Энэ сарын 6-ны өдөр буюу мягмар гарагт Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 22 настай Ж гэх бүсгүй өөрийн амьдардаг "Нарны хороолол” хотхоны 22 давхрын салхивчаар үсэрч амиа хорлосон хэрэг гарчээ. Одоогоор талийгаач яагаад амиа алдах болсон шалтгаан нь тодорхойгүй байгаа бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж мөрдөн байцаалтаар тодорхой болгох аж.
Ингээд энэ талаар ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн "Эмэгтэй хүн өндрөөс үсэрч амиа хорлосон гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс хэргийг шалгаж байна. Одоогоор энэ хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнээс тайлбар мэдүүлэг авсан. Талийгаачийн ямар компанид ямар ажил хийдэг байсныг мөн гэрийн хаягийг нь хэлж өгөх боломжгүй. Талийгаач өмнө нь буюу өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж байсан юм билээ.
Тэр гомдлыг нь одоогоор шалгаж байгаа. Гадуур гарсан мэдээллээр бол гомдлыг нь хэрэгсэхгүй болгож буцаасан гээд байгаа. Тийм зүйл байхгүй, шалгаж байгаа, Харин амиа хорлосон гэх асуудлыг нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Прокурорын байгууллагаас энэ хоёр хэргийг нь нэгтгэж шалгаж магадгүй. Одоогоор хэн нэгэнд дарамтлуулж зодуулж амиа хорлосон уу, эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шалгаж байна” гэлээ.
Ямартай ч талийгаач Ж 1995 онд төрсөн 22 настай бүсгүй аж. Талийгаачийн талаарх мэдээллийг анх Sanjsuren Jagaanaa Tuvshinjargal гэсэн фейсбүүк хаягтай хүн Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн группэд энэ хэргийн талаар нийтэлсэн юм. Тэрбээр "Энэ талаар эрэн сурвалжлах хийх хүн байна уу... Яг яахаа, хаана хандахаа, хэнд гомдохоо мэдэхгүй байна.
22 настай охины сүүлчийн хүсэл нь юу байсныг ч сонсож амжсангүй. Миний амжаагүй, түүндээ хийж өгөөгүй бүхэн юу ч биш. Тэр минь гэрлэж, ээж болж, үр ачаа харж чадсангүй. 22 давхар дээрээс хийсэн одож үлдэж хоцорсон ах дүү, найз нөхдийнхөө сэтгэл зүрхийг өмлөөд энэ хорвоогоос үүрд буцлаа.
Өөрөөсөө өндөр цонх өөд ганцхан харайгаад /өлмийнх нь мөр хананд үлджээ/ агаарын тамирчин шиг өөр ул мөргүйгээр үүрсэн цүнхтэйгээ нисчихлээ. Энгийн нэгэн амиа хорлолт болж харагдуулах бүхнийг хийсэн ч, хана зуурч тэмцсэн хумс хурууны ормыг мартсан бололтой. Маргааш тэр хананы сорви байхгүй ч байж мэднэ.
"Надад хууль үйлчлэхгүй, чи цагдаад өргөдөл өгөөд нэмэргүй” гэж суусан хормойн донтой "Coxa Мебель” ХХК -ийн захирлыг би хардаж байна. Үнэхээр түүнд хууль үйлчилдэггүй, хүний амь утас таслахын төдийд хийсэн оддог юм гэж үү. Өөрөөсөө өндөр цонхонд шууд харайж гараад уруугаа харж нисдэг тийм "хорлогч ” байдаггүйг мартсан бололтой.
Тавдугаар сарын З1-ний өдөр ажлын өрөөнд нь хүчирхийлэх гэж завдаж, түүнийг эсэргүүцэхэд нүдийг нь хөхөртөл зоджээ. Охиныг зодуулж байхад хамт ажилладаг хүн нь захирлынхаа савраас түүнийг минь "аварч’’ зугтаалгасан байх юм. Хөх нүдэн охин захирлыгаа цагдаад өгч, өргөдөл бичсэн байна. Харин өргөдөл нь алга болчихсон.
Баянгол дүүргийн цагдаад егсөн өргөдлөө өөрөө авсан байна гээд "хүчингийн хэргийг хоохойлсон” тэр өдөр эвий сайхан бүсгүй дүү минь хорвоог орхилоо. Алга болсон өргөдлөө дахин бичиж өгөөд аль нэг тийшээ санд мэнд дуудагдаад...16 давхарт гарчээ. 15 минутын дараа 22 давхраас. Хайран амь. Энэ хэрэг дээр энгийн амиа хорлолт шиг эсвэл объект нь байхгүй хүчингийн хэрэг шиг хандаад хаагдчихвал өөр олон охин ахиад л "хийсэн одох” биз ээ. Ум сайн амгалан болтугай” хэмээн бичсэн байв.
Ямартай ч эл эмэгтэйн бичсэнээр бол талийгаач бүсгүй хэн нэгэн этгээдийн дарамтаас болж амиа алдахад хүрчээ гэж харагдахаар байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН, С.УУЛ