Ардчилсан парламент цаашаа болсон. Ерөнхийлөгчийн засаглал ч будаа. Цаана чинь БАНКНЫ ЗАСАГЛАЛ бүрэн утгаараа ноёрхож, нийгмээрээ банк хэмээх хэдэн бирдийн шунал хүслийн торонд тарчилж суух болов. Ядаж байхад нөгөө хүсэл шунал нь бухан бярууных шиг ханахаа мэдэхгүй, цадахаа ойлгохгүй. Банкны засаглалын хажууд Монголын парламент зүгээр л хуруу хүүхэлдэй, акул компаниуд жараахайн чинээ, аж ахуйн нэгжүүд өтний дайтай, иргэд бол идүүрийн сав. Дөрөв дэх засаглалынхан гэж томроод байдаг хэвлэл мэдээллийнхэн хүүхдийн тоглоом болчихоод байна.
Хадгаламж, зээлийн хүүг бууруулах, бодлогын хүүгээ танах зэрэг шийдвэрүүдийн тухай санал хэзээ ч амжилт олж байсангүй. Монголбанк өөрөө мөнгөлөг олигархуудын хяналтанд дуугардаг, хөдөлдөг болсон гэх. Түмнээ өмгөөлөх учиртай төрийн түшээд нь төө зузаан өрийн дансаараа банкуудад барьцаалагдчихсан, төрийн албан хаагчид нь орон сууц, машины зээлээрээ дөнгөлүүлчихсэн, сонин телевизүүд хаалтын гэрээнд чөдөрлүүлчихсэн, олонх сэтгүүлч байр унааны барж давахгүй их өртэй.
Эмээ өвөө нар тэтгэврийн зээлэнд сөхрөөд уначихсан...ийм л БАНКНЫ ЗАСАГЛАЛ ноёрхсон нийгэмд амьдрах болсоор удав. Жил болгон том банкууд бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хаалтын гэрээ гээчийг хийж 10, 20 сая төгрөг өгч гийгүүлнэ. Үүнийхээ төлөө банкны балиар засаглалын тухай, шударга бус шулааны тухай дуугарах эрхээ хаалгана. Аа дээр нь нөгөө банкууд чинь томхон хэвлэл бүрт өөрийн гэсэн мэдээлэгчтэй.