ЭХЛЭЛ. ОНОН МӨРӨН МОНГОЛЫН ТҮҮХИЙН АРТЕРИЙН СУДАС БОЛОХЫГ УЧИРЛАХ ИНҮ
Хүн төрөлхтний их түүх гол мөрний хөндийг даган үүсч хөгжсөн түүхтэй ажаам. Соёл иргэншлийг Хөх, Шар мөрний, Инд, Ганга, Хоёр мөрний хэмээн нэрлэдэг ажээ. Монголын эх түүх ч Онон, Хэрлэн, Туул, Орхон голын дээд, дунд, доод урсгалтай холбогдоно.
Ононы газар зүйн нэр нь Онон гол, харин түүхийн алдар нь Онон мөрөн юм. Онон голын үүслийг эрдэмтэн Б.Гүнчинсүрэн "Дөрөвдөгч галавын дээд үеийн Монгол орны эртний газар зүй” бүтээлдээ "Мөстлөг Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн нуруудын төв хэсгүүд дэх дөрөв дэх голомтод болсон. Эзлэх талбай нь 328-660 кв км бөгөөд Алтай, Хангай, Хэнтий бүс нь харьцангуй их талбайг эзэлж тогтсон нэр бүхий голуудыг өөртөө нэгтгэж байв.Голуудын урсац хэмжээ их хүчтэй байгаад плейстоцений төгсгөл голоцений эхэн үеэс Онон, Хэрлэн, Туул гэх мэт голуудын усны төвшин багассан” гэжээ. Онон гол ийнхүү үүсчээ. Амар мөрний эх Монголын Хан Хэнтийд байдгийг маргаантай гэж үзсээр байсан.
Харин Оросын геологич доктор В.Полеванов 2006 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн үд дунд туслагч нарынхаа хамт очиж тогтоосон юм. Амар мөрний эх нь умард өргөргийн 48°480' 769, өмнөд уртрагийн 109° 0' 774 дугаар солбицол дахь 1930 дугаар өндөрлөг Онон голын эх юм.
Амар мөрөн нь эхэндээ 859 км урт Онон гол, дундаа 560 км Шилк гол, тэгээд 2,824 км урт Амар мөрөн болон Номхон далайд цутгадгийг В.Полеванов тогтоов. Амар мөрөн нь 4273 км бөгөөд уртаараа дэлхийн 12 дахь нь ажээ. Онон голын ай савд 70 сая хүн амьдардаг гэсэн судалгаа ч буй. Амар мөрний их урсцыг бүрдүүлэгч нь Оросын талаас Ингода, Хятадын талаас Хар мөрөн юм.
НЭГ. ОНОН ГОЛЫН ШИМ МАНДЛЫН ҮНЭ ЦЭНЭ
Усны дөрвөн эрдэм
УСНЫ ХАЙРЛАХ ЭРДЭМ
УСНЫ ЗӨВ ЭРДЭМ
УСНЫ БААТАР ЭРДЭМ
УСНЫ МЭДЛЭГ ЭРДЭМ
Солонгосын уугуул гүн ухаан
Онон голын шим мандлын үнэ цэнийг рашаан эхтэй хувь тавилангаас эрэх ёстой. Ононгийн халуун рашаан 70-80 хэм халуун, рашааны найрлагад кали, натри, кальци, магни, хлорид, гидрокарбонат найран буй. Анагаах хүч нь төв базахын мэдрэлийн тогтолцоо, үе мөч, шар ус, шархыг анагаах увдистайг рашаан судлаачид тогтоосон.
Онон голын дээд урсгалын дагуу Тард, Гүн талхаа, Хужир нуга, Арангат, Сүүл толгойн хүчтэй рашаанууд байдаг. Онон голд 21 төрлийн загас буйгаас Амарын хилэм, Ононгийн тул алдартай бөгөөд хайрлан хамгаалалтай. Онон голын усанд Оросын эрдэмтэн В.А.Шуганова 30 гаруй жил судалж 1859 онд дэлхийд зарласан 150-200 жил насалдаг нялзаахай байдаг.
Энэ өвөрмөц сонин амьтан Онон голын усны ариун тунгалгийг мэдэрч, хянаж амьдардаг юм. Онон голын шим мандлын үнэ цэнийг Ононгийн шугуй, ургамал, чийглэг хөрс зэрэг олон зүйлээс харж үзэж болно. Онон голын эхнээс Амар мөрөн хүртэл шим мандлын бүхий л үнэт зүйлийг хадгалж байдаг нь байгалийн өвөрмөц тогтолцоо юм.
ХОЁР. ТҮҮХИЙН ҮНЭ ЦЭНЭ
Онон их мөрөн урссаар л...
Олон он он болсон байнам
Он он жилүүд урссаар л...
Онон их мөрөн болсон байнам
Данзангийн Нямсүрэн
Онон мөрөн Монголын эх түүхийг олон мянган жил урсгалдаа тээсээр XXI зуунтай золгов. Онон мөрний түүхийн үнэ цэнийг дараах байдлаар авч үзсүү.
1. Хятадын Тан улсын сударт Онон мөрний хавиар Шивэй аймаг нутаглаж байжээ гэжээ. Шивэй овогтныг Менгу буюу Мэнгули гэж нэрлэдэг аж. Энэ нь он цагийн хувьд нийтийн тооллын VII зуунд хамаарна.
2.
Монголын нэртэй түүхч Г.Сүхбаатар "Сяньби” зохиолдоо Таньшихуан Сяньби
аймгийн баруун гарын толгойлогч болжээ. Тоба нарын уугуул нутаг БНМАУ-ын
зүүн хойт хэсэг Онон голын орчим байжээ. Тоба нар Эргүнэ мөрнөөс Онон
гол хүртэл нүүдэллэн амьдарч байжээ хэмээн бичсэн.
3. Түүхч С.Бадамхатан "Чингис: Би энд нойрсоно” бүтээлдээ Тоба, Жужанууд Онон, Хэрлэн, Туул голын орчимд нутаглаж байв гэжээ.
4. Түүх судлаач Л.Гомбожав "Үгийн увидас” номдоо урианхай бөөгийн дуудлагад
Нигун гол нутагтай
Нэгэн тав онгонтой
Хан тэнгэрийн хөвгүүн
Хатан газрын эзэн хэмээн гардаг.
"Монголын нууц товчоо”-нд "Ноун хөүд ману нутуг хараюу" гэсэн хэллэг байдаг. Ноун гэж нуган гэсэн үг гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Нигун буюу Нуган гол гэдэг нь Хүү гол гэсэн утгатай.Монгол гэдэг нэр Мөнх гал (Г.Сүхбаатар, Н.Нагаанбуу, Т.Мандир), Онон гол Ононгийнхон- Онгон-Монгол гэсэн үгнээс үүсэлтэй гэж С.Жамсран, Ч.Эрдэнэ, С.Бадрал нар үзжээ. Онон гэдэг үг Монгол гэдэг аугаа их нэр үгтэй гарлын хувьд холбоотой аж.
5. Онон-Балж, Онон-Хурх, Онон-Эг, Онон-Барх, Онон-Живхээстэй, Онон-Хаслиг, Онон-Дуурлиг нэртэй газрууд нь түүх, археологийн биеэ даасан судлагдахуун билээ. Энэ нь иж бүрэн цогцолбор судалгаа хийхийг хүлээсээр байна. 2015 онд Түүх, археологийн хүрээлэн "0нон-2015” судалгаа хийсэн нь энэ их ажлын эхлэл болсон юм.
Тэд энэ газар ирээд судалгаа хийснээр Ононгийн ай савд байгаа хүн төрөлхтний хийгээд Монголын эртний улс, Хамаг Монгол, Их Монгол улсын үеийн түүхийг шинэ агуулгаар баяжуулж болно гэж үзэж буй.
6. Монголын түүхийн хөлгөн их туульс "Монголын нууц товчоо”-нд Онон мөрний нэр 32 удаа дурдагдан, олон үйл явдал болж өнгөрснийг чухал дурсгалтай юм. Үүнийг дурдваас, Ш.Чоймаа "Монголын нууц товчоо” эртний хэллэгээр, түгээмэл тайлбартай шинэ хөрвүүлэг номоос,
1.1 3-р бүлэг. Дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ Чоно ажгуу. Гэргий ану Хоо марал ажээ. Тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний тэргүүнээ Бурхан Халдунаа нутаглаж төрсөн Батачихан ажгуу.
2.2
57 Амбагай хаан Хадаан, Хотула хоёрыг нэрийдэж илгээснээр Хамаг
Монгол, тайчууд Ононы Хорхунаг Жубурт хурж Хотулыг хан болгов. Монголын
жаргалан дэвсэж хуримлан жаргах бүлгээ. Хотулыг хаан өргөөд Хорхунагийн
саглагар мод орчим Хавиргандаа
Хуурга болтол
Өвдгөндөө
Өлхөг болтол дэвсэв.
3.3 59 Татаарыг дагуулж ирсэн тэнд Өгэлүүн үжин жирэмсэн байсан Ононы Дэлүүн Болдогоо бүхүйд зөв тэнд Тэмүүжин (Чингис хаан) төржүхүй.
2.3 116 Тэмүүжин анх урьд анд бололцруун. Тэмүүжин арваннэгэн настай бүхүйд Жамуха гуралтуг ша Тэмүүжинээ өгч, Тэмүүжин чингилтүгт шагаар анд бололцож, анд хэмээгдсэн Ононы мөлсөнд (мөсөнд) шагалцахуйд тэнд анд хэмээлджээ.
4.2 202 Төдий эсгий туургат улсыг шударгатгаж, барс жил Ононы тэргүүнээ хурж, есөн хөлт цагаан туг байгуулаад Чингис (хаан) хан нэр тэнд өгөв.
Онон гол ийнхүү Монголын болон дэлхийн түүх бичлэгт гүнзгий мөрөө үлдээжээ. Лу "Алтан товч”, Саган сэцний "Эрдэнийн эрхи”, Ишбалдангийн "Эрдэнийн эрхи”, В.Инжинашийн "Хөх судар” зэрэг Монголын түүхийн сурвалж, Рашид Аддины "Шашдирын чуулган” зэрэг гадаадын түүхч, зохиогчдын бүтээлд Монголын түүхийн гэрч болон нэр дурдагджээ.
Хэдэн жилийн өмнө Хятад улсын түүхийн хүрээлэнгээс Чингис хааны тухай 70 мянган мэдээлэл дэлхийн мэдээллийн сүлжээнд байгаа гэж мэдээлж байсан. Одоо 100 мянга болсон. Энэ бүхэнд Онон мөрний нэр алдар дуурьсан буй. Онон, Хурхын хөндийд Рашаан хадны соёл гэж бие даасан том соёл буй.
Монголын нэрт түүхч Х.Пэрлээ Рашаан хадны соёлын олон жил судалж "Монголчуудын гарлын тамгаар тодорхойлох нь” нэртэй дорвитой бүтээл туурвисан билээ. Орчин үед судлан тогтоож саглагар мод тойрон бүждэг эртний соёл мөн Хорхунагийн саглагар модыг Чехийн Карлын их сургуулийн доктор Ж.Лувсандорж ахлагчтай шинжилгээний анги Биндэръяа хан уулын өвөр бие Хадан хошууны дор байсан гэж тогтоожээ. Батширээд суманд буриадын ёохор наадам хоёр удаа болов.
Эртний монголчуудын мод тойрон бужиглэн дуулж цэнгэдэг соёл ёохор бүжигт үлдсэн. Энэ уламжлалыг сэргээж олон ястны бүжгийг наадам болгож өргөжүүлэх учиртай. Монголчууд зөвхөн мод бус овоо, овоотой уул тойрон бүждэг соёл Оросын Усть-Ордын буриадуудад уламжлагдаж ирснийг дурдалтай.
ГУРАВ. ОНОН ГОЛЫН ШИМ МАНДЛЫГ ХАМГААЛАХ НЬ
Сүүлийн мод огглоод дуусах тэр л цагт
Сүүлийн гол бохирдоод ширгэх тэр л цагт
Сүүлийн загас хорвоод үхэх тэр л цагт
Мөнгө хоол, унд болдоггүйг ухаарна
Кри овгийн индиануудын эртний дуунаас
Гол мөрөн ширгэж хатаж, хуурай сайр болдог шалтгааныг хөрс судлаач эрдэмтэн Андрей Ривора нар тодорхойлохдоо цаг агаарын дулааралтай холбож үзжээ.
Онон голын шимт ертөнцийг эртний монголчууд эко системийн буюу шим мандал гэдэг ойлголтыг шимт ертөнц гэж ухаарч "Их Засаг” хуульдаа хамгаалах заалтуудыг тусгасан. Хамгаалах гэдэг нь Номхон далайг хамгаалах гэсэн өргөн агуулгыг багтаах болсон экологийн даяаршил хүчээ авч байгаа юм.
Онон голын Амар мөрөн хүртэл Онон-Шилка-Амарт том жижиг 400 гол мөрөн цутгадаг. Онон голын ус нь дорно дахины усны философиор "найман амт” (сэрүүн, хөнгөн, амтат, зөөлөн, тунгалаг, анхилуун, хоолойд амгалан) ариун усан билээ. Монголчууд бид Онон голын дээд, дунд, адаг урсгалыг цэвэр ариун байлгахыг хүн төрөлхтний өмнө хүлээдэг бөгөөд ирээдүйн он он жилүүдэд ч хүлээсээр байх болно.
Онон голын шимт ертөнцийн ариун байдалд юу заналхийлж байна вэ. 2009 оны байдлаар ашигт малтмалын хайгуулын 132, ашигт малтмалын 21 тусгай зөвшөөрөл олгогдож, зөвшөөрөл хүссэн 148 өргөдөл гаргасан байжээ.
Энэ бол алтанд шунагсдын хорхойг хөдөлгөж байдгийн гэрч юм. Хорхойссон баавгайн дүрд тоглож Ононгийн Гутайн даваанд Монголын ардчилсан төрийн анхны Ерөнхийлөгч П.Очирбат, залуу насны анд Д.Бямбасүрэн нар гуйсаар байгаад алтны уурхай байгуулж Онон голын шим мандалд аюул тарьсан. Энэ аюул урт нэртэй хуулийн ач буянаар түр зогссон боловч алтны шуналтнуудын Онон голыг устгах санаархал нь хэвээрээ байна.
Онон голын шим мандалд учирч байгаа нэгэн аюул нь усны багасалт юм. Судлаач, эрдэмтэн О.Намнандорж Онон, Хэрлэн, Туул гурван гол 1960-аад оны дунд үе хүртэл нуга, хөндий дүүртэл үерлэдэг байсан гэж судалгааны бүтээлдээ тэмдэглэсэн нь бий. Хэнтий аймгийн Батширээт сумын Гурван харуул нутаг 1955-1956 онд Онон үерлэж 30-45 хоног гатлах боломжгүй болж байсан түүхтэй.
Одоо Онон үерлээд үерлээд 10 хоног хаахаа больсон нь Онон голын ус, Онон голын эхэн урсгалд урсгалын гол горхины ус нь багасч ширгэж байгаатай холбоотой. Өнөөгийн зарим удирдагчдад гадагшаа урсгалтай гол мөрнийг яаж ч байсан яадаг юм бэ гэсэн шоовдорхон үзэл сэтгэлгээ байдаг. Гадагшаа урсгалтай голууд нь хүн төрөлхтний ирээдүйтэй холбогдоно гэдгийг ухамсарламаар байгаа юм.
ДӨРӨВ. АСУУДАЛ ДЭВШҮҮЛЭХ НЬ
Нэгэн зүйл. Онон голоос Амар мөрөн, Номхон далай хүртэл Онон-Ингода, Хар мөрний шим мандлын үнэт зүйлсийг хамгаалах бодлого, хөтөлбөрийг Монгол, Орос, Хятадын холбогдох байгууллага хамтарч боловсруулж хэрэгжүүлэх ажлыг Монголын холбогдох байгууллагууд санаачлан хийх.
Нэгэн зүйл. Онон мөрний эхэн, дунд, доод урсгал, Ингода, Хар мөрнийг хөндийг дагаж бий болсон түүх, соёлын үнэт зүйлсийг гурван улсын эрдэмтдийг оролцуулан судалж, Онон-Амар мөрний түүх, соёл хүн төрөлхтний өв болохыг судалгаагаар баталж, ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлэх их үйлсийг Монголын эрдэмтэд санаачлах. 2018 онд "Ононгоос Амар хүртэлх соёл-2018” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах.
Нэгэн зүйл. Монгол Улс хувьд Цонжин болдог-Хэрлэн-Бүрги эрэг-Хар зүрхний Хөх нуур-Рашаан хад-Онон, Хурхын бэлчир-Их Монгол Улсыг тунхагласан их төрийн голомт нутаг Биндэр-Монгол хатдын өргөө-Чингис хааны төрсөн нутаг Дадал-Нарт шүтээн, Хуст шүтээн-Чингисийн зам, Баян-Уул-Боорчийн уугуул нутаг-Чингис хот-Хэрлэнгийн Хөдөө аралын дурсгалын цогцолбор гэсэн аялал жуулчлалын маршрут гаргаж батлуулах, тохижуулах ажлыг шуурхай хийх. Монгол Улсын төр захиргааны байгууллагууд Дадал сумыг Чингис хааны дурсгалын төв болгох ажил эхлэх бодлого гаргаж байгааг дэмжиж байна.
Нэгэн зүйл. Онон голын дээд урсгалаас Амар мөрөн хүртэл усан аялал зохион байгуулах. Онон-Ингода-Хар мөрний эрэг дагуух ард түмний амьдралыг судлан сурталчлах ажлыг гурван улсын хамтарсан бодлогоор зохион байгуулах.
Нэгэн зүйл. Монгол, Орос, Хятад улсыг хамарсан Зүүн хойд Азийн эдийн засгийн хөгжлийн интеграцид "Онон голын эдийн засаг” нэрээр Монгол Улс идэвхтэй оролцох боломжийг хайж олох нь зүйтэй болов уу. Бид эх орныхоо хөгжлийг зөв замд оруулж хөгжлийн хурдыг хангая гэвээс дэлхийн хэмжээнд сэтгэж Монголынхоо хүрээнд эрчимтэй ажиллах цаг боллоо.
Бид сүүлийн 20 гаруй жил Чингис хааны дурсгалын цогцолбор байгуулна, байгуулахгүй гэж, Чингис хаан Ононгийн зүүн, баруун талд төрсөн тухай гэж түүхийн эрдэмтэд хоёр хуваагдаж маргалдаж их цаг алдсан. Дэлхийн мэдээллийн орон зайд Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн гэж бичигдэж яригдсаар байхад бид хэдхэн ном сонинд бичээд яах билээ. Биндэр суманд Их Монгол улсыг байгуулан тунхагласан аугаа түүхийг сануулах дурсгалын цогцолбор байгуулах шаардлага бий.
Монголын өнөөгийн улс төр, нийгмийн байдлыг ажиглахад "соёл иргэншилд хамгийн их хор хүргэдэг хүмүүс бол эрдэмтэн тэнэгүүд” гэсэн сонгодог зохиолч К.Чапекийн мэргэн үг санаанд орох юм даа. Монголчууд сэтгэл, оюунаа тогтоогоод Чингис хааны дурсгалын цогцолборыг байгуулж дэлхийн чихийг дэлдийлгэж, нүдийг нь хужирламаар байна. Бидний сэтгэл, оюун тогтсон цагт бүхнийг бүтээж чаддагийг аугаа түүх минь гэрчилнэ. Түүх асуудлыг хэлж өгдөг билээ. Монголын эх түүхийн артерийн судас Онон мөрөн хөгжлийг дуудан урссаар л, урссаар л...
Л.НЯМАА, ҮНДЭСТНИЙ ТОЙМ