|

“Төр авлаа гээд, төр хариуцлага хүлээж байгаа нэртэй хариуцлагагүй байдлыг өөгшүүлдэг”

saikhnaa 2017/05/04 773 0

“Төр авлаа гээд, төр хариуцлага хүлээж байгаа нэртэй хариуцлагагүй байдлыг өөгшүүлдэг”

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймгийн Эрдэнэт хотод ажиллах үеэрээ иргэдтэй уулзаж, иргэдийн асуултад хариулсан байгаа. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн талаар хэлэхдээ  "Үйлдвэрийн хаягдал дээр ажиллана гэдэг "Зэс эрдэнийн хувь” компанийн санаачилга зөв. Монгол Улс уул уурхайн их баялагтай ч маш их зүйлийг хаядаг. Хаягдлаа яаж эргүүлж баялаг болгох вэ гэдэг дээр манайд бодлого дутуу явж ирсэн. Үүнийг бид шийдвэрлэх шаардлагатай болсон. Хүн өөрөөсөө гарч байгаа хаягдлыг хүртэл шийдэж чадаагүй байх юм бол тухайн нийгмийг иргэншсэн, хөгжилтэй нийгэм гэж бодох аргагүй. Энэ асуудал Улаанбаатарт бүр илүү яригдаж байгаа. Сүүлийн үед төв, суурин газруудад яригдаж байна. Хаягдлаа эргүүлж баялаг болгох аргууд байна. Энэ талаар гарч байгаа санаачилгуудыг ажил хэрэг болгох тал дээр дэмжих хэрэгтэй. "Зэс эрдэнийн сан”-г санаачилсан иргэдэд дэмжлэг үзүүлж, аль болох хамтарч, ойлголцож ажиллах ёстой. Хоёр жилийн хугацаанд үйлдвэр барихаар газар олгосон. Хоёр жилдээ үйлдвэр баригдалгүй хугацаа нь дуусаад, эрх нь хураагдсан. Эргээд энэ тухай ярих боломжтой гэж холбогдох хүмүүс ярьж байсан. Эрдэнэт үйлдвэр, энд байгаа хүмүүстэйгээ яриад асуудлыг ойрын хугацаанд шийдэж болох байх аа гэж бодож байна. Би үүнд анхаарч ажиллах болно. Асуудал шийдэгдээд, ажлын байр бий болоод, монголчууд хаягдлаа олон улсын стандартад нийцсэн байдлаар аюулгүй ашигладаг болчихвол  монголчуудад, эрдэнэтчүүдэд хэрэгтэй. Аль нэг зүйлийг улстөржүүлж, мушгих байдлаар хандаж болохгүй.

Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудалд сэтгэл зүрхээрээ хандаж ирсэн. Анх би дунд сургууль төгсөөд Эрдэнэт үйлдвэрт ажилд орж байсан юм. Цалинг сард 2 хувааж өгч байсан. Анх 180 төгрөгийн цалин аваад их баярлаж, гэртээ авч очиж байснаа сайн санаж байна. Миний ажлын гараа эхэлж байсан, анх ажилчны эгнээнд орж, гараа тосдож, ажилчны хувцас өмсч явсан газар маань Эрдэнэт. Тийм учраас Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал гарахад улс орны эрх ашиг, иргэдийнхээ эрх ашгийн үүднээс хандах байр суурийг барьж ирсэн. Надад өөр ямар нэг сонирхол байхгүй. Эрдэнэт үйлдвэр олон улсын стандартад нийцсэн удирдлагатай болох ёстой. Хэний, хаанахын өмч байна гэдэг гол нь биш. Удирдлага нь ямар зарчим барьж ажиллаж байна гэдэг л гол байдаг. Эрдэнэт үйлдвэрийн бүх орлого, зарлага, худалдан авалт шилэн болох ёстой. Үе үе аудит, хөндлөнгийн байгууллага орж шалгадаг байх ёстой. Одоо ямар нэг байдлаар 6100 хүн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Түүний цаана нэг гэр бүлийн 4-5 хүн байна. Ах дүүгээр нь авч үзвэл эрдэнэтчүүдийн бараг гуравны нэгийн хувь заяа шууд  Эрдэнэт үйлдвэртэй холбоотой. Хүний гаргаж байгаа шийдвэрт ямар сайн зүйл байна гэдгийг эхэлж хардаг зан суртахуунтай байх ёстой. Нийгмийн сайн сайхныг дэмжиж, хамтарч ажилладаг чиглэл рүү цаашид явах байх.

Эрдэнэтийн 51:49 хувийн асуудал гарч байхад би өнгөрсөн жил наадмын өмнө хэлж байсан. Энэ үйлдвэртэй холбогдож гарч байгаа асуудлууд нэгд, Монгол Улсын хууль тогтоомж, эрх ашигтай нийцэж шийдэгдэх ёстой. Хоёрт, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтэд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн эрх ашигтай нийцэж шийдэгдэх ёстой гэж хэлж байсан. Харамсалтай нь энэ улстөрчдийн ээлжит тоглолтоо хийдэг талбар болж хувирсан. Үүнээс хожиж байгаа зүйл байхгүй.

Хуулийн асуудал байвал хууль, хяналтын байгууллагаар шийдүүлэх хэрэгтэй. УИХ-ын түвшинд шийдэх шаардлагагүй. Мөнгө төгрөгийн эргэлзээ байгаа бол худалдаж авсан юм уу, оролцсон аж ахуйн нэгж л хариуцлага хүлээнэ. Төр авлаа гээд, төр хариуцлага хүлээж байгаа нэртэй хариуцлагагүй байдлыг өөхшүүлдэг. Энд хоёр нүд зэрэг нээлттэй байсан бол эрдэнэтчүүдэд хэрэгтэй байсан байх гэж боддог. Шахаа, хүний оролцоотой зүйлүүд шахагдах тийшээ явж байснаа сая эргээд төрийн мэдэлд ирлээ гэхэд эргээд цуглаж байгаа сурагтай байгаа юм. Тэр харамсалтай. 51:49 гэдэг асуудлаа монголчууд ярьж байгаад нэг тийш зөв шийдэж чадах байх гэж би хувьдаа бодож байгаа.

Төрд гуравны нэг нь, хувьд гуравны нэг нь, ард иргэдэд нээлттэй хувьцаагаар гуравны нэгийг гаргах замаар, хяналттайгаар Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг шийдвэл яасан юм бэ гэдэг саналаа ч би өмнө нь хэлж байсан. Ингэж явах боломж бий гэж би хувьдаа боддог. Энэ үйлдвэрийн цаашдын хувь заяаны талаар талаар зөвхөн төр биш, хувийн хэвшлийнхэн санаа зовдог, хамтарч хөрөнгө оруулдаг, хамтарч шинээр бизнес бий болдог, хамтарч хөрөнгө оруулалт нь иргэдэд ашигтай байдлаар шийдэгдэх юм бол зөв байсан байх. Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан удирдлагууд сэтгэлээ өгч сайн ажиллаж байсан гэж би боддог. Эмчилгээ, оношлогооны төв байгуулсныг зөв гэж боддог. Энэ бол Орхон аймагт үлдсэн их сайн хөрөнгө оруулалт гэж боддог. Анхдагчдаа хүндэтгэх, хамтарч ажиллах талаар Эрдэнэт их сайн ажилласан. Эрдэнэтийн өргөтгөлийг сайшааж, би нээлтэд нь ирж ажиллаж байсан.” хэмээн хэлж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top