"Шийдлийн Засгийн Газар"-т Ардын нам багтаж нэг телөөлөл нь Зам тээврийн яамыг эзэгнэнгүүт орон нутгийн тухайлбал Орхон аймгийн тээвэр, авто замтай холбогдсон нэгэн этгээд "Чоно борооноор..." гэдэгчлэн толгойгоо өндийлгөж, "Дарга болно, тамга атгаж талыг уул болгоно, уулыг тал болгоно" хэмээн ойворгонтож эхэлжээ.
Боловсон хүчний судалгаагүй эсвэл мэдээллийн хомс байдлаа нөхөлгүй бүр нүдээ аниад нэг намынх гээд цадигаа алдсан нөхрийн толгойг илээд тавьчихвал баларлаа гэсэн үг.
Орхон аймаг даяар тээвэр авто замын газрын улсын байцаагч Т.Ариунболд гээчийн яс чанарыг мэдцэпээ ингэж гасалцгааж байгаа юм. Мань хүн УМХГ-ын 085 тоот / индекс 062/ үнэмлэхээр 2008 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс тухайн оныхоо долдугаар сарын 15 хүртэл Зам тээвэр, аялал жуулчлалын яамны /хуучин нэрээр/ тээврийн үйлчилгээний төвийн Орхон аймаг дахь салбарт авто тээврийн хяналтын улсын байцаагчаар ажиллажээ.
Ердөө 4-хөн сар. Төлөвшил, зан авир нь тэсгээсэнгүй тус салбарын даргын 2008 оны долдугаар сарын 15-ны өдрийн 13 тоот тушаалаар "...улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн..." үндэслэлээр чөлөөлөгдөн эрхээ хасуулсан байна.
Нягтлангийнхаа өрөөнд хууль бусаар нэвтэрч оношилгооны дүгнэлтийн хуудсыг хулгайгаар хэвлэж ашигласан нь баригдсан хэрэг. Улсын байцаагчийн үнэмлэх тэмдэг нь хураагдсан бүр эрүүгийн хэрэгт татагдах ёстой байсан Т.Ариунболд ямар замаар эргээд Орхон аймгийн Тээвэр авто замын газрын нөмөр нөөлөгт очсон нь ойлгомжгүй.
Даварсаар даварсаар, хууль бус үйлдлээ зассангүй тээвэртэй холбогдсон жирийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагыг дарамталсаар, залилсаар 2014 онд аймгийн цагдаад шалгагдсан ч бас л үл мэдэгдэх замаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзуулж чаджээ. Азаар Орхон аймгийн прокурор Ж.Мөнхжаргал Т.Ариунболдод холбогдох матөриалыг дахин шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн байна.
Увайгүй, төрийн албан хаагчийн наад захын ёс зүйгүй энэ этгээд жолооч нараас дүгнэлт гаргуулахад 130.000 төгрөг, шугаманд оруулж өгнө хэмээн 1.000.000 төгрөг гэхчлэн удаа дараагийн үйлдлээр гэмт хэргийн шинжтэй цөөнгүй зөрчил гаргасныг нотлосон гомдлууд шийдвэрлэгдэхгүй удсаар...
Ажлаас нь түр ч болов чөлөөлж хэргийг нь шалгуулах гэсэн хүсэлтэй дарамтлуулсан иргэд хүлээсээр...Баримт нотолгоо дүүрэн, авир үйлдэл нь тод томруун ч "эрх бүхий байгууллагын шийдвэр хүлээж буй" гэдгээр хаацайлагдаж эцэстээ Зам тээврийн яамны харьяа Авто тээврийн үндэсний төвийн Орхон аймаг дахь салбарын даргын суудал руу шунаж хөөцөлдөж яваа Т.Ариунболдод холбогдох яам нь төрийн өмнөөс шийтгэл хүлээлгэж, шударга ёс тогтоох цаг нь болжээ.
С.Ренчинбат /АРДЧИЛАЛ/