Архи уудаг, ажил тасалдаг гээд монголчуудаа голон хятадууд ажиллуулж байхад, сэтгэлээсээ хийдэг, сайн ажилладаг гээд солонгосчууд тэднийг нутгаасаа явуулахгүй байна.
Саяхан зээр олон мянгаараа нүүдэллэн явахад, сошиал ертөнцөөр нэг шуугисан. Гэтэл ард иргэд дүрвэх нь холгүй байхад хэн анхаарал тавьж байна вэ? Өнөөгийн байдлаар Солонгост гэрээгээр ажиллахаар 15000 хүн өдөр шөнөгүй дугаарлаж байгаагаас ихэнх нь эрүүл саруул, хөдөлмөрийн насны хүмүүс байна. Ингэж эх нутгаа эзэнгүй шахуу орхин бөөн бөөнөөрөө харийн орныг зорьж байгаа шалтгаан нь юу вэ?
Энд ажил хийж чаддаггүй гэсэн "муу нэртэй” монголчууд тэнд очоод зогсоо зайгүй ажилладаг. Учир нь цалин хангамж өндөр. Хэдий борви бохисхийлгүй ажилласан ч, хөдөлмөрийг нь зохих хэмжээгээр үнэлдэг тул сэтгэлд нь "өег” байдаг биз.
2014 оны байдлаар
Харин Монгол улс нэг цагийн цалингийн доод хэмжээгээр дэлхийд доогуур жагсдаг. Оюутан залуус хичээлийнхээ хажуугаар ажил хийсэн ч цалиндаа сэтгэл хангалуун байж чаддаггүй. Үүний дээр илүү цагийн хөлс ч өгдөггүй гээд бидний ярьдгаар хүний хөдөлмөрийг шулсан ажил олон.
Зуны амралтаараа Америкийг зорьж, цагийн ажил хийсэн монгол оюутнууд нутагтаа ирээд ажил хийхэд үнэхээр урамгүй гэж ярьдаг. Учир нь харийн хүн хөдөлмөрийг нь үнэлээд байхад, Монгол хүн зохих хэмжээнд үнэлэхгүй байгаа нь урмыг нь хугалдаг аж.
Үндсэн ажил ч ялгаагүй. Дөрөв ба түүнээс дээш жил их сургуульд төлбөр төлж, сайн мэргэжилтэн болохын тулд өдөр шөнөгүй суралцсан ч, ажлын байран дээр гараад дээд боловсрол эзэмшээгүй хүнтэй ижил түвшинд амьдрах нь их.
Үүний хажуугаар Монголчуудын ядуу хэрнээ баян харагдах гэж хичээдэг зан их гай болно. Ард иргэддээ олигтой цалин өгч чадахгүй атлаа зун болохоор элдэв бүтээн байгуулалт, цэцэг навч гэсээр гуравхан сарын настай зүйлд хэдэн тэрбумаар нь "цацна”.
"Ард иргэдээ бүсээ чангал" гэдэг хэрнээ өөрсдөө үнэтэй машин хөлөглөнө. Үүнийг нийгмийн зарим хэсэг нь шүүмжилж байхад зарим нь өмөөрдөг. Өмөөрөх шалтаг нь их инээдтэй. Монгол Улсын Их Хурлын гишүүн хүн приус унаад явж байвал "онигоотой” биз дээ хэмээнэ. Мөн л нөгөө ядуу хэрнээ баян харагдах гэсэн хүсэл. Ингэж хичээсэн, хичээгээгүй манай улсын ядуу буурайг бүгд мэднэ. Тиймдээ ч "алтан дээр суусан гуйлгачид" гэдэг нэрээрээ алдартай.
Харин баян улс орнууд бол биднээс тэс өөр. Нидерландын вант улсын ерөнхий сайд ажилдаа унадаг дугуйгаар явдаг. Нээрээ л эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг үгийн илрэл байгаа биз. Гэтэл Монголчууд баян харагдах гэж ядуу амьдарсаар.
Энэ мэт илүү дутуу зардлаа танан, ард иргэдийнхээ цалин хөлсөнд анхаарвал зуу зуугаараа шил даран гадаадыг зорих шаардлагагүй болж, эх орондоо энх тунх амьдрах биш үү!