АНУ-ын Үнэт Цаасны Хороо (SEC) Рио Тинто компани болон түүний удирдлагад ажиллаж байсан хоёр хүнийг луйврын хэрэгт буруутгасан мэдэгдэл гаргажээ.
Тэднийг $3.7 тэрбумаар худалдаж авсан нүүрсний ордоо хэдхэн жилийн дараа $50 саяар зарж, алдагдалтай наймаа хийснээ хөрөнгө оруулагчдаасаа нуун дарагдуулсан гэж дүгнэсэн байна.
Рио Тинто бол BHP-ийн дараа дэлхийд хоёрт жагсах том уул уурхайн компани юм. SEC-ээс Манхеттэн дэх холбооны шүүхэд хандан Рио Тинто компани, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Том Албаниз, санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Гай Эллиот нарын нэр дээр гомдол гаргажээ.
2011 онд Рио Тинто Мозамбикийн нүүрсний ордыг $3.7 тэрбумаар худалдаж авсан ч нүүрсний чанар, дэд бүтэц, олборлох хэмжээ зэргийг буруу тооцоолсноос бизнес нь бүтэлгүйтэж, анхны үнийнхээ өчүүхэн хэсгээр буцаан зарсан юм байна. Харин энэ алдагдлаа тухайн үед гүйцэтгэх захирал байсан Том Албаниз, санхүү эрхэлсэн захирал Гай Эллиот нар хөрөнгө оруулагчдаас нууж, санхүүгийн тайланг зориудаар алдаатай гаргаж байсан гэжээ.
Энэ үед Рио Тинто АНУ-ын хөрөнгө оруулагчдаас $5.5 тэрбумын хөрөнгө босгоод байсан гэнэ.
Рио Тинто SEC-ийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлж, шүүх дээр үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: Business Insider