Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар 2007-2013 онд ажиллаж байсан Чимиддоржийн Ганзориг миний бие сүүлийн өдрүүдэд манай бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ноцтой асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж, Монголынхоо олон нийтэд хандаж байна.
Жаст групп, Стандарт банкны хооронд хийгдсэн зээлийн баталгааг Эрдэнэт үйлдвэр гаргасан гэх асуудлаар хууль, хяналтын байгууллага 2013 оноос шалгаж байгаа бөгөөд одоо ч үргэлжилсээр байгаа. Миний хувьд дэлхийн хэмжээний топ үйлдвэр Эрдэнэтийг удирдаж байсны хувьд хүссэн хүсээгүй энэ асуудалд ороогдон холбогдох байгууллагуудад өөрийн мэдэх зүйлээ хэлж тайлбарласаар өнөөг хүрлээ.
Улс орныхоо болон Эрдэнэтийн 6000 хүнтэй том хамт олны өмнө өндөр хариуцлага хүлээсэн албан тушаал хашиж байсан хүний хувьд хэдэн жилийн турш ужгирч, сүүлийн үед улс төрийн өнгө аясыг илэрхий олж байгаа Эрдэнэтийн гэх баталгааны асуудал үнэн мөнөөрөө шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байдаг. Тийм ч учир өнөөг хүртэл хууль хяналтын байгууллагуудын хийж байгаа шалгалтад нөлөөлчих вий гэх болгоомжлолын улмаас хэвлэл, мэдээллийн байгууллагад хандаж байгаагүй. Олон нийтэд ч аливаа нэг тайлбар сэлт хийж байгаагүй.
Энэ удаа олон нийтэд хандахаас аргагүй болгож буй гол зүйл бол Монгол Улсын Засгийн газар Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэрийг харгалзан Эрдэнэт үйлдвэрт Өмнөд Африкийн Стандарт банктай арбитрын тогтоосон төлбөрийн дүнг багасгах, өдөр, өдрөөр тооцогдож байгаа хүүг зогсоох үүднээс яриа хэлцэл хийх зөвшөөрөл өгсөнтэй холбоотой.
Хэдийгээр асуудал амаргүй байгаа, хараат бус Арбитрын шүүхийн шийдвэр гарсан нь үнэн ч Монголын шүүхэд одоог хүртэл албан ёсоор хүргүүлээгүй байгаа энэхүү шийдвэртэй холбоотой аливаа яриа хэлцлийг Монголын тал яаран хийх шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь олон улсын конвенцоор өөрт олгогдсон эрхээсээ сайн дураараа татгалзаж байгаа хэрэг болно.
Үүнийг би цэвэр улс орны эрх ашиг, нөгөөтэйгүүр цөөнгүй жил удирдаж жаргал, зовлонгоо хуваалцсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хамт олны ашиг сонирхлын үүднээс анхааруулж байна.
Шалгагдаж, элдэв байдлаар хэлэгдэж байгаа миний хувьд гэм буруугүй болох нь хэзээ нэгэнтээ тогтоогдох байхаа. Надад өөрийнхөө гэм буруугүйг нотлох баримтууд хангалттай бий. Тэдгээрийг хууль хяналтын байгууллагуудад гаргаж өгч байгаа.
Түүнчлэн Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хандаж ээдрээ төвөгтэй энэ асуудалтай холбоотой зарим баримтуудыг тодорхой саналын хамт хүргүүлээд байна.
Одоогоор олон нийтэд нээлттэй байдлаар дараахь зүйлийг хэлье. Эцсийн дүндээ Жаст группын ерөнхий захирал Ш.Батхүү олон баримтыг, түүний дотор миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдэг нь Монголын шүүхээр тогтоогдоно гэдэгт би эргэлздэггүй. Хувь хүний асуудал яах вэ, хэзээ нэгэнтээ учир нь олдох биз. Харин олон улсын шинжээчид, шүүх шинжилгээний байгууллагаар хуурамч болох нь тогтоогдсон, баримт бичиг, хуурамч баталгаанаас болж Эрдэнэт үйлдвэр олон сая долларын төлбөрт унах ёсгүй гэж ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй албан тушаалтны хувьд би үзэж байна. Миний бие Стандарт банкны хүмүүстэй гэрээ хэлэлцээр хийх нь байтугай нэг ч удаа уулзаж байгаагүй болно.
Хэрэв асуудлыг улс төржүүлэлгүй, ажил хариуцсан эрх бүхий байгууллагууд Монгол Улсын нэгдэн орсон "Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай” конвенцийн дагуу Жаст групп, Стандарт банкны хооронд хийгдсэн зээлийн гэрээнд Эрдэнэт үйлдвэрийн гаргасан гэх баталгааны асуудлаар манай тал өөрийн байр суурийг нотлох баримтуудын хамт үндэслэлтэй тайлбарлаж чадвал арбитрын шийдвэрийг биелүүлэхээс татгалзах хүртэл эрхтэй юм билээ. Энэ талаар ч холбогдох саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарт бичгээр хүргүүлсэн.
Энэ далимд саяхан Улсын Их Хурлын зарим гишүүдийн асуулгад Засгийн газар хариу өгөхдөө Стандарт банкнаас 213 сая ам.долларын зээл Эрдэнэт үйлдвэрийн дансанд орсон мэтээр дурдсан нь ташаа бөгөөд тэдгээр шилжүүлэг нь Жасттай холбоотой зээл биш зэсийн борлуулалтын орлого байсан гэдгийг залруулъя. Энгийн логикоор бодоход ч аль ч банк батлан даалт гаргасан этгээдийн дансанд зээлийг шилжүүлдэггүй нь тодорхой.
Ч.Ганзориг
http://www.sonin.mn/news/Politics-fb-bot/88511