Орон нутгийн нислэгийн дийлэнх хувийг гүйцэтгэдэг "Аэро Монголиа” компанийн өнгөрсөн сард оруулж ирсэн Embraer ERJ 145 LR загварын онгоц 6-р сарын 18-нд Улаанбаатараас баруун хязгаарын Увс, Баян- Өлгий аймгууд руу нислэг үйлдэх хуваарьтай. Уг хуваарьт нислэгт эрсдэлийн баталгаа бүрэн хангагдаагүй онгоц ниссэнийг зорчигчид мэдээгүй байж болох ч хяналт, шалгалт тавих үүрэгтэй байгууллагууд нь мэдэж байгаа бололтой.
Учир нь ERJ 145 LR онгоц хэдхэн хоногийн өмнө дадлагын нислэг үйлдэх үедээ арын салхины хурд зөвшөөрөгдсөн хэмжээнээс өндөр байсан учир Улаанбаатарт газардаж чадалгүй Хөвсгөл аймгийн Мөрөн дэх нисэх буудалд газарджээ. Мөрөнд буух үедээ мөн л техникийн ноцтой дутагдал гаргасан байна. Ийм тохиолдолд онгоцыг буулгах зөвшөөрөл өгдөггүй гэдгийг мэдсээр байж "Аэро Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батмөнх Нислэг хөдөлгөөний төвийн ажилтнуудыг удаа дараа дарамталж, өөрийн компанийн онгоцоо газардуулах гэж шахаж, зандарсан гэх мэдээлэл байна. Үүнээс үүдээд Мөрөнд буусан онгоцыг засахаар Улаанбаатар хотоос инженер техникийн ажилтнууд болон сэлбэг, хэрэгслийг илгээж, тус онгоцыг засуулжээ.
Монголд өнгөрсөн тавдугаар сард орж ирсэн боловч ERJ 145 LR агаарын хөлөг удаа дараагийн техникийн үзлэгээр зөрчил, дутагдалдтай гараад байгаа талаар зарим хэвлэлд мэдээлсэн. Сүүлд хийсэн дадлагын нислэг ч амжилтгүй болсон. Холбогдох хуулиар шинээр орж исрэн агаарын хөлөг 50 цагийн дадлагын нислэг үйлдсэн байх ёстой атал зөрчил, дутагдал шинжилгээгээр хэдэнтээ илрээд байгаа уг онгоцыг ИНЕГ-ын дарга асан "Аэро Монголиа” компанийн захирал С.Батмөнх шууд хуваарьт нислэгт оруулахаар нэр нөлөө, салбартаа танигдсан байдал зэргээ ашиглан зүтгүүлж байгаа бололтой. Түүнд ажлаа үр дүнтэй харагдуулах гэсэн амбиц байх нь тодорхой ч хууль зөрчсөн үйлдэл хийж, зорчигчид болон нислэгийн багийнхныхаа амь насаар дэнчин тавьтлаа шунах хэрэг баймааргүй. Хэрэв 6-р сарын 18-нд Увс, Баян-Өлгий рүү хуваарьт нислэгт дээрх онгоц хөөрсөн бол нисэх багийнхны төдийгүй зорчигчдын амь нас эрдсэлд орж байгаа хэрэг.
Мөн онгоц газардах боломжгүй гэж дүгнэсээр байхад С.Батмөнх шахаж, дарамталсан гэх яриа үнэн бол хөөрхий Нислэг хөдөлгөөний төвийн мэргэжилтнүүд хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг л байсан бололтой.
Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын 3.16-д "Иргэний нисэхийн осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагаа нь аливаа этгээдийн гэм бурууг тогтоох, хариуцлага тооцоход бус осол, зөрчил давтан гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн, төрийн өмнөөс хэрэгжүүлэх үйл ажиллагаа байна” гэсэн заалт бий. Тэгвэл тэрхүү осол, гэмтлийг шалган тогтоож, урьдчилан сэргийлэх үүрэгтэй төрийн үйл ажиллагааг төлөөлөн гүйцэтгэгч нар эрх ашгийн зөрчилтэй этгээдийн үгэнд орж болзошгүй эрсдлийг булзайруулан хааж байгаа нь буруу биз ээ. Аэро Монголиа компанийн иймэрхүү үйлдэлд хууль ёсны этгээдүүд цэг тавихын оронд хаацайлаад байвал юу л болох бол доо?!
Эх сурвалж: TUR.MN