|

“Оргил” рашааны ундаргын бүсэд хууль бус ажил үргэлжилсээр л байна

namuunaa 2015/06/02 687 0

-"Оргил" рашаан сувиллын ажилчид хууль бусаар газар ухахыг эсэргүүцлээ

Улс даяар хүүхдийн баяр тэмдэглээд сөхөөгүй байгаа энэ цаг үед "Оргил” рашааны эрүүл ахуйн бүсэд хууль бусаар газар ухах ажил үргэлжилсээр байна.

Энэ байдлыг эсэргүүцэж өнөөдөр сувиллын ажилчид тус газарт цуглан өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Тэд газар шорооны ажлыг зогсоохыг оролдож багагүй тэмцэл өрнүүлж цутгалт хийхийг эрс эсэргүүцсэн юм.

Мөн барилгын ажлыг зогсоохыг шаардсан бичгийг сургуулийн барилга барих гэж буй "Билиг” ХХК-д хүргүүлэв.

"Билиг” ХХК нь 280 хүүхдийн сургууль барина гэсэн шалтгаанаар уржигдар буюу тавдугаар сарын 30-ны өдрөөс барилгын газар шорооны ажлыг эхлүүлсэн.

 

Оргил рашааны ундаргаас 30 метр орших уг 3962 м.кв газрын зөвшөөрлийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын 2010 оны 329 тоот, 2012 оны А/262 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт контор, орон сууц, сургалтын зориулалтаар тус ХХК-д олгожээ.

Харин энэ газар олголт нь 2012 онд шинэчлэн баталсан Усны тухай хуульд рашааны эх ундаргаас 100 метрт эрүүл ахуйн бүс, тэндээс гадагш 200 метрт хамгаалалтын бүсийг тогтоож, тэнд барилга байгууламж барихыг хориглосон заалтыг зөрчиж буй юм.

Эрүүл ахуйн 100 метрийн бүсэд барилга барих байтугай газар ухахыг хориглосон байдаг бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд рашааны чанарт өөрчлөлт орж улмаар ширгэх, сүйдэх аюулд өртөх аж.

Ингэснээр жилээс жилд хөдөө орон нутгаас зорин ирж эмчлүүлдэг өвчтэй, ахмад настнуудын эрх хөндөгдөж уг сувилал нь "амралтын газраас” ялгаагүй байдалд хүрэх талаар тус сувиллын мэргэжилтнүүд ярьж байлаа.

Тус сувиллын албан хаагчид рашааны эрүүл ахуйн бүсэд хууль зөрчин барилга барих гэж буй энэхүү үйлдлийг зогсоож өгөх шаардлагыг маргааш Нийслэлийн захирагч Э.Бат-Үүлд хүргүүлэх юм байна.


эх сурвалж: gogo.mn

-

Санал болгох

Сэтгэгдэл

top