|

ТӨГС ДУРЛАЛ

tonshuul 2015/06/03 544 0

ТӨГС ДУРЛАЛ

 

 

ТӨГС ДУРЛАЛ

(Мерилин Монрод дурлаж явсан модернист Мөнхбаярт зориулав)

Буман хүмүүний бишрээгүйг
Бурханы зиндаанд сэтгэсэн
Бурангуй танхай сэтгэлгээ нь
"Бумбат”-аас тасраад явчихсан
Өргөн түмний сорчилсон
Өнгөт "цэцэгс”-ийг ч таалахгүй
Өөлөхийн аргагүй сарнай
Өмнүүр нь зөрлөө ч тоохгүй
Өгзөг хондлой тэргүүтнээрээ
Өрдөж түймэрдлээ ч таашаахгүй
Үймэрч хэтийдсэн ийм л хүн
Өнгөрсөн бүрлээчид дурламой!

Асгарсан их тачаал нь
Амин судсаар урсахгүй
Амраг нандин аялгуу нь
Аманд ирж уусахгүй
Аялагхан царай төрх нь
Алхмын газраас ч үзэгдэхгүй
Амьд бие цогцос нь
Алсын гаригаас ч олдохгүй
Араг ясанд дурлана гэдэг
Айхтар сонин үзэгдэл!

Ялгуусан цагийн босгон дээр
Яргуйн дэлбээ шиг хэнзлэхгүй
Ялдам энхрий харцаараа
Ямрыг нь таниад ширтэхгүй
Янаг тачаангуй хоолой нь
Яргин цоргин гиншихгүй
Яруу тансаг хэлээрээ
Ядахнаа ганц үг дуугарахгүй
Явчихсан хүнд дурлана гэдэг
Яриангүй чамин үзэгдэл!

Тэрбумд ганц тохиох
Тэчъяадлын гоц шийдэл
Тэнгэрийн доорхи диваажинд
Тэрслүүгээс тэрслүү үйлдэл
Задын чулууны дэлбэрэлт шиг
Задгайрч тэсэрсэн хайрлал
Замбуу тивийн "живаа”-д бол
Заяашгүй төгс дурлал
Үхсэн хүнд дурлана гэдэг
Үнэхээрийн хачин үзэгдэл

Б.ОЙДОВ

Зургийн тайлбар: Ч.Мөнхбаяр & Мерилин Монро

Санал болгох

Сэтгэгдэл

top