|

Ч.ГАНЗОРИГИЙГ “ЭРДЭНЭТ”-ИЙН ЗАХИРАЛ БАЙХ ҮЕД ТӨРСӨН АХ НЬ ОФФШОРТ 6 ДАНС НЭЭЛГЭЖЭЭ

saikhnaa 2018/03/26 1197 0

Ч.ГАНЗОРИГИЙГ “ЭРДЭНЭТ”-ИЙН ЗАХИРАЛ БАЙХ ҮЕД ТӨРСӨН АХ НЬ ОФФШОРТ 6 ДАНС НЭЭЛГЭЖЭЭ

"Эрдэнэт үйлдвэр” гэх том компани 90-ээд оноос хойш улстөрчдийн "угж” болж өнөөдрийг хүрснийг гэрчлэх баримтууд цөөнгүй. Харамсалтай нь танай манай нам гэлгүй бүгд хоорондоо сүлжээ үүсгэн эл том үйлдвэрийн өнгөтэй өөдтэй болгоныг хамж шимж ирсэн улстөрчид ямар нэг байдлаар бие биенээ хууль шүүхийн асуудлаас мулталж ирсэн бараан жишиг нэгэнт тогтсон. Тэгвэл "Эрдэнэт”-тэй холбоотой луйврын хэргүүдийг хэмжигдэх мөнгөн дүнгээрээ бүх цагийн үеийн түүхэнд нь тэргүүлж болзошгүй "Стандарт” банкинд баталгаа гаргаж өгсөн асуудалд холбогдсон Ч.Ганзориг гэж хүн уснаас хув хуурай гарах сэдэлтэй зүйлсийг хэлж ярих болов.

Тэрээр өөрийнх нь гарын үсэг хуурамч гэдгийг тогтоосон гэх мэдэгдлийг нэр бүхий хэвлэлүүдээр санаатайгаар гаргуулсан. Гэтэл Ч.Ганзориг, Д.Сугар нарын буюу баталгааг баталгаажуулсан гарын үсгүүд хуурамч биш гэдгийг гадны шинжээчид тогтоосон тухай хуульч  Т.Алтангэрэл мэдэгдэж байсныг тодотгоё. Тэгвэл "Стандарт” банкинд манай улсын тал 100 гаруй сая ам.доллар төлөх ёстой гэсэн арбитрын шийдвэр нэгэнтээ гарч, АТГ Ш.Батхүүг хорьж, С.Баяраас 10 цагийн туршид байцаалт авч байгаа ийм үед Ч.Ганзориг чухам юунд найдаж өөрийгөө хэвлэлээр гэмгүй нэгэн болгож хэлж ярьж яваа нь сонин.

"Эрдэнэт үйлдвэр”-ийг саалийн үнээ болгон ашигласан нөхдүүдийн эхэнд бичигдэх ёстой Ч.Ганзоригийн хувь бизнес ихэд өргөжсөн байдаг юм билээ. Лав л 3,4 дүгээр хорооллын эцэст байрлах "Gobi complex” гэх 9 давхар барилга түүнийх гэдэг. Говь саун, Говь резорт, Говь зочид буудал, Говь спа гэхчлэн олон үйлчилгээний бизнес түүний гэр бүлийнх. Бүхэл бүтэн 9 давхар барилгыг  хэдэн төгрөгөөр босгох вэ? гээд бодохоор Ч.Ганзориг багагүй мөнгөтэй нэгэн гэдэг нь харагдаж буй. Бас болоогүй МАН-ын тэргүүлэгч санхүүжүүлэгчдийн нэг гэгддэг байсан.

Тэгэхээр "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажилласан хугацаандаа тэрээр мөнгөөр ёстой нэг наадсан байж болзошгүй харагддаг. Өөрөө муу нэр, луу данстай болоод ирэхээрээ зэрэг хүү Г.Тэмүүлэнгээ улстөрд сойж, Архангайн иргэдэд мөнгө төгрөг тарааж байгаад, хүүгээ ямартай ч хууль тогтоох дээд байгууллагад суулгаад авсан. Улстөрд ийн хүүгээ оруулаад авсан Ч.Ганзоригийн төрсөн ах Ч.Батзориг гэгч нь оффшор бүсэд 6 данс эзэмшдэг нь илэрсэн талаар хэвлэлүүд бичиж байв. 

Хамгийн гол нь түүний төрсөн ах Ч.Батзоригийн оффшор данс нээлгэсэн цаг хугацаа нь Ч.Ганзоригийг "Эрдэнэт үйлдвэр”-ийг удирдаж байсан үетэй шууд давхцдаг нь яах аргагүй хардлага дагуулж байдаг юм. Ч.Батзориг нь 2008 оны долдугаар сарын 10, 2008 оны долдугаар сарын 21, 2009 оны нэгдүгээр сарын 20, 2009 оны наймдугаар сарын 13, 2012 оны хоёрдугаар  сарын 10-нд тус тус оффшорт данс нээлгэсэн байдаг. Гэтэл Ч.Ганзориг 2008-2013 онуудад "Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байв. Тэгэхээр "саалийн үнээ” гэгддэг том үйлдвэрийг удирдаж байх үедээ зувчуулсан мөнгөө өөрийн болон хүүхдүүдийнхээ нэрээр оффшорт хадгалах боломжгүй учраас төрсөн ахынхаа нэрээр оффшор тийш илгээсэн байж болзошгүй дүр зураг харагддаг. Даанч манай хуулийн байгууллага эл асуудлыг шалгаж буй эсэх нь мэдэгддэггүй. Нөгөөх Ч.Ганзориг нь гүтгүүлсэн хүний дүрээр элдэв мэдэгдэл хийгээд л сууж байна.

Ер нь Ч.Ганзориг "Эрдэнэт үйлдвэр”-ийг ямар байдлаар сааж ирсэн бэ гэдэгт хариулт болохоор мэдээллүүдээс энд хүргэе. Ч.Ганзоригийг  ган бөмбөлөгийн луйврын торыг Н.Энхбаяртай хамт сүлжсэн гэх асуудал өнгөрсөн хугацаанд хэвлэлүүдээр гарч байв.

  Ган бөмбөлөгийн шахааны наймаа гээд байгаа нь зэсийн хүдэр бутлах зориулалттай ган бөмбөлгийг ихэнхи нь урд хөршөөс нэг тонныг нь 400-500 ам.доллараар оруулж ирээд "Эрдэнэт” үйлдвэрт тонныг нь 1300-1400 ам.доллараар шахаад дундаас нь их хэмжээний мөнгө унагаж байсан бизнес бол зарим нь бөмбөлөг нийлүүлнэ гэж мөнгө авчихаад мартчихдаг завхарсан явдлыг хэлээд байгаа аж. Эл шахааны наймаатай холбоотойгоор улстөрчид "Эрдэнэт үйлдвэр”-т ” 90 сая гаруй ам.долларын хохирол учруулсан бөгөөд экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр бол ил яригдаж байгаа нэг нь л юм. Уг нь ган бөмбөлөгийн шахааны наймааны гэрээнүүд Эрдэнэтийн захирал Х.Наранхүүгийн үед хэд хэдээрээ хийгдсэн байдаг. Харин тэдгээрийг нь төлөгдөх боломжгүй өр гэсэн жагсаалтад багтаан, залруулах ажлыг дараагийн захирал Ч.Ганзориг гардан гүйцэтгэсэн байдаг аж.

Тухайлбал, Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн үеэл болох Ж.Мягмаржаргалын удирддаг  "Henlon”, "Great Global international” компаниудын өрийг цайруулсан хүн бол Ч.Ганзориг гэнэ. Эдгээр компаниуд нь  Н.Энхбаярын Ж.Мягмаржаргалтай хамтран  хийдэг бизнес юм байна. Н.Энхбаяр нарын хавтаст хэрэгт бичигдсэнээр Хонконгод бүртгэлтэй "Helon Company Ltd”, "Great global international” гэх хоёр компанийн нэрээр "Эрдэнэт” үйлдвэрт удаа дараа ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулан, их хэмжээний мөнгө залилсан болохыг хууль хяналтынхан тогтоосон гэж байсан юм. "Henlon” компанийн хувьд 2005 оны 3 сарын 24-ний H-L-240305 тоот гэрээгээр 1.337.240, сая ам.доллар, 2006 оны 6 сарын 23-ны H-L-240606/05-327   тоот гэрээгээр 439130.07 ам.доллар, "Great Global international” компани нь  2007 оны 10 сарын 24-ний 20075-581 тоот гэрээгээр 1.580.000 сая ам.доллар гаргуулсан гэх. Гэсэн ч ган бөмбөлөг нийлүүлэх үүргээ умартан Эрдэнэт үйлдвэрт гурван сая гаруй ам.долларын хохирол учруулжээ. Эдгээр  гэрээнүүд Х.Наранхүү Эрдэнэт үйлдвэрийн захирал байх үед хийгдсэн. Харин энэ өрийг нь  "Эрдэнэт үйлдвэр” компанийн хуулийн хэлтэс "Төлөгдөх боломжгүй” өр гэдэгт оруулаад хаях үед Ч.Ганзориг "Эрдэнэт”-ийн захирал байсан байгаа юм.

 Тэгэхээр Ч.Ганзориг энэ мэтээр л "Эрдэнэт”-ийг мөнгөний угж болгож харж, ашиглаж ирсэн байж болзошгүй нэгэн аж. АТГ-аас -"Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбогдуулан тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга н.Мөнхжаргал нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж буйгаа мэдэгдсэн. Харин Ч.Ганзориг өөрийгөө гэмгүй гэсэн мэдэгдлийг хийж буй билээ.

Эх сурвалж: Monnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top