны аудитын тайлангийн үр дүнд
сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, "ТУЗ нь аудитыг хариуцан
хийлгүүлсэн. Одоо асуудал ТУЗ – ийн түвшинд шийдэгдлээ. Бүхий л зүйлүүд
ар араасаа шийдвэрлэгдэнэ гэж бодож байна. Банк зүгээр” гэж тэрээр
хэлжээ.
Энэхүү
нийтлэлийн талаар сурвалжлагчтай холбогдох бол Токио дахь Yuriy Humber –
гийн yhumber@bloomberg.net мэйл хаягаар холбоо барина уу.
Гадаад эх сурвалж BLOOMBERG
Нийтлэлийн талаар редактортой холбогдох бол Jason Rogers – тай jrogers73@bloomberg.net хаягаар;
Peter Langan – тай plangan@bloomberg.net хаягаар тус тус холбоо барина уу.