Архангайн ослын хувьд, жолооч үүрэглэсэн, автобусны хөңдлөн тяга хугарсан гэсэн хоёр таамаг дэвшүүлэн шалгаж байгаа гэж албаны хүн мэдэгдсэн билээ. Гэхдээ дүгнэлт хэрхэн гарахаас үл хамаараад хариуцлагагүй байдал, хувиа хичээгч үзэл, шунал, хэнэггүй байдал гээд манайханд байдаг олон муу чанар л ослын шалтгаан болсон гэдэгт итгэлтэй байна.
Хот хоорондын зорчигч тээвэрт хувийн
микро автобус явдаг байх үед иймэрхүү осол олон гардаг байлаа. Жолооч нь
үүрэглээд л замын хажуу руу нисч орхино. Хөдөө аймгаас зорчигч
тээвэрлэж ирсэн жолооч тээврийн товчоон дээр ирмэгцээ хэн нэг танилаараа
"Тийшээ, ийшээ явлаа” хэмээн зарлуулж, тэр хоорондоо жаахан дуг хийсэн
болоод эргээд л гарах нь ердийн үзэгдэл байв. Зорчигчид нь ч хэнэггүй,
10 хүн тээвэрлэх зориулалттай бага оврын автобусанд 18-20 хүн суулгана
гэхэд "За” гээд л суудаг. Жолоочийнх нь нүд улайчихаад үүрэглэх гээд
байгааг харсаар байж "Жаахан амарч байгаад хөдөлье” гэхийн оронд "Хурдан
яваач ээ, хүрэх газраа хурдан хүрмээр байна” гэж загнана. Үр дүнд нь
илүү олон хүн осолд өртөж хохирдог байв.
Хот хоорондын тээвэрт ийм хэнэггүй,
хариуцлагагүй байдал ноёлж, эх захаа алдсаны дараа холбогдох
байгууллагаас шийдвэр гаргаж, зөвхөн том оврын автобусаар тээвэр
хийлгэхээр болж, хуулийн этгээдэд л тээвэрлэлт хийх боломжийг олгож
өгсөн. Эх захгүй, эмх журамгүй байдлыг үгүй болгох л гэж тэр шүү дээ.
Гэтэл энэ хэнэггүй, хариуцлагагүй байдал хэвээрээ байгаа юм
байна. ПАЗ 4234 автобус нь 2002 онд үйлдвэрлэгдсэн, 30 зорчигч тээвэрлэх
стандарттай. Увс руу зорчиж явсан автобус Улаанбаатараас гарахдаа
дүүрэн зорчигчтой гарсан гэсэн үг. Замд авсан найман зорчигч бүгд
хэтрэлт байжээ. Гэхдээ зорьсон газраа хүрэх гэж замын унаанд гар өргөсөн
иргэд биш, компани, машин техник, зорчигчдын амь насыг хариуцаж яваа
жолооч нарын хариуцлагын асуудал энд яригдана.
"Цавчаа” гэдэг үгийг мэдэхгүй монгол хүн
үгүй биз. Уг нь бол илд, сүх гэх мэт иртэй зүйлээр юмыг нэг далайлтаар
тас цохихыг цавчих гэдэг. Харин өнөө үед бол цалингаас гадуурх орлого
гэсэн утгаар ойлгогдоно. Ямар ч ажил хийж байгаа хүнд цавчаа хийх боломж
байдаг. Их багын л ялгаатай. Дарга төсвийн мөнгөөр улсад хохиролтой
худалдан авалт хийж хувьдаа мөнгө цохидог бол жолооч шатахууны баримтан
дээрээ илүү дүн бичүүлж мөнгө цохино. Эмч нар үнэгүй үйлчилгээг үнэтэй
үзүүлнэ, барилгын туслах ажилчин байсан ч байгууллагаас хулгай хийнэ.
Энэ бол эдийн засаг хөгжөөгүй, орлого багатай оронд л ийм "цавчаа” их
байдаг гэх. "Та хэдэн төгрөгийн цалин авч байна” гэхэд "500 000” гээд,
"Хэдийг нь зарцуулж байна” гэхээр "Сая гаруйг л зарцуулж байна даа” гэж
хариулах хүмүүс зөндөө. Төрд ажилладагууд нь үүнийгээ "Албан тушаалын
хаялга” гээд эвтэйхэн нэрлэчихсэн.
Хот хоорондын зорчигч тээврийн жолоочийн хувьд ийм "цавчаа”
нь зам зуураас суусан зорчигчид юм. Тасалбар өгөлгүйгээр зорьсон газар
нь хүргэж өгөөд мөнгийг нь өөртөө авна гэсэн үг. Хол газар явгараад
гараа өргөсөн нэгнийгээ зогсоод авчихдаг монгол хүний сайхан сэтгэл
хэвээрээ байгаа байж болно. Бас хаа байсан Төв аймгийн Лүнд байгаа
хүнийг заавал Улаанбаатарт очиж бүртгүүлж байж Увс руу яв гэж хэлэх ч
хаашаа юм бэ. Хамгийн гол нь, таван цаас бодож хийсэн энэ алхам нь
жолооч нарын хувьд буруутан болох нэг үндэслэл болж байгааг л ойлгох
хэрэгтэй.
Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу
зорчиж явсан орон нутгийн автобус "Цонжин болдог” орчимд буюу Төв
аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Баян даваагийн адаг зам дээр осолдож
зургаан хүн газар дээрээ нас барсан ноцтой осол гарч байсан. Энэ осол
жолооч зүүрмэглэснээс болж гарсан нь тогтоогдсон. Үүнээс 10 хоногийн
өмнө Улаанбаатар Багануурын чиглэлийн том оврын зорчигч тээврийн УБГ
5775 улсын дугаартай автобус Төв аймгийн Баяндэлгэр суманд осолдсон
хэрэг гарч байсан гэх зэргээр хот хоорондын зорчигч тээвэр их бага
хэмжээгээр осолд өртсөн гэсэн мэдээлэл cap алгасахгүй гарч байгаа нь
харамсалтай.
Олон хүний амь насыг тээн яваа хот
хоорондын зорчигч тээврийнхэн нэг жолоочийг ээлжгүй, амралтгүй ийн
явуулдаг нь осол гарах гол шалтгаан болж байгаа юм. Хот хоорондын
тээврийн хэрэгслүүд шөнийн цагаар зорчигч тээвэрлэн явах нь элбэг
байдаг. Энэ нь ч мөн осол гарах бас нэгэн шалтгаан болдог байна. Хамгийн
наад захын жишээ гэхэд үзэгдэх орчин муу, энэ цагт амарч байх ёстой тул
хүний сэтгэн бодох чадвар зэрэг суларч сульдсан байдалтай байдаг
зэргээс осол гардаг байна. Иймд холбогдох албаныхан хот хоорондын
зорчигч тээврийн энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол цаашид орон
нутгийн замд үүнээс болж олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч
мэдэхээр байна.
Автобус хотоос гарахдаа хоёр жолоочтой
гарсан гэж бүртгэлд тэмдэглэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл, ээлжийн
жолоочтой, бүх зүйл ёс журмын дагуу байжээ. Гэвч энэ бол цаасан дээр л
ийм байгаа юм. 40 гаруй цаг жолоо мушгиж осол гаргасан жолооч цагдаагийн
байгууллагад өгсөн мэдүүлэгтээ "Ээлжийн жолооч нь ажлаасаа гарсан” гэж
мэдүүлэг өгсөн байсан талаар хэвлэлүүдэд мэдээлсэн. Гэтэл ЗЦГ-аас
гаргасан мэдэгдэлд Орон нутгийн замд явж буй жолооч хөдөлмөрийн аюулгүй
байдлыг хангаж ажлын найман цагаар ажиллан, ээлжийн жолоочтой байх
ёстой” гэж тов, тодорхой бичсэн байгаа шүү дээ. Хэрвээ жолоочийн хэлсэн
үнэн бол компани ч хариуцлага хүлээх асуудал яригдана. Жолооч нь
ажлаасаа гарсныг компани л мэдэхгүй байв гэж. Мэдсээр байж хоёр
жолоочтой мэтээр заль гаргаж байсан бол хариуцлага ярихаас аргагүй. Ер
нь энэ хэргийн цаана хот хоорондын зорчигч тээврийн компаниудын гаргадаг
энэ мэт заль мэх олон байх магадлалтай. "Шунал ихэдвэл шулам болно"
гэдэг үг бийг санах цаг болсон шүү.
Эх сурвалж: Монголын мэдээ
Х.Батсайхан