Өнгөрсөн сарын 14-нд Лондоны Грийн фил цамхагт гал түймэр гарч, 80 орчим хүний амийг авч одсон нь дэлхий нийтийг цочирдуулсан.
Дэлхийн өндөр хөгжилтэй тус улсын том барилга хоромхон зуур түймэрт өртсөний дараа тус улсын мэргэжлийн байгууллагууд өндөр барилгуудыг шалгах ажлыг эхлүүлэв. Одоогоор үүнтэй адил гал гарах эрсдэлтэй таван барилгаас 800 айлыг зочид буудлуудад байрлуулаад байгаа аж. Юуны өмнө ханын дулаалгын материалыг шалгаж эхэлжээ. Учир нь сая гарсан галын шалтгаан нь ханын дулаалгын материал байсан юм.
Барилга байгууламжид галд тэсвэргүй, эрсдэл дагуулах материал ашиглахыг хориглосон
Энэ осол алс холын англид гарсан хэдий ч манайхтай маш их хамаатай сэдэв. Ингэхэд бид барилгын дулаалгаа ямар материалаар хийж байна вэ, тэдгээр нь галд тэсвэртэй байж чаддаг болов уу. Хариултыг олохын тулд зарим алба ны хүмүүстэй уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа. Харамсалтай нь тун ч базаахгүй дүр зураг харагдаж байна.
Сүүлийн 10 гаруй жил барилгын ослоор 100 гаруй хүн амиа алдсан гэх албан бус тоо бий. Барилгын ажил ид өрнөдөг дулааны улиралд осол, гэмтэл хэд дахин нэмэгддэг. Өндрөөс унаж бэртлээ, гал түймэр гарлаа гэх мэдээг бид өдөр тутам сонссоор байгаад дасал болох шинжтэй. Сүүлийн жилүүдэд манай оронд барилгын салбар хурдацтай хөгжиж байгаа. Өндөр шилэн барилгууд хотын төвөөр шил дараалан сүндэрлэж байгааг харахад бахархах сэтгэл төрнө. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан тоон үзүүлэлтээс харахад зөвхөн өнгөрсөн онд 663 барилга, байгууламж ашиглалтад орж, Улсын комисс хүлээн авчээ. Гэхдээ эдгээр барилга бүгд дотор, гадна дулаалгадаа хөөсөнцөр, шилэн хөвөн ашигласан гэж бодохоор гал гарах эрсдэл бидний эргэн тойронд отсоор байна гэх айдас өөрийн эрхгүй төрнө.
Эдгээр барилгын материал галд тэсвэртэй юу гэвэл үгүй. Харин хурдан, удаан шатдаг гэдгээрээ л ялгардаг аж. 100 айлд байрлах барилгын материалын зах дээр хөөсөнцөрийг багцаар нь буюу 5-7 ширхэгээр худалддаг. Нягтралаасаа шалтгаалаад 28- 85 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Харин хятад шилэн хөвөн 10 метр нь 14 мянга, Оросынх 17 метр нь 52 мянган төгрөгийн үнэтэй. Барилгын гадна фасад буюу дулаалга хийхэд их хэрэглэдэг тул эрэлттэй бараа болжээ. Уг нь шилэн хөвөн галд тэсвэртэй материал. Гэхдээ сүүлийн үед Хятадаас орж ирж буй хямд үнэтэй шилэн хөвөн галд амархан шатдаг болохыг худалдаачид хэлж байв. Харамсалтай нь иргэд үнэ хямдыг нь бодож өнөөх эрсдэлтэй шилэн хөвөнг авсаар байгаа аж. Хөөсөнцөрийн тухайд ч байдал ялгаагүй.
Хэдэн цаас хэмнэх гээд хямд материал сонгож, дараа нь үүнээсээ болж асар их хохирол амссан харамсалтай жишээ бидэнд өчнөөнөөрөө байна. Тухайлбал, өнгөрсөн жил Шангри-Ла зочид буудлын барилга, саяхан "Говь” ХК- ийн дээвэр шатсан зэргийг дурдаж болно. БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Занабазар энэ талаар "Барилга барихдаа галд тэсвэртэй зориулалтын материал ашиглах ёстой гэсэн дүрэм, журам, стандарт бий. Гэтэл үүнийг мөрдөж байгаа барилгын компани бараг алга. Шангри-Ла зочид буудал гэхэд барилгын материалаас болоод ашиглалтад ороогүй байхдаа галын аюулд өртсөн. Барилга байгууламжид галд тэсвэргүй, гал гарах эрсдэл дагуулах материал ашиглахыг хуулиар хориглосон. Хэрэв хориглосон материал ашигласан болон мэргэжлийн үйл ажиллагаа явуулаагүй, стандарт, дүрмийг мөрдөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцална” гэсэн юм.
Түүний хэлснээр Монголд барилга барихдаа ямар материал ашиглах тухай хууль, журам нь байна. Гэвч хяналт шалгалт сул байдгаас болоод энэхүү хууль бодит амьдрал дээр хэрэгжихгүй явсаар өдийг хүрчээ.
Уг нь дотоодын үйлдвэрүүд галд тэсвэртэй, нягтаршил сайтай хөөсөнцөр үйлдвэрлэдэг болсон. Гэвч үнэ хямдыг нь бодоод гал хүрсэн даруйд дүрэлзэн асдаг чанар муутай хөөсөнцөр сонгосоор. Хэрэв хөөсөнцөрийг дулаалгын материал болгон ашиглаж байгаа тохиолдолд чулуун хавтан, аль эсвэл галд тэсвэртэй материалаар бүрэх ёстой байдаг. Гэвч барилгын компаниуд өндөр өртөг гээд ийм гадар хийдэггүй болохыг учир мэдэх хүмүүс хэлж байлаа. Гарын 10 хуруунд багтах төдий хэдхэн компани л дүрэм журмын дагуу, галд тэсвэртэй материал хэрэглэж, аюулгүй байдлыг хангаж ажилладаг гэж тус салбарт үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанийн захирал Т хэлсэн юм.
Сүүлийн 10 гаруй жилд барилгын ослоор 100 гаруй хүн амиа алдсан албан бус тоо бий
Гадаадын бусад оронд мэргэжлийн байгууллагууд нь нэгдэж, иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хамтран ажиллаж чадаж байна. Хэрэв галд өртөх эрсдэл байгаа бол яаралтай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, эрсдэлийг бууруулахын төлөө хөдөлж эхэллээ. Гэтэл манайд шийдвэртэй арга хэмжээ авах нь сануулж, дуугарч байгаа хүн ч алга. Гаргасан хууль, журам нь амьдралд хэрэгждэггүй, барилгын компаниуд нь стандартаа мөрддөггүй ийм эмгэнэлт байдал хэр удаан үргэлжлэх бол. Гэтэл энэ хооронд барьсан хэдэн байшин маань эхнээсээ галын авулд өртөж байна. Дээд, доод шатны байгууллагууд үүнд анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ.
Комисс хүлээж авсан барилгууд бүх шаардлага хангасан
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Бум-Эрдэнээс барилгын аюулгүй байдлын талаар тодрууллаа.
-Улаанбаатар хотод хэчнээн барилга, байгууламж баригдаж байна вэ?
-Он гарснаас хойш нийт 201 барилга, байгууламжид шинээр барих болон барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоод байна. Харин зөвшөөрөл авахаар бүртгүүлсэн 81 компани бий.
-Энэ оны эхний хагас жилийн байдлаар Улсын комисс хэдэн барилга, байгууламж хүлээж авсан бэ?
-Энэ оны эхний таван сарын байдлаар 140 барилга ашиглалтад орж, үйл ажиллагаа нь эхлээд байна.
-Шинээр ашиглалтад оруулж буй барилгууд галд хэр тэсвэртэй байдаг вэ?
-Тухайн барилгыг Улсын комисс хүлээж авахдаа нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар болон Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, хангагч байгууллага, орон сууцны контортой хамтарч комис байгуулан ажилладаг. Ажиллах явцдаа тухайн барилгын зураг төсөл, чанарын шаардлага хангасан материал ашигласан, эсэхийг хянаж байж Улсын комисс хүлээж авдаг. Тиймээс комисс хүлээж авсан барилга, байгууламж бүх талын шаардлага хангасан гэсэн үг.
-Барилгын салбарт даатгалын тогтолцоо хэр хөгжсөн байдаг вэ?
-Барилга, байгууламжид зөвшөөрөл олгохдоо даатгалыг давхар хийж байгаа. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх даатгалын газар үүнд хамаарагдана. Харин олон улсад даатгуулсан барилга, байгууламж одоогоор алга байна.
-Улсын комисс хүлээж аваад, үйл ажиллагаа нь эхэлсэн зарим барилгад галын аюулгүйн гарц байдаггүй. Үүнд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Тухайн барилга зураг төсөл дээрээ л бүх зүйлийг буулгасан байдаг. Ялангуяа ослын шат заавал хийсэн байх шаардлагатай. Хэрэв ийм төрлийн зөрчил илэрсэн тохиолдолд заавал нөхөж хийлгэдэг. Улсын комисс хүлээж авахдаа бүх алдаа дутагдлыг арилгах үүрэг даалгавар өгч, эргээд түүнийгээ шалгаад шаардлагад нийцсэн тохиолдолд хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрөл олгоно.
Г.Оюунтөгс
Засгийн газрын мэдээ