|

ШАР УСНЫ ҮЕРТ УРССАН ГУРВАН ИРГЭНИЙ ХОЁРЫНХ НЬ АМИЙГ АВАРЧЭЭ

zulaa 2018/03/22 898 0

 ШАР УСНЫ ҮЕРТ УРССАН ГУРВАН ИРГЭНИЙ ХОЁРЫНХ НЬ АМИЙГ АВАРЧЭЭ

 

Орхон/МОНЦАМЭ/ Энэ сарын 19-нд Орхон аймгийн ОБГ-т гурван хүн шар усны үерт урсчихлаа гэсэн дуудлагын дагуу тус алба яаралтай арга хэмжээ авч хоёрынх нь амийг аварч,  38 настай нэг иргэний цогцсыг уснаас гаргаж авчээ. Энэ талаар ОБГ-ын Гамшгаас хамгаалах улсын ахлах байцаагч, хошууч С. Эрдэнээс тодрууллаа.
– Хур цас хайлж энд, тэндгүй  эрсдэл үүсээд байна. Саяхан бас харамсалтай хэрэг гарлаа. Дуудлага хэдэн цагт ирсэн бэ, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллав? 
-Энэ сарын 19-ний 18-19 цагийн үед н.Буянбат гэдэг иргэн утсаар Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Мааньт гэдэг газар  гурван хүн  шар усны үерт урсчихлаа гэсэн мэдээлэл өгсөн. Тухайн үед морьтой нэг, мотоцикльтой хоёр нийт гурван хүн уулын жалга дагуу урсаж буй шар усны үерийг гатлах гэж байгаад усанд урссан байсан. Бид зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж 23 цагийн үед мотоцикльтойгоо осолдсон 38 настай иргэний цогцсыг гаргаж авсан.  Цогцсыг Булган аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн. Осолдсон иргэн Орхон аймгийнх, нөгөө хоёр нь Булган аймгийн харъяат иргэд байсан. Дээрх гурван иргэн үерийг гатлахдаа эхлээд морьтой хүнээ оруулж хэр гүнзгий жалга вэ гэдгийг нь шалгуулахаар оруулсан гэсэн. Гэтэл мортойгоо хальтирч доош урсахад араас нь нөгөө хоёр хүн нь ороод нэг нь эндсэн байсан.
Гэр хорооллын зарим хэсэгт нөхцөл байдал хүнд байна. Ямар арга хэмжээ авч  байна вэ?
-Гэр хорооллын багуудад 10 дахь хоног дээрээ шөнө, өдөргүй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар усанд автчихаад байгаа 30 айл байна. Усыг нь шавхах, суваг, шуудуу гаргах гээд багагүй ажил хийж байна. Аймгийн Онцгой комисс хэд, хэдэн удаа хуралдаж олон арга хэмжээ авч ажиллаж байгаа. "Эрдэнэт үйлдвэр”–ээс техникийн туслалцаа авч байна.
Дашрамд хэлэхэд,  шар усны үер  нь  бага ус урсаж байгаа, гуу жалга нь гүехэн юм шиг харагддаг ч их гүнзгий,  урсаж орж ирдгээрээ онцлогтой. Иймд иргэд маш болгоомжтой байх хэрэгтэй.  
 
Б.Оюун-Эрдэнэ

Санал болгох

Сэтгэгдэл

top