|

12 аймгийн 66 сум “Цагаан зуд”-тай байна

saikhnaa 2018/03/07 1075 0

12 аймгийн 66 сум “Цагаан зуд”-тай байна

 

Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтоод байна.  Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолд заасны дагуу Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан үнэлгээгээр Архангай аймгийн 7, Баян-Өлгий аймгийн 1, Булган аймгийн 12, Говь-Алтай аймгийн 4, Дархан-Уул аймгийн 2, Дорнод аймгийн 1, Завхан аймгийн 18, Орхон аймгийн 2, Өвөрхангай аймгийн 8, Сүхбаатар аймгийн 10, Сэлэнгэ аймгийн 3, Төв аймгийн 16, Увс аймгийн 13 сум, Ховд аймгийн 3, Хөвсгөл аймгийн 3, Хэнтий аймгийн 2 сум буюу нийт 12 аймгийн 66 сум "Цагаан зуд”-тай, 14 аймгийн 41 сум "Цагаанаар зудархуу” байна.

 

   

Цаг агаарын хүндрэлийн улмаас нийт 710940 толгой мал хорогджээ. Үүнээс хамгийн их малын хорогдолтой  Ховд (87218), Увс  (25098),  Хөвсгөл (11483), Хэнтий (28077) аймгууд байна.

 

  Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс ган, зудын эрсдэлийн мэдээг үндэслэн Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны санхүүжилтээр 15000 боодол өвс худалдан авч Өвөрхангай, Төв аймгийн нийт 13 сумын малчин өрхүүдэд хүргэн, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Улаан загалмайн байгууллагын дэмжлэгтэйгээр "Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт олгох хөтөлбөр”-ийн хүрээнд 12 аймгийн 40 сумын нийт 2000 малчин өрх тус бүрт 240.0 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг үзүүлж, малын эрдэс, тэжээл хүргэх ажлыг зохион байгуулсан.

 

Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын "Онцгой байдал, сэргээн босголтын тусгай сан”-гийн "Ганд нэрвэгдсэн бүс нутгийн малчдын амьжиргааг болзошгүй зудын эрсдэлээс хамгаалах эрт арга хэмжээ” төслийн хүрээнд Архангай аймгийн Тариат, Булган аймгийн Дашинчилэн, Завхан аймгийн Сантмаргац, Өвөрхангай аймгийн Бүрд, Төв аймгийн Алтанбулаг сумын зорилтот бүлгийн 504 малчин өрхийг хамруулан тооцож нийт 68.845.820 төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлээд байна.

 

  Цаашид яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн алба, мэргэжлийн ангийн уялдаа холбоог сайжруулах, ус, дулаан хангамж, холбоо, зарлан мэдээллийн найдвартай ажиллагааг тасралтгүй хангах, улсын болон орон нутгийн чанартай зам, даваанд үүрэг гүйцэтгэх зам арчлалтын компаниудын бэлэн байдлыг хангуулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж хэрэгжилтийг тухай бүр ханган ажиллаж байна.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Санал болгох

Сэтгэгдэл

top