|

Тэд ял эдэлж эхэллээ

saikhnaa 2017/04/27 621 0

Тэд ял эдэлж эхэллээ

С.Зориг агсныг хөнөөсөн гэх этгээдүүдийг хорих ангид нь шилжүүлжээ.

С.Зориг агсны амь насыг хэн хөнөөсөн бэ. 19 жилийн турш эргэлзээ, олон зуун таамаглал хөврүүлсэн энэ асуултад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд Монгол Улсын шүүх "хариулж”, гэмт этгээдүүдэд 24-25 жилийн хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх шийдвэр гаргасан. Гэсэн ч олон нийт уг шийдвэрт эргэлзэж, одоо ч "Энэ хүмүүс жинхэнэ алуурчин биш байх” хэмээж буй. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тэргүүтэй зарим хүн тэдэнд хамаарах хэргийг "Зохиомол, энэ хэргийг хаахын тулд хүмүүсийг хэлмэгдүүлж байна” хэмээн удаа дараа хэвлэлээр мэдэгдээд байгаа. Түүнчлэн ял сонсоод буй иргэдийн ар гэрийнхэн ч шүүхийн шийдвэрийг эрс эсэргүүцэж, С.Зориг агсныг амиа алдах үед Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хаана, юу хийж байсныг нотлон ярьцгаадаг. Өөрөөр хэлбэл, С.Зориг агсныг хөнөөсөн жинхэнэ этгээдүүдииг хууль, хяналтын байгууллагынхан олоогүй байгаа хэмээн олон нийт үзсээр байгаа билээ.

Гэсэн ч хоёр шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял сонссон тэднийг өнгөрсөн мягмар гаригийн шөнө ял эдлэх хорих ангиуд руу нь хүргэжээ. Өөрөөр хэлбэл, ШШГЕГ-аас давж заалдах шатны шүүхээс гаргасан ялын тогтоолыг биелүүлж, ялтнуудыг хорих ангиуд руу нь шилжүүлсэн гэсэн үг. Ялтнуудын зүгээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, энэ сарын 18-нд Дээд шатны шүүхэд шүүхийн шийдвэрийг дахин хянан хэлэлцэх хүсэлт гаргасан юм.

Тэднийг Дээд шүүхийн шүүх хурал болохоос өмнө хорих анги руу нь шилжүүлсэн талаар "Давж заалдах шатнаас гаргасан ялын тогтоолыг биелүүлж, ялтнуудыг чанга дэглэмтэй хорих анги руу нь хууль ёсны зүйл. Учир нь Дээд шүүхийн хурал нь хэргийг хянан хэлэлцэх хурал. Энэ хуралд яллагдагч нар байлцах шаарддагагүй байдаг учир ялын тогтоолыг биелүүлж болно. Харин ялтнууд болон ар гэрийнхэн Дээд шүүхийн биеэр оролцох гаргавал хуралд оролцох боломжтой” гэж эх сурвалж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, ялтнууд болоод ар гэрийнхнийх нь найдаж буй сүүлчийн боломж болох Дээд шүүхийн шүүх хурал тэднийг ялаа эдэлж эхэлснээс хойш болох нь. Энэ нь хэзээ болох нь товлогдоогүй байгаа Дээд шүүхийн шүүх хурлаас тэдний ялыг хөнгөрүүлэх, эсвэл ямар нэг өөрчлөлт, онцын зүйл хүлээх хэрэггүй гэдгийг шуудхан хэлж байгаа бололтой.

Үүнээс гадна уг хэргийг бодитой шийдвэрлэсэн эсэхэд эргэлзэх том шалтгаан бол уг хэргийн захиалагчийг ял сонсоод буй иргэдийн хэргээс тусгаарлан шалгаж байгаа гэх албаны хүний үг. С.Зориг агсныг хөнөөхийг захиалсан этгээд хэн гэгч болохыг хууль, хяналтын байгууллагынхан тогтоосон учраас хэргийг нь тусгаарласан гэсэн үг. Гэвч өнөөг хүртэл хэн захиалагч болох нь тодорхойгүй, энэ талаар албаны эх сурвалжууд мэдээлэл өгөхөөс татгалзсан хэвээр байгаа билээ. Зарим албаны эх сурвалж "Захиалагч гэж байхгүй. Ахуйн хүрээний аллага байсан. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө энэ хэргийг ямар нэг аргаар хаах ёстой гэсэн даалгавар ирсэн гэж хуулийнхан ярихыг сонссон” гэж буй. Зарим нь "Энэ хэрэгт өнгөрсөн 19 жилийн турш чимээгүй байсан, бүр яллагдагчаар татагдаж, жил шахам хугацаанд хоригдож байсан С.Зориг агсны гэргий Д.Булган, мөн 1998 онд С.Зориг агсны гэрт малгайгаа мартсан, өнгөрсөн оны есдүгээр сард энэ хэрэгт яллагдагчаар татагдаад удалгүй яллагдагч биш болсон Э.Бат-Үүл нарыг захиалагч нь байх магадлал өндөр” хэмээж буй. Гэвч өдгөө тэдний хэргийг хэрэгсэхгүй болсон хэмээн хаагаад, хоёр шатны шүүх хуралд аль нь ч оролцоогүй билээ. Шүүхээр шийдвэр нь гарсан ч өмнөхөөсөө олон эргэлзээ дагуулж буй С.Зориг агсны амь насыг хөнөөсөн байж болзошгүй хүмүүс ямартай ч ял эдлэж эхэллээ.

Б.ЭНХ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл

top