Октябрийн хувьсгалын 100 жилийн ой, Октябрийн хувьсгал гарахад нөлөөлсөн Карл Марксын "Капитал” бүтээл хэвлэгдэн гарсны 150 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагын эмхэтгэл хэвлэгдэн гарчээ. Уг бүтээлийн өмнөтгөл болгон, Ерөнхийлөгч асан, МАХН--ын дарга Н.Энхбаяр "Түүхэн үйл явдал ба авах гээхийн ухаан" нэртэй өгүүлэл бичсэнийг товчлон хүргэж байна. Уг өгүүллээс Далай лам Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хандан, Монголын тусгаар тогтнолын тухай асуудлаар сонирхолтой яриа өрнүүлснийг уншиж болно.
ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ БА АВАХ, ГЭЭХИЙН УХААН
Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээж, төлөвшин тогтоход олон хүчин зүйл нөлөөлсөн бөгөөд тэдгээрийн дотроос ихээхэн хүчтэй нөлөөлсөн нь хувьсгалууд юм. Тийм ээ, Хувьсгалууд. 1789 оны Францын хувьсгал болон түүний тунхагласан зарчмууд: эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл. 1911 оны Хятадын Синхайн хувьсгал. 1917 оны Оросын Октябрийн хувьсгал. 1921 оны Ардын хувьсгал. Францын 1789 оны хувьсгал Монголд Оросын Октябрийн хувьсгалаар дамжин нөлөөлсөн. Ганцхан Монголоор зогсохгүй бүх дэлхийд нөлөөлсөн. Ер нь Францын хувьсгал 1789 оноос хойш гарсан томоохон хувьсгалуудын эцэг нь гэвэл хэтрүүлсэн болохгүй. Түүний дэлхий дахинд үзүүлсэн нөлөөний тухай ярья гэвэл дэндүү их цаг хугацаа шаардагдана. Харин энд чухамхүү Францын 1789 оны хувьсгал улс төрийн үзэл баримтлал, тухайлбал зүүн үзэл баримтлал, баруун үзэл баримтлалын тухай ойлголт, тэдгээрийн үнэт зүйлсийг бий болгосныг тэмдэглэн хэлье. Өнөөдөр социал-демократ үзэл бол зүүн үзэл баримтлалд багтана. Тэгвэл МАХН нь зүүн үзэл баримтлалтай буюу социал-демократ үзэл баримтлалтай нам мөн.1789 оны Францын хувьсгал:Хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголтыг аливаа асуудлын төвд тавих ёстой гэдгийн эхлэлийг тавьж, хүний эрх, эрх чөлөөний асуудал нь тухайн орны Үндсэн хуулийн амин зүрх нь байх ёстойг тогтоосон,Хаант засаглалыг халж, ард түмэн төр засгийн бүрэн эрхийн эх сурвалж, түүнийг байнга хадгалагч мөн гэдгийг тогтоосонзэргийг онцлон тэмдэглэж байна. Дашрамд хэлэхэд Францын хувьсгалын үр дүнд "Хүний болон иргэний Тунхаглал” хэмээх чухал баримт бичиг батлагдсан юм. Уг Тунхаглалд хүн бүр тэгш эрхтэй, эрх чөлөөтэй төрдөг хэмээх зарчмыг баримталж, үг хэлэх, итгэл үнэмшилтэй байх, дарлалыг эсэргүүцэн тэмцэх (33-35 дугаар зүйлүүд) нь хүний заяагдмал эрх мөн хэмээн тогтоожээ. Энэхүү Тунхаглал одоо хүртэл Францын Үндсэн хуулийн нэгэн салшгүй бүрэлдэхүүн хэсэг хэмээн тооцогддог бөгөөд түүний тогтоосон хэм хэмжээг зөрчих нь Үндсэн хуулийг зөрчсөнтэй адил хэмээн үздэг байна. Энд "аливаа дарлалыг эсэргүүцэн тэмцэх эрхтэй” гэж тогтоосныг анхаарах хэрэгтэй юм. Өөрөөр хэлвэл эрх баригчид хүний эрх, эрх чөлөөг зөрчин ард иргэдийг элдвээр дарлавал ард иргэд эсэргүүцэн тэмцэх буюу хувьсгал хийж эрх баригчдыг огцруулах эрхтэй гэсэн үг юм. Энэхүү Тунхаглал хувьсгал хийх эрхийг хуульчлан тогтоосон байна.Яг ийм зохицуулалт буюу ард түмэн аливаа дарангуйлалын эсрэг хувьсгал хийх эрхтэй хэмээн АНУ-ын Тусгаар тогтнолын Тунхаглал, ХБНГУ-ын Үндсэн хууль (20-р зүйлийн 20.4. дэх заалт), Английн Үндсэн хуулийн багцад багтах "Магна карта” хэмээх хууль тогтоомж, НҮБ-ын баталсан "Хүний эрхийн түгээмэл Тунхаглал” (Удиртгал хэсгийн 3 дугаарт)-д тус тус тогтоосон байдаг. Өөрөөр хэлвэл жинхэнэ ардчилсан оронд дарангуйлал тогтох өчүүхэн ч боломж бололцоо гаргахгүйн тулд ард иргэд хувьсгал хийх эрхийг тогтоож өгсөн байдаг байна. Хувьсгал бол хууль бус үйл явдал биш харин хууль ёсны үйл хэрэг мөн, хувьсгал гарсны бурууг хувьсгал хийх хүртэл байдалд хүргэсэн эрх баригчид хүлээх ёстой гэж тогтоосон байна.
Энэ бол Францын хувьсгалын өнөө хүртэл ач холбогдлоо алдаагүй нэгэн чухал өв мөн гэж үзэж болно.1789 оны Францын хувьсгал, түүний эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл хэмээх гол үзэл санаа Оросын 1917 оны Октябрийн хувьсгалд нөлөөлсөн билээ. Энэ хоёр том хувьсгалыг нэгтгэж буй нэгэн шинж бол аль аль нь тухайн улс орон уламжлалт хөдөө аж ахуй давамгайлсан нийгмийн харилцаанаас аж үйлдвэржсэн нийгмийн харилцаа руу шилжих шилжилтийг эхлүүлсэнд оршино.Түүнчлэн Хаант засаглалыг халж Бүгд найрамдах улсын тогтолцоо руу шилжсэн. Өөрөөр хэлвэл язгууртан гэр бүлд төрснөөрөө бусдаас илүү эрх мэдэл эдлэх, илүү их өмч хөрөнгөтэй байх, нийгмийн давуу байр суурь эзлэх нь шударга бус харин ийм шударга бус тогтолцоог халж, бүгд ижил тэгш эрхтэй төрдөг гэж тооцох, ард түмнээс эх сурвалжтай төр засаг бүгдэд ижил тэгш үйлчилдэг байх, ингэснээр хүн авьяас чадвараа бүрэн дайчлан нээж нийгэмд тодорхой байр суурь эзэлдэг байх нь илүү шударга харилцаа мөн хэмээн үзсэн байна.Нөгөө талаар хэрэв Францын хувьсгал капитализмын үүд хаалгыг нээсэн бол Октябрийн хувьсгал социализмын үүд хаалгыг нээсэн юм. Энэ утгаараа Октябрийн хувьсгал яахын аргагүй Францын хувьсгалын үр дагавар мөн гэж хэлж болно.1917 онд Орост ялсан Октябрийн хувьсгал дэгдсэний учир шалтгаан олон. Оросын 1905 оны хувьсгал, Орос ба Японы дайн, 1914 онд эхэлсэн Дэлхийн 1 дүгээр дайн, 1917 оны 2 дугаар сарын хувьсгал, нэр хүндээ алдсан Хаант засаглал, нэр хүндгүй түр Засгийн газар гээд тоочвол олон шалтгааны тухай ярьж болно. Ямарч байсан эдгээр нөхцөл байдал, дээр нь хувьсгал хийх хүсэл эрмэлзэл, зорилготой В.Ленин, Л.Троцкий нарын толгойлсон большевик нам байснаар Орост Октябрийн хувьсгал гарчээ. Хэрэв Францын хувьсгал нийт франц үндэстний эрх ашгийг илэрхийлэх зорилготой байсан бол Октябрийн хувьсгал "байнгын хувьсгал” хийх, хувьсгалыг нэг оронд ялуулаад зогсохгүй бүх дэлхийд ялуулах зорилготой байсан. Энэ нь ч сүүлд нь Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээхэд тус болсон гэж хэлж болно. Оросын алдарт яруу найрагч А.Блок "Арван хоёр” найраглалдаа:"Мы на горе всем буржуям Мировой костёр раздуем” буюу "Даян дэлхийд түймэр асаая Даварсан хөрөнгөтнүүдийг нам дарая”гэж бичиж байсан нь "байнгын хувьсгал”-ын тухай онолыг уран зохиолын хэлээр илэрхийлсний нэгэн тод жишээ мөн.
1789 оны Францын хувьсгал Хаант засаглалыг халж, Бүгд найрамдах улсын тогтолцоог тогтоосонтой нэгэн адил Францын хувьсгалын нөлөөгөөр мөн адил тийм зорилго тавьсан Синхайн хувьсгал 1911 онд Хятадад ялснаар Манжийн Чин Улсын Хаант засаглалыг халж, Бүгд найрамдах улсын тогтолцоог тогтоосон билээ. Тэр үед Монголын эх орончид Манжийн Чин Улсад хувьсгалын нөхцөл байдал үүсч, Бээжинд байсан эрх мэдэлтнүүдийн хүч суларсныг овжин ашиглаж Монголын тусгаар тогтнолыг сэргээн тогтоосныг зарласан нь Монголд 200 гаруй жилийн турш тогтсон байсан "вассал улсын онцгой байдал”-ыг халж, тусгаар тогтнолыг сэргээсэн чухал алхам болсон билээ.Харамсалтай нь тусгаар тогтнолоо сэргээх, бүх дэлхийгээр хүлээн зөвшөөрүүлэх үйл явц ямар амаргүй байсныг 1911 оноос хойш өрнөсөн түүх бэлхнээ нотлон харуулна. Тухайлбал, 1919 онд Сүй Шүжань генералын толгойлсон гоминданы Хятадын цэрэг Нийслэл хүрээг хүч түрэмгийлэн эзэлж, Богд хааныг гэрийн хорионд суулгаж, Монгол Улсын тусгаар тогтнолыг хүчингүйд тооцон нухчин дарсан билээ. Гэтэл 1917 онд Орост ялсан Октябрийн хувьсгалаас зугтсан цагаантнуудын нэгэн удирдагч Барон Унгерн монголчуудыг эгнээндээ багтаасан цэргүүдтэйгээ Нийслэл хүрээнд байсан Хятадын гамингийн цэргийг бутцохиж, Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээх үйл ажиллагааг дахин идэвхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Октябрийн хувьсгалд ялсан улаантнууд нэгд, цагаантнуудыг дарахыг зорьж байсан, хоёрт, Октябрийн хувьсгалыг экспортлох хүсэл зорилготой байсан учир Д.Сүхбаатар тэргүүтэй монголын хувьсгалчдын хүсэлтийг хүлээн авч Улаан цэргийг Монгол руу илгээж, Д.Сүхбаатарын удирдсан Ардын хувьсгалт цэрэг тэдний дэмжлэгтэйгээр Нийслэл хүрээг эзэлж, ийнхүү 1921 онд Ардын хувьсгал ялсан билээ. 1921 оны Ардын хувьсгал ялснаар Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн сэргэх үйл явц эргэлт буцалтгүй болсон юм. Ямарч байсан монголчууд ХХ зууны эхэнд өөрсдийгөө түгжигдмэл байдлаас гаргах эр зоригтой байжээ. Далай ламтай уулзаж байхад тэрээр надад: "ХХ зууны эхэнд монголчууд, төвдүүд Синхайн хувьсгалын ачаар Манжийн Чин Улсын эрхшээлээс гарч, тусгаар тогтнолоо сэргээхдээ цаашид ямар замаар замнах вэ? гэдгээ өөр өөрийнхөөрөө шийдсэн. Монголчууд эр зоригийг үзүүлж аливаа шинэ бүхний өөдөөс нүд дальдчилгүй харж хүлээж авсан. Цоо шинэ замаар замнасан. Энэ замаараа замнахдаа алдсан, оносны аль аль нь бий. Дэлхийн хэрэг явдалд хутгалдсан. Эргээд дэлхий Монголын хэрэгт анхаарлаа хандуулсан.
Ингээд ерөнхий дүнгээр нь аваад үзвэл зөв зам сонгожээ. Хамгийн том баталгаа нь Монгол Улсын тусгаар тогтнол. Харин төвдүүд сүм хийддээ шавилан сууж, хурал номоо хураад, бусадтай харьцалгуй өөрсдийгөө бусдаас тусгаарлан зожигорч тусгаар тогтнолоо хамгаалж чадна гэж бодсон. Бүх дэлхийгээс нүүрээ буруулсан, эцэст нь бүх дэлхий биднээс нүүрээ буруулсан. Энэ сонголт буруу байжээ. Хамгийн том нотолгоо нь Түвдийн алдагдсан тусгаар тогтнол” гэж айлдсаныг тод томруун санаж байна.
Францын хувьсгал, Октябрийн хувьсгал тухайн нийгмийн харилцаанд огцом өөрчлөлт авчирсныгаа эргэлт буцалтгүй болгохын тулд шинэ харилцаануудаа хуульчлан баталжуулсан байдаг. Тийм учир Францад хувьсгалын дараахан буюу 1789 оны намар "Хүний эрхийн Тунхаглал”-ыг баталж, улмаар тус тунхаглал нь 1791 онд батлагдсан Францын Анхдугаар Үндсэн хуулийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг болсон.Орост 1917 онд Октябрийн хувьсгал ялсны дараа Анхдугаар Үндсэн хууль боловсруулах ажил эхэлж, улмаар 1918 онд Зөвлөлт Оросын Анхдугаар Үндсэн хууль батлагдсан байна.Ардын хувьсгал 1921 онд ялсны дараа Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн баталгаажуулахын тулд хувьсгал хийхэд тусалсан Зөвлөлт Оростой ойр дотны харилцаа тогтоосон нь ойлгомжтой. Ингээд 1924 онд Анхдугаар Үндсэн хууль батлагдан хэрэгжиж эхэлсэн билээ.Францын хувьсгал, Синхайн хувьсгал, Октябрийн хувьсгал, Ардын хувьсгал, эдгээр хувьсгалын илэрхийлсэн үнэт зүйл, дэвшүүлсэн зорилгын нөлөөн дор Монгол Улс ХХ зуунд тусгаар тогтнолоо сэргээн баталгаажуулж, бүх дэлхийд хүлээн зөвшөөрүүлж, нийгмийн цоо шинэ харилцаанд шилжиж, хүн амаа эрүүл саруул болгоход ихээхэн анхаарч, улмаар хувьсгалын өмнөхөн "мөхөж буй үндэстэн” хэмээн тооцогдож байсан монголчууд хурдтай өсч, Ардын хувьсгал ялах үед 600 орчим мянга байсан бол одоо 3 сая гаруй болсон байна.
Их зохиолч Д.Нацагдорж:Эрүүл явбал наадам үзнэмөн:Монголын үр сад маш олон болох болтугайгэж бичиж байсан нь тэр үеийн нийгэмд монголчууд эрүүл саруул болох, олон болж өсч үржих хүсэл эрмэлзэл асар хүчтэй байсныг илэрхийлнэ. Гэхдээ бусад улс оронтой хүний тоогоор өрсөлдөх боломжгүй, харин монгол хүн бүрийн оюун ухаанаар өрсөлдвөл амжилтанд хүрэх боломж нээгдэх байсан тул бүх нийтийн боловсролын асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай байсан. Одоо ч энэ шаардлага улам хурцаар тавигдаж байна. Ямарч байсан ХХ зуунд монголын ард түмэн бичиг үсэгт бараг 100 хувь тайлагдаж, их бүтээн байгуулалтыг өрнүүлж, 20 дугаар зууны эцэст хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн гэхээсээ илүү аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болох нөхцөл үндсэндээ бүрдсэн байв.Зарим эрдэмтэд Октябрийн хувьсгал, түүний нөлөө, өвийг ганцхан ЗХУ-тай холбон авч үздэг нь учир дутагдалтай юм. Тэд ЗХУ задарснаар Октябрийн хувьсгалын үр нөлөө дууссан гэж үздэг. Гэвч үнэн хэрэгтээ Октябрийн хувьсгал дэлхийн хэмжээний томоохон үйл явдал байсан учир түүний нөлөө одоо хүртэл үргэлжилсээр байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Тэгээд ч Октябрийн хувьсгалыг дангаар нь буюу Францын хувьсгал, Синхайн хувьсгал, Ази, Африк, Латин Америкийн олон улс оронд гарсан хувьсгалуудаас тусад нь авч үзэх ямарч бололцоогүй юм. Тийм учир Францын хувьсгалын нөлөө хэвээр байгаагийн нэгэн адил Октябрийн хувьсгалын нөлөө ямар нэгэн байдлаар үргэлжилсэн хэвээр байна. Энэ дүгнэлтийг батлахын тулд өнөөдөр 1,4 тэрбум хүн амтай Хятад Улсад Хятадын Коммунист Нам "Хятадын онцлогтой социализм”-ыг хэрэгжүүлж, өнөөдөр БНХАУ дэлхийд хөгжлийн түвшингээрээ эхний 2-рт багтаж, хамгийн нөлөө бүхий орнуудын нэг болж байгаа жишээ татахад хангалттай гэж үзэж байна. Тэгээд ч БНХАУ нь шууд манай хөрш гээд бодоход Монголд Октябрийн хувьсгалын талаар цаашид ч судлах, түүнээс сургамж авах шаардлага байсаар байна гэвэл хэтрүүлсэн болохгүй. Тэгээд ч Нобелийн шагналт эрдэмтэн Ж.Шумпетер "Капитализм, Социализм, Ардчилал” хэмээх алдарт бүтээлдээ "социализм эрт орой хэзээ нэгэн цагт ”бүтээлч устгах хүч” (creative destruction)-ийн идэвхтэй үйл ажиллагааны дагуу ялахдаа ялна. Социализм ялахад харьцангуй чинээлэг дундаж буюу сэхээтэн давхаргынхан голлох үүрэг гүйцэтгэнэ” гэж дүгнэсэн байдаг нь нэгийг бодогдуулж, хоёрыг санагдуулах ёстой.Ямарч байсан одоогийн байдлаар товч дүгнэхэд дараах байдал ажиглагдаж байна:Хувьсгал тухайн улс оронд гадаад, дотоодын хүчин зүйлийн нөлөөн дор нийгмийн харилцаа хямралд орсон байхад гардаг бөгөөд түүнийг хийх эр зориг бүхий толгойлогчтой хүчин манлайлдаг аж.
Гэхдээ хувьсгал
гарахад хямрал заавал гүнзгий байх албагүй.Хувьсгалаас эрх баригчид
айдаг. Үнэн хэрэгтээ хувьсгалаас айх хэрэггүй. Дэлхийн томоохон
хувьсгалуудыг аваад үзвэл тэд огцом өөрчлөлт авчирсан байдаг бөгөөд
алдсан, оносны аль аль нь байх боловч аливаа өөрчлөлт ерөнхийдөө дэвшил
байдаг гэж үзэхээс өөр аргагүй.Хувьсгалд буруутан хайх нь утгагүй бөгөөд
ямарч байсан хувьсгал хийсэн нь буруутах биш харин юуны түрүүн ард
иргэдээ мөлжин дарлаж хувьсгал хийхээс өөр аргагүй байдалд хүргэсэн эрх
баригчид буруутах ёстой аж.Францын хувьсгал, Октябрийн хувьсгалын үр
нөлөө цаашид ч үргэлжилсэн хэвээр байна. 1989 онд тэр үеийн Хятадын
удирдагч Дэн Сяопинаас Францын хувьсгалын 200 жилийн ойг тохиолдуулан
түүний үр дүнгийн талаар асуухад тэрээр: "Одоо хэлэхэд арай эрт байна”
гэсэн байдаг. Францын хувьсгалын үр дүнгийн тухай 200 жилийн дараа
хэлэхэд эрт байгаа бол Октябрийн хувьсгалын үр дүнгийн тухай 100 жилийн
дараа хэлэх нь бас эрт байх нь ойлгомжтой.В.Ленин хувьсгал гарах тэр цаг
мөчийг тодорхойлохдоо: "дээдчүүл улс орноо олигтойхон авч явж чадахаа
больсон, доодчуул дээдчүүлээр цааш нь удирдуулахыг хүсэхээ больсон”
нөхцөлд хувьсгал гарна гэсэн байдаг. В.Лениний томъёолол үнэний ортой ч
үүнийг тодотгож хувьсгал яг хэзээ гардаг вэ? гэдгийн тухай дараахи
байдлаар хэлж болох юм: "Хувьсгал битгий гараасай гэж мянга залбираад
нэмэргүй, гарахдаа хүрвэл заавал гарна, бас хувьсгал гараасай гэж мянга
залбираад нэмэргүй, гарахгүйдээ хүрвэл гарахгүй”. Гэхдээ орчин үед
хувьсгал заавал зэвсэгт хэлбэртэй байх албагүй, санхүүгийн хувьсгал ч
байж болно.Францын хувьсгал болон Октябрийн хувьсгалыг хооронд нь
холбосон үйл явдлуудын дунд Карл Марксын "Капитал” зохиол хэвлэгдэж,
олон түмний хүртээл болсон явдал чухал байр суурь эзэлнэ. Хүн төрөлхтний
хөгжилд хүчтэй нөлөөлсөн номууд гэвэл "Библи” судар, "Коран” судар гээд
цөөн тооны номыг дурьдаж болно. Тэгвэл тэр цөөн тооны номонд "Капитал”
заавал орох нь дамжиггүй.
Намбарын Энхбаяр