|

“Энэрэл” төвийн хүүхдүүд мөрөөдлийн аялалд гарлаа

namuunaa 2015/06/04 957 0

“Энэрэл” төвийн хүүхдүүд мөрөөдлийн аялалд гарлаа

 

"Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, ерөнхий захирлын 1-р орлогч Рой И.В., нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа болон цех хэлтсийн удирдлагууд тус үйлдвэрийн харьяа "Энэрэл” төвөөр өнөөдөр зочилж, хүүхдүүдэд бэлэг гардууллаа. Авъяаслаг хүүхдүүд үйлдвэрийн удирдлагуудад урлагийн тоглолтоо сонирхуулав.

Энэ үеэр "Энэрэл” төвийн сурагч Г.Оюундарь, Т.Сувд-Эрдэнэ нарт Хүүхдийн төлөө үндэсний төвийн "Авъяас” алтан медалийг гардууллаа. Өнгөрсөн жил тус төвийн хүүхэд бүрт 200 мянган төгрөгтэй хадгаламж нээлгэсэн бол энэ удаа жил бүрийн хүүхдийн баяраар "Энэрэл” төвийн хүүхэд тус бүрийн хадгаламжинд 200 мянган төгрөг хийх тушаал гаргаснаа Ерөнхий захирал Ц.Даваацэрэн дуулгасан.

Тус төвийн хүүхдийн "Хөдөлмөр” зуслангийн хүүхэд амрах боломжгүй болсон хуучин байшингуудыг нурааж шинээр 10 байшин барьж байгуулах ажлыг цехүүдэд хуваарилсан бөгөөд энэ сарын 20-нд ашиглалтанд оруулж багачуудыг ая тухтай амрах орчин нөхцөлөөр хангах үүрэг өгчээ. Энэ өдрийн үдээс хойш "Эрдэнэт” үйлдвэрийн харьяанд үйл ажиллагаагаа явуулдаг тус төвийн хүүхдүүд Улаанбаатар хот руу "Мөрөөдлийн аялал”-д мордсон юм.

Тэд үйлдвэрийн зардлаар Үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглож, "Чингис хааны хөшөөт” цогцолбор, Үндэсний түүхийн музейд зочилж хүүхдийн баярыг мартагдашгүй дурсамжаар дүүрэн өнгөрүүлэх аж. Өнөөдөр 4-13 насны 41 хүүхэд энэ төвд амьдарч байгаа бөгөөд тэднийг "Мөрөөдлийн аялал”-д гарахын өмнө Баяжуулах фабрикийн дарга Д.Эрдэнэцогт хүүхэд бүрт халаасны мөнгө, гарын бэлэг гардуулж аян замдаа сайн явахын ерөөл өргөв.

Санал болгох

Сэтгэгдэл

top