|

ЗЭСЭЭС ЮУ ҮЛДЭВ

munkhbat 2017/10/23 1539 0

ЗЭСЭЭС ЮУ ҮЛДЭВ

 

Зэсийн үнэ нэмэгдсэн ч, салбартаа үзүүлэх нөлөө багасав

Монгол Улсад өнөөгийн байдлаар ашигт малтмалын 50 гаруй төрлийн 3000 гаруй орд, илрэн судлагдаад байна. Хэнтий, Хангайн нурууны ар өврөөр алтны, Орхон, Сэлэнгийн сав газраар зэс молибдений, Дорнод Монголын нутгаар хайлуур жоншны, Хөвсгөл аймагт фосфоритын орд зонхилон тархжээ. Тавантолгой, Хар тарвагатай, Ачит нуур, Багануур, Өвдөгхудаг зэрэг чулуун нүүрсний үлэмж их нөөц бүхий ордуудтай. Налайх, Шарын гол, Адуунчулуун, Багануур зэрэг үйлдвэрийн бүсэд оршдог ордууд нь төв суурин газруудыг түлш, эрчим хүчээр хангахад чухал үүрэг гүйцэтгэж ирлээ. Төмрийн хүдрийн хувьд Төмөртолгой, Баянгол, Тамир гол зэрэг томоохон орд газар бий. Зэсийн хүдрийн ордуудын ихэнх нь Орхон, Сэлэнгэ, говийн бүс, өмнөд Хэрлэн, Баянхонгор, Ханхөхийн нутаг дэвсгэрт төвлөрдөг. Эдгээрээс хамгийн том нь Орхон, Сэлэнгийн бүс дэх Эрдэнэтийн зэс, молибденийн орд юм.

Сүүлийн жилүүдэд манай улсад нүүрсний экспорт нэмэгдэж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрх баригчид уг бүтээгдэхүүнд голлон анхаарах болсон гэсэн ч зэсийн нөлөө, экспортод эзлэх хувь хэвээр байсаар ирсэн. Зэс нь бидний гэр орон, ажпын байр, тээвэр, дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ хэрээр улс орны эдийн засгийн гол хөшүүрэг болдог. Одоогоор манай улсад 36.3 сая тонн зэсийн нөөцийг хайгуул хийн тогтоогоод байгаа. Цаашдаа ч энэ нөөц нэмэгдэх боломжтой юм. Зэсийн "Эрдэнэт үйлдвэр", "Оюутолгой”, Цагаансуварга"-ын ордууд нөөцөөрөө тэргүүлдэг.

Тэртзэ 1978 онд Орос, Монголын Засгийн газрын гэрээний дагуу "Эрдэнэтийн овоо” орд газарт гэрээ байгуулснаар нэг хэсэг Монголын ‘‘саалийн үнээ” гэгдэж байсан "Эрдэнэт үйлдвэр” үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Тус үйлдвэр 4.632 сая тонн нөөцтэй, зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр. Жилд ойролцоогоор 26 сая тонн хүцэр боловсруулж, 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг гэж тус үйлдвэрээс мэдээлдэг. Манай улсын эдийн засгийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг уг үйлдвэр энэ оны эхний есдүгээр сарын байдлаар улсын болон орон нутгийн төсөвт нийт 406 тэрбум төгрөг төвлөрүүлснээс улсын төсөвт 85, орон нутгийн төсөвт 15 хувийг нь төвлөрүүлсэн байна. Тус үйлдвэрийн борлуулалтын орлого өнгөрсөн онд 1035.4 тэрбум төгрөг, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 546.19 мянган тонн, дундаж үнэ 1160.1 ам.доллар байжээ. Харин борлуулалтын орлого 2011 онд хамгийн их буюу 1233 тэрбум төгрөг байсан аж. Харин "Оюутолгой”-н ордыг 2009 оны долдугаар сарын 1-нд 45 сая тонн зэстэй хэмээн тогтоосон. Харин үр ашигтай нөөцийг 25.3 сая тонн хэмээсэн юм. Тус орд 2014 оноос бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн. Энэ онд л гэхэд 904.64 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн. Тус ордын борлуулалтын орлого анх экспортод гарсан жилдээ хамгийн их буюу 3155.8 тэрбум төгрөг байжээ. Харин Цагаансуваргын ордоос 568.6 мянган тонн зэс олборлох боломжтой гэжээ.

Манай улс энэ онд 1.3 мянган тонн зэс экспортод гаргахаар төлөвлөж, эхний найман сарын байдлаар манай улс 980.5 мянган тонн зэс экспортолсон байна. Харин өмнөх Засгийн газраас баталж, одоогоор буцаан татаад буй ирэх онуудын төсвийн төсөөлөлд нэг тонн зэсийг 4658 ам.долларын тэнцвэржүүлсэн үнэтэй байхаар, 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортлохоор тооцоолсон бол 2019 онд 5,159,7 ам.доллараар үнийг тэнцвэржүүлж, 1,0 мянган тонныг төлөвлөөд байсан юм. Мөн энэ оны төсөвт "Оюутолгой” 850 мян.тн зэсийн баяжмал үйлдвэрлэн борлуулж, нийт 462 тэрбум төгрөгийн татвар, "Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 650 мян.тн зэсийн баяжмал олборлож, 175.4 орчим тэрбум төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлэх зорилт тавьсан. Ингэснээр зэсийн баяжмалаар төсөвт нийт 638 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон байдаг.

Энэ онд зэсийн хоёр ордыг улсын нэгдсэн санд хүлээлгэн өгсөн бөгөөд манай улс 53 сая 577456 сая тонн дан зэсийн нөөцтэйг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлсэн. Харин холимог хэлбэрээр 2013 онд 773873, 2014 онд 978847 тонн нөөц Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэгдэж байсан бол өнгөрсөн онд 57547 тонн нөөц л бүртгэгджээ. Энэ оны эхний есөн сард зэсийн баяжмал /металаар/ 90.7 мянган тонныг экспортолжээ. Зэс нь манай улсын олборлох салбарын гол нэрийн бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд 2010 оноос үйлд-вэрлэл нь тодорхой хэмжээнд нэмэгдэж байв. Тухайлбал, 2010 онд 357.1 мянган тонн байсан бол дараагийн хоёр жил нэмэгдсээр 2013 онд 533.3, 2014 онд 712.0 болсон бол хамгийн оргил буюу өнгөрсөн онд 1445.1 мянган тоннд хүрсэн юм. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар зэсийн үйлдвэрлэл мөн сард 960.0 мянган тонн болов. Өнгөрсөн онд 18 аж ахуйн нэгж зэстэй холбоотой ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсчээ. Энэ нь тухайн онд уул уурхайн салбарт ирүүлсэн тусгай зөвшөөрлийн 10 хувь юм. Харин уг онд молбиден зэсийн болон алт, зэсийн тус бүр нэг, дан зэсийн хоёр үйлдвэр хөрөнгө оруулалтаас болж үйл ажиллагаа явуулаагүй байна. Манай улсын хувьд уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт, энэ чиглэлийн экспортын бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж байгаа ч зэсийнх буурсан үзүүлэлттэй байгааг Ашигт малтмал газрын тосны газраас тайландаа дурдсан байна. Монголбанк ч гадаад эдийн засгийн талаар төсөөлөх таамаглалдаа алт, төмрийн хүдэр, хүрэн нүүрсний ханш өмнөх төсөөлөлтэй харьцуулахад нэмэгдэхээр, зэсийнхийг буурахаар авч үзжээ.

ЗЭСИЙН ҮНЭ 7000 ДАВАХ ТААМАГЛАЛ БИЕЛЛЭЭ ОЛОВ

Боловсруулсан зэсийг барилга, электроник, үл хөдлөх хөрөнгийн салбар гээд эдийн засгийн ач холбогдолтой бүх салбарын үйлдвэрлэлд ашиглаж байгаа бөгөөд дэлхийн нийт зэсийн хэрэглээний 40 хувь нь БНХАУ-д ноогддог байна. Тус улсын эдийн засаг, барилгын салбар, үйлдвэрлэлээс хамаарч дэлхийн зэсийн ханш тогтдог. Энэ сард зэсийн ханш хамгийн их хэлбэлзэлтэй байлаа. Тэгэхдээ сум дээшээ заасан чиглэлд ханш өөрчлөгдөв. Тодруулбал, зэсийн ханш оны эхэнд 5736 ам.долларын ханштай байсан бол аажмаар нэмэгдсээр наймдугаар сард 6477 ам.доллар болж огцом өсөв. Харин энэ сарын эхний долоо хоногт өмнөх сарынхаас буурч 6606 ам.доллартай тэнцээд байсан хэдий ч сарын дундуур 250 ам.доллараар нэмэгдсэн юм. Харин сарын энэ үед Дэлхийн банкны таамагласнаар 7000 ам.доллар даваад байна. Зэсийн үнэ ийнхүү нэмэгдээд байгаа нь дэлхийн эдийн засаг сайн байгаагийн шинж юм. Зэсийн үнэ 2016 оны аравдугаар сараас 2017 оны хоёрдугаар сарын хооронд 1210 ам.доллараар өсч 5941 ам.долларын төвшинд хүрсэн ч, үүнээс хойш гурван сар дараалан алгуур буурсан. Цаашид ч тогтвортой өсөхгүй талаар эдийн засагчид хэлж байгаа. Хятадын агуулахууд дахь зэсийн нөөц хангалттай хэмжээнд байгаа. Мөн энэ онд зарим уурхайн үйл ажиллагаа доголдсонтой холбоотойгоор зэсийн нийлүүлэлт буурах төлөвтэй байгаа юм. Дунд хугацаанд Хятадын аж үйлдвэрийн салбар удааширч зэс, коксжих нүүрсний импорт багасч үнэ буурахаар байгаа тул зэсийн үнэ өмнөх төсөөлөлд ашигласан төвшнөөс энэ онд 112 ам.доллараар, ирэх онд 81 ам.доллараар багасах төлөвтэй байна. Экспортын үнэ харьцангуй тогтвортой байгаа бөгөөд зэсээс бусад уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл идэвхжиж байна. Хятадын Засгийн газраас барилгын нийлүүлэлтийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх магадлалтай байгаа бодлого нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалтын өсөлтийг бууруулах юм. Барилгын салбар ийнхүү удааширвал зэс, гангийн үйлдвэрлэл буурах, төмрийн хүдрийн импорт саарах эрсдэлтэй. БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн салбар дахь тогтвортой өсөлт нь энэ оны зэсийн эрэлтийг дэмжих боловч ирэх онд хадгалагдах эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь, БНХАУ зээлийн өсөлтийг хязгаарлаж, аж үйлдвэрлэлийн салбараас илүү дотоодын хэрэглээ үйлчилгээг дэмжих бодлого баримтлах төлөв ажиглагдаж байгаа нь зэсийн эрэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзсэн юм. Уул уурхайн салбарын өсөлт өнгөрсөн оны сүүл хагасаас буурч байгааг зэсийн баяжмал олборлолт түүнд агуулагдах металлын хэмжээний бууралттай холбоотой аж. Өөрөөр хэлбэл, зэсийн баяжмал олборлолт нь сүүлийн таван улирлын туршид уул уурхайн салбарын өсөлтийг сааруулахад гол нөлөө үзүүлж байгаа аж. Өнгөрсөн оны дунд үеэс эхлэн зэсийн баяжмалын металлын агууламж багасч эхэлсэн байна. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт газрын тос, зэ-сийн баяжмал, цайрын баяжмал, хайлуур жонш зэрэг бүтээгдэхүүний олборлолт 7.2-39.2 хувь буурчээ. Харин энэ сарын зэсийн үнийн өсөлтийн шалтгааныг шинжээчид дэлхий дахинд тэр тусмаа АНУ, Хятадад зэсийн хэрэглээ ихэссэнтэй холбоотой хэмээн тайлбарлав.

ЗЭСИЙН ОРЛОГООС ХУРИМТЛАЛ ҮҮСГЭЖ ЧАДСАНГҮЙ

Манай улсын уул уурхай, ашигт малтмалын салбарын экспорт, хөрөнгө оруулалт 2010-2012 онуудад их байсан. Дэлхий дахинд ч энэ төрлийн бүтээгдэхүүний ханш өндөр байсан юм. Тус салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд хамгийн өндөр төвшиндөө хүрч 4.45 тэрбум ам.доллар байсан бол 2016 оны эхний хагас жилийн байдлаар 273 сая ам.долларт хүрч буурчээ. Одоо харин жил ирэх бүр зэсийн нөөц багасч, үнэ хэлбэлзэж, үүнийгээ дагаад манай улсын эдийн засаг савласаар байна.

Үүнийг тогтвортой барьж, эдийн засгийн ямар ч хүнд үед тайван байх боломж бидэнд байсан уу гэвэл "тийм”. Бас үүнийг эрх баригчид анзаарсан уу гэвэл "Тийм". Тиймээс ч хуримтлал үүсгэхийн тулд 2010 онд "Тогтвортой байдлын тухай хууль” баталж, "Тогтворжуулалтын сан”-тай болсон. Харин дараа жил нь "Ирээдүйн өв сангийн тухай хууль” баталсан юм. Ингээд зэсийн тэнцвэржүүлсэн үнэ, зах зээлийн үнийн зөрүүгээс үүсэх орлогыг "Төсвийн тогтворжуулалтын сан”-д, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 65 хувийг "Ирээдүйн өв” санд тус тус төвлөрүүлэхээр болов. Харин энэ онд 1.4 их наяд төгрөг төвлөрүүлэх зорилго тавьж байсан "Тогтворжуулалтын сан”-д одоогийн байдлаар 300 гаруй тэрбум төгрөг байгааг өмнөх Засгийн газар төсөв хэлэлцэх үеэр дурдаж байсан юм. Харин "Ирээдүйн өв сан”-д нэгдсэн төсвийн энэ оны эхний таван сарын гүйцэтгэлээр 165 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байсан юм. Энэ онд уг санд 201.2 тэрбум төгрөг, 2022 онд 226.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр зорьж буй. Гэвч иргэн бүрт 1.5 сая өгөх сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд ‘‘Хүний хөгжил сан”-гаас хоёр их наяд төгрөг олгож, уг сангийн алдагдал нэг их наяд төгрөгөөс давсан. Энэхүү алдагдлыг "Ирээдүйн их өв” сан төлөх үүрэг хүлээсэн билээ. Олон жил ярьсан хуримтлал өнөөдөр ийм байдалд хүрэв. Сүүлийн арав шахам жил газар доорх эрдэс баялгаа ухаж, эдийн засгаа өсгөж, унагаж ирэхдээ хуримтлалын талаар олон ярьсан ч одоо гаргаад ирэх, энэ гээд үзүүлэх мөнгө үгүй байгаа юм. Манай улсын зэсийн нөөц жил бүр багасч буйг дээр тоо баримттайгаар дурдсан. Харин одоо экспортын гол бүтээгдэхүүн болоод буй нүүрс зэсийн замналаар орох вий. Мэдээж дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх нь зүй ёсны асуудал. Харин хуримтлалаа үр дүнтэй бий болгох л хэрэгтэй байна.


Б.БОЛОР-ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл

top