|

Нүүрсээ хүрздэж зөөхийн зовлон

saikhnaa 2017/08/14 558 0

Нүүрсээ хүрздэж зөөхийн зовлон

Монголчууд баялгийн хараалаа хүртэж байгаа гээд хэлчихвэл хилсдүүлсэн болохгүй. Байгалийн баялагтай байлаа гээд түүнийхээ ашиглаж, үр ашгийг нь хүртэж чадахгүй байгаа улс хараагдахаас өөр яалтай. Энэ хараалын илрэл нь Тавантолгойгоос Ганц модны боомт хүртэл 160 км-т үргэлжлэх нүүрсний машины түгжрэл. Тавантолгойгоос Ганц модны боомт хүртэлх 250 км. Үүний 160 км-т нь нүүрсний машины очер дараалал үүсч, жолооч нар энэ зам дээр 10 гаруй хоног хонож байгаагаа ярьж байна. Дээхнэ дэлхийн хамгийн урт түгжрэл Монголын говьд үүссэн талаар гадны хэвлэлд бичиж байсан. Тэгвэл энэ удаа 250 км замыг хамгийн урт хугацаанд, удаан туулсан дээд амжилтыг мөн л монголчууд тогтоох нь.

 

Нүүрсний салбар гялайж гялтайх мэдээтэй байгаа. Энэ оны эхний хагаст 19.5 сая тонн нүүрс экспортолж, түүхэн амжилтаа тогтоогоод байгаа гэнэ. Орлого нь ч тав дахин нэмэгдэж. Үүний шалтгаан нь манай нүүрсний том хэрэглэгч болох Хятад улс дотоодын уурхайнуудынхаа ажиллах хоногийн танасан. Австралид том үеэр болж, 20 сая тонн нүүрс усанд живсэн, Хятад улс Хойд Солонгост нүүрсний хориг тавьсан зэргээр Монголын эдийн засагт гэгээ татуулсан мэдээнүүд бий. Харин энэ боломжийг Монгол Улс ашиглаж чадахгүй байна. Төмөр замгүйн зовлонгоо эдэлж, 250 км замд 10 хоног дугаарлаж байх хооронд дэлхийн нүүрсний зах зээлд бас нэг өөрчлөлт бий болж, Монголын говьд мандсан нар жаргахыг үгүйсгэх аргагүй. Хэрвээ манай улс төмөр замтай байсан бол нүүрсний экспорт, үнэ өссөн энэ боломжийг ашиглаж, элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээх байлаа. ОУВС болоод бусад хандивлагчдыг царай алдахгүйгээр эх орныхоо баялгаар иргэдээ тэжээгээд зогсохгүй, эдийн засгийн хөгжлөө хэд хэдэн шатаар ахиулах байв. Гэвч эрх баригчид нь олдсон багахан ашигт сэтгэл ханаж, их ажил хийсэн мэтээр хэнхэглэж сууна. Үнэндээ эдийн засаг сэргэж, нүүрсний ашиг нэмэгдсэнд эрх баригчдын оролцоо үгүй. Харин дэлхийн нүүрсний зах зээлийн өөрчлөлтийн хаялга. Энэ хаялгыг илүү их ашиг болгож, нүүрсний салбарын амбицаа дээшлүүлсэн бол эрх баригчдыг магтан дуулах байлаа. Гэтэл Тавантолгойгоос нүүрс ачсан машин 250 км замын 160-т нь түгжирч, 10 хонож байхад төрийн гавьяаг ярих шаардлагагүй.  Ядаж л Хятадын хилийн боомтод үүссэн асуудлыг зохицуулж, хүрздэж ачсан жаахан нүүрсээ хэл амгүй гарчихаж чадахгүй байна.

 

 

Монголыг улс төрийн тамын тогоондоо мунгинаж байх хооронд хоёр хөрш төмөр замын асуудлаа шийдэж, нүүрс нь ч хүрэх газраа саадгүй хүрч байна. Харин Монголын нүүрс авто зам дээр саатаж, ашиг хонжоо нь ар араасаа түгжирсэн машинууд шигээ саатаж буй. Энд улстөрчид буруутай. Тавантолгойн ам бүрт эзэн сууж, ашиг хүртэх сонирхолтой улстөрчдийн явцуу сонирхол, шуналаас үүдэж монголчууд эх орныхоо баялгаас хувь хүртэж чадахгүй байна. Төмөр замыг барихгүй гацаасан хүмүүсийн гайгаар 100 сая тонн нүүрс буюу 10 тэрбум ам.долларын экспортыг алдсан бодит үнэнг уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар ярьжээ. Улстөрчдийн гай өнөөдөр ч хор уршгаа учруулж байгаа. Хэрэв төмөр замтай байсан бол түүхэн байтугай амжилтыг тогтоож, нүүрсний экспортоороо Австралийг ардаа орхих боломж болоод нөөц бий. Орлого ч таваас илүүгээр яригдах байсан биз.

 

Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн сиймхийгээр гарсан үүлэн чөлөөний наранд баясч, мөнхийн мандаастай байна гэж найдвал дахиад л хамраараа газар хатгана. Яг л өмнийн говьд түгжирсэн том машинууд шиг эдийн засаг зогсолтод орно. Тэгэхээр төмөр замаа барьж, автомашинаар бус вагон вагонаар нь нүүрсээ гаргаж, баялгийн хараалаа арилгах хэрэгтэй. Нүүрсээ хүрздэж зөөгөөд нэмэр тусыг олохгүйг бид олон жил харлаа, мэдэрлээ.

 

 

В.Бат

Эх сурвалж: Shuud.mn

http://www.shuud.mn/content/read/486831.htm

Санал болгох

Сэтгэгдэл

top