|

ОРОН НУТГИЙН ГЭРЭЭНИЙ САЙН ТУРШЛАГА NEW AFTON УУРХАЙД БИЕЛЛЭЭ ОЛСОН НЬ ...

saikhnaa 2017/08/29 637 0

ОРОН НУТГИЙН ГЭРЭЭНИЙ САЙН ТУРШЛАГА NEW AFTON УУРХАЙД БИЕЛЛЭЭ ОЛСОН НЬ ...

New Afton зэс алтны далд уурхай нь Бритиш Колумб мужид, тэр дундаа тус мужийн Ткэмлипс (Tk’emlups), Скичин (Skeetchestn) зэрэг уугуул иргэдийн хоёр овог аймгийн нутаг дэвсгэрт оршдог байна. Өмнө нь Afton гэх уурхайг 1978 оноос 1991 оны хооронд ил аргаар ашиглаж байгаад орхисон бөгөөд тус уурхайн гүнд зэс, алтны шинэ орд ил
рүүлсэн нь одоогийн New Afton далд уурхай юм. 2006 оны эхээр New Gold компани уурхайн судалгаа шинжилгээг эхлүүлсэн бөгөөд компани уурхай эрхлэх зөвшөөрөл авахын өмнө мужийн Засгийн газраас гадна орон нутаг буюу дээр дурдсан хоёр овгоос нийгмийн зөвшөөрөл авах шаардлагатай тулгарчээ. 

Хоёр овог аймгаас уурхай эрхлэх зөвшөөрөл олгохдоо орон нутгийн зүгээс тус уурхайн үйл ажиллагааны төлөвлөлт, нөхөн сэргээлт, хаалт, хаалтын дараах хяналтад оролцохоор тохиролцжээ. Энэ тохиролцоо орон нутгийн хувьд том ахиц байлаа. Компанийн зүгээс ч энэ бүх үйл явц нь, ялангуяа байгаль орчны асуудлууд дээр харилцан ойлголцох нь уурхайг тогтвортой ажиллууулах суурь нөхцөл болсныг хүлээн зөвшөөрдөг. Зөвхөн хяналт тавиад зогсохгүй ажлын байрны давуу эрх, орон нутгийн бизнесийг дэмжих, мөн орон нутагт санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэсэн асуудлыг хамруулсан байна. Ингээд уурхайг ажиллуулах New Gold компани хоёр овгийн хамтрал болох SSN-тэй ажиллахаар яриа хэлэлцээр өрнүүлэн 2008 оны сүүлээр талуудын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Уг гэрээнд талууд боловсрол, сургалт, орон нутгаас ажиллах хүч авах, бизнес хийх, гэрээ байгуулан ажиллах зэрэг асуудлыг тусгажээ. 

Талууд гэрээний хэрэгжилтийг хангах гол зүйл бол харилцаа холбоотой ажиллах явдал гэж үзэн хэд хэдэн хамтын хороо, зөвлөлийг байгуулсан байна. Тухайлбал Хамтын хэрэгжүүлэх хороог (JIC) компани, овгуудын төлөөллөөс бүрдүүлж, сард нэг удаа уулзан шаардлагатай асуудлыг хэлэлцэн, гарц шийдвэрийг хэлэлцдэг байхаар тогтжээ. Ингэснээр тус хороо нь гэрээний хэрэгжилтийг хангах хамгийн гол хэсэг болж буй юм. Түүнчлэн нутгийн зөвлөлийн төлөөллүүд болон компанийн Ерөнхий захирал, орон нутаг хариуцсан мэргэжилтнээс бүрдсэн бас нэг хороог байгуулан хоёр сард нэг удаа уулзан шинэ мэдээлэл солилцохоос гадна шийдэгдээгүй үлдсэн асуудлыг хэлэлцдэг ажээ. Ингэснээр уурхай болон орон нутгийн хоорондын шийдвэрлэх ажил хэрэг болон асуудлыг нэгд нэгэнгүй шийдэх боломж бүрддэг байна. Гэхдээ дээрх хоёр хорооноос гадна хоёр овгийн захирагч, компанийн гүйцэтгэх захирал гэсэн гурван удирдагч улирал тутамд уулзаж мэдээллээ солилцдог давхар тогтолцоог ч бүрдүүлсэн ажээ. Энэ гурваас гадна уурхайн байгаль орчны асуудлыг хянуулахаар Байгаль орчны хяналтын зөвлөлийг хоёр аймгийн төлөөлөл болон уурхайн байгаль орчны менежер, байгаль орчны асуудал эрхэлсэн яам, уул уурхайн яамны төлөөллөөс бүрдүүлж байгуулсан байна. Энэ зөвлөл нь байгаль орчны хувьд орон нутгийнхний дуу хоолойг сонсох, түүнийг шийдвэрлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. New Gold компани мөн орон нутгийн ахмадын уулзалтыг жилд нэг удаа хийхээс гадна орон нутгийн залуучуудыг уурхайтай танилцах боломжийг олгодог нь бүх талын оролцоог хангах бас нэг сайн үзүүлэлт болдог байна. 

Хамтын ажиллагааны гэрээгээр талууд мөн орон нутгийн иргэдийг уурхайд ажилд ороход давуу эрхтэй байхаар тусгаж өгснийг дээр тэмдэглэсэн. Гэвч хоёр овгийн иргэдийн тухайд уул уурхайн талаар ямар ч ойлголтгүй тул далд уурхайд ажиллуулахын өмнө зайлшгүй сургалтад хамруулах шаардлагатай байлаа. Ингээд "New Gold” компани далд уурхайн сургалтын хөтөлбөрийг зохион байгуулахаар шийдэж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахын сацуу BC AMTA сургалтын байгууллага болон Thompson Rivers их сургуультай энэ чиглэлд хамтран ажиллахаар болжээ. Үр дүнд нь нийт ажилчдын 23%-ийг нутгийн уугуул иргэд бүрдүүлэх болсон байна. 

Орон нутгийн хувьд уул уурхайн салбарын талаар мэдлэг мэдээлэл тун хомс байжээ. Тиймээс уурхайн нийт ажилчдын 23%-ийг уугуул иргэдээс бүрдүүлж чадсан нь том амжилт болохыг Скичин багийн Захирагч Ron Ignace мэдэгджээ. Орон нутгийн зүгээс мөн уурхайн харуул хамгаалалтын албыг гүйцэтгэх гэрээг авч чадсан байна. 
Эдгээр сайн үр дүнг авчирсан хамтын ажиллагааны гэрээг 2011 онд талууд шинэчлэхээр ажилласан бөгөөд гэрээг илүү сайн хэрэгжүүлэх боломжийг судалж, биелэгдэхгүй байгаа гэрээний зүйл заалт байгаа эсэхийг нягталжээ. 

ОРЛОГО ХУВААРИЛАХ ГЭРЭЭГЭЭР 30 САЯ ДОЛЛАР АВАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Орон нутгийн хувьд зөвхөн компанитай гэрээ байгуулаад зогссонгүй мужийн Засгийн газартай гэрээ байгуулж ажилласан нь уурхайгаас авах орлогыг нь ихээхэн нэмэгдүүлсэн байна. 2010 онд хоёр овгийн захиргаа, Бритиш Колумб мужийн Засгийн газартай "Эдийн засгийн болон орон нутгийн хөгжлийн тухай” гэрээнд гарын үсэг зуржээ. Шинэ гэрээгээр орон нутаг уурхайгаас мужид төлөх нийт татварын 37.5%-ийг хүртэхээр тохиролцжээ. Уг нь орон нутаг 50%-ийг хүртэхээр анх санал болгосон ч ийнхүү арай бага хувь дээр тогтжээ. Гэсэн ч орон нутгийн хувьд уг алхам гайхалтай гэмээр урагш дэвшсэн үйлдэл байсан гэж хэлж болно. Энэхүү гэрээгээр тус компани уурхайн ажиллах хугацаанд нийтдээ 30 сая доллар авах төлөвтэй байгаа юм. Орлого хуваарилах гэрээ байгуулснаар нутгийн удирлага зөвхөн мужийн захиргаанаас төсөв харж суулгүйгээр нэмэлт орлогоороо нутгийн иргэдийн эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, нутгийн брэнд бизнесийг хөгжүүлэх боломжтой болсон тухай Ткэмлипс овгийн Захирагч Shane Gottfriedson ярьж байна. 

Уг гэрээтэй дүйхүйц их ашгийг авчирч мэдэх бас нэг гэрээг орон нутаг New Gold компанитай шинээр байгуулахаар тохиролцсон нь хайлуулах үйлдвэрийн нийт борлуулалтын 2%-ийг авах гэрээ байлаа.

Ингээд 2012 онд New Afton гэх блокчлон олборлох аргад суурилсан далд уурхай нээгдэж жилдээ 35 мянган тонн /75 сая фунт/зэс, 85 мянган унц алт үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 12 жилийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэйгээр ашиглалтад оржээ. (Оюутолгойтой харьцуулахад үйлдвэрлэл 3-4 дахин бага, ашиглалтын хугацаа богино)
New Afton уурхайн эзэмшигч New Gold компани болон орон нутгийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны туршлага дэлхийн уул уурхайн салбарт сайн туршлага болж байна. Үүнд мэдээж орон нутгийн удирдлагын идэвх зүтгэл асар өндөр байсан нь тодорхой. Нөгөөтэйгүүр компанийн зүгээс орон нутгийг шаардлагатай сургалтад хамрагдах, зөвлөх компани, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллахад нь хэрэгцээтэй санхүүжилтийг гаргаж өгч байсныг энд тэмдэглэе. 

Орон нутгийн хувьд уурхайн нөхөн сэргээлтийн зарим ажлыг авч хийхээр компанитай гэрээ байгуулсан бөгөөд үүний тулд иргэдээ сургаж бэлтгэх шаардлага байж. Энэ чиглэлээр тэд Teck компанийн Highland Valley зэсийн уурхайн нөхөн сэргээлт, хаалтын ажилд оролцож байсан туршлагатай IEG компани болон Thompson River их сургуулийн шинжлэх ухааны факультет болон Бритиш Колумбын их сургуулийн уул уурхайн факультеттэй хамтран ажиллажээ. 
New Gold компанийн хувьд мэдээж стандартын дагуу ажилладаг учир орон нутгийн хувьд өөрсдийгөө бэлтгэх шаардлага тулгарсан. Тэр болгонд компани, орон нутгийн харилцан ойлголцож ажилладаг хандлага нь зөв шийдэлд хүргэж иржээ. 

Яг үүн шиг 100-200 гэрээг Канадын уул уурхайн салбарын компаниуд орон нутагтай хийсэн байдаг ажээ. Канадын тухайд Монголынх шиг сум гэсэн засаг захиргааны нэгж байхгүй. Зөвхөн муж нь бүхий л газар нутгаа хариуцдаг. Тиймээс Монголын нөхцөлөөс нэлээд өөр. Мэдээж энэ загварыг Монголын нөхцөлд шууд хэрэгжүүлэх боломжгүй ч авах сургамж багагүй байгаа нь анзаарагдана. 

"Гэрээ байгуулахаар ажиллах явцдаа бид зөвхөн Засгийн газартай хэрхэн ажиллахыг бус мөн компанитай, ялангуяа уул уурхайн компанитай хэрхэн харилцах тухай туршлагыг олж авлаа” гэж Ron Ignace захирагч ярьсан бол "Та компаниас хамгийн боломжит дээд өгөөжийг хүртэх саналтай байгаагаа хэлэхээсээ битгий санаа зов” гэж Shane Gottfriedson захирагч зөвлөжээ. 

Хамтын ажиллагаа нь зөвхөн гэрээ байгуулснаар болчихдог асуудал биш. Харин түүнийг "амьд” байлгах нэг гол хүчин зүйл нь тогтмол харилцаатай ажиллах явдал гэж компанийн орон нутаг хариуцсан зохицуулагч Martha Manuel ярьжээ. 

Уг гэрээний тухай мэдээллийг Simon Fraser-ийн их сургуулийн дэд профессор Эрик Вэркэр өнгөрсөн зургадугаар сарын 19-23-нд Улаанбаатар, Өмнөговьд зохион байгуулагдсан "Баялгийн засаглал дахь төрийн үүрэг оролцоо” сэдэвт семинарын үеэр танилцуулсан юм. Тэрбээр мөн Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байхгүй нөхцөлд түүнийг нийгмийн хариуцлага болон хуулийн шаардлагаар орлуулан нөхөж болдгийг семинарын үеэр тэмдэглэлээ. Нөгөө талаас орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар зарим тохиолдолд төрийн хараа хяналт сулрах, компанийн зүгээс нийгмийн зөвшөөрөл авах ажлыг орхигдуулах эрсдэл байж мэдэхийг сануулсан юм. Өөрөөр хэлбэл орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан ч төрийн хяналт болон бусад зайлшгүй зүйлсийг сулруулан орхих ёсгүй ажээ. 

"Баялгийн засаглал дахь төрийн үүрэг оролцоо” сэдэвт семинарыг Канадын Олон улсын эрдэс баялаг, хөгжлийн хүрээлэн (CIRDI), Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (NRGI)-тэй хамтран зохион байгуулсан юм. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам семинарыг дэмжин ажилласан. Уг семинар нь Монгол, Киргиз, Афганистаны төр, хувийн хэвшлийн уул уурхайн залуу мэргэжилтнүүдийг чадавхжуулахад чиглэгдсэн бөгөөд CIRDI-гээс уг сэдвээр хийж буй цуврал семинарын хаалтын арга хэмжээ юм. Өмнө нь энэ чиглэлийн хурал семинарыг өнгөрсөн оны тавдугаар сард Улаанбаатар хотноо, арваннэгдүгээр сард Киргизийн Бишкек хотноо зохион байгуулж байсан билээ. 

~ Б.Төгс, The Mongolian Mining Journal - 2017.007/104

Санал болгох

Сэтгэгдэл

top