|

Хаврын чуулганы хаалт буюу ээлжит бусын чимээ

saikhnaa 2018/06/28 141 0

Хаврын чуулганы хаалт буюу ээлжит бусын чимээ

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөө, маргаашгүй хөшгөө хаах нь. Уг нь, хуулиараа бол ирэх сарын 5-нд чуулганы хуралдааныг хаах ёстой. Гэвч эрхэм түшээд хугацаанаасаа өмнө хаврын чуулганыг хаахаар зэхэж байна. Гэтэл улс, эх орны хувь заяаг шийдэх олон хууль, тогтоолын төсөл дарааллаа хүлээж байна.

Ямар сайндаа л өчигдрийн чуулганы хуралдаанаар 16 хууль, тогтоолын төслийг хэлэлцэж, иргэдийн "хувь заяа"-г хэдхэн цагийн дотор шийдлээ. Болсон, болоогүйг нь үл огоорч тэд олон хууль, тогтоолын төслийг алх цохих төдийд баталж, "амралт"-аа авахаар яаравчиллаа. Тэд иргэдийн хувь заяагаар ингэж л "тоглож" байна.

Энэ мэт тэднийг баалаад суувал дуусахгүй. Тиймээс энэ сэдвийг түр орхиё. Харин олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байгаа хууль бол Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Энэ хуулийг батлах аваас Засгийн газар хийгээд түүний харьяа байгууллага шүүх эрх мэдлээс ангид болно. Тэр хэрээр тэдэнд эрх мэдлийн хүрээ нь нэмэгдэнэ гэсэн үг. Түүнчлэн зарим захиргааны шүүх байгууллагыг татан буулгах асуудал ч хөндөгдөнө. Хамгийн гол нь, энэ хуулийг Засгийн газраас оруулж ирсэн байдаг. Засгийн газраас оруулж ирсэн энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүй ёсных хэдий ч Засгийн газар хууль зөрчсөн хуулийн төсөл оруулж ирсэн гэдгийг хуульчид хэлж байна.

Тухайлбал, шүүх байгууллагыг толгойлж байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Монгол Улсын Шүүхийн тухай хуульд зааснаас шүүхийг татан буулгаж, өөрчлөн байгуулах эрх парламентын гишүүд, Засгийн газарт байхгүй. Зөвхөн тийм эрх нь Ерөнхийлөгчид бий. Өөрөөр хэлбэл, Шүүхийн тухай хуулийн 11.3-т зааснаар Улсын Дээд шүүхээс бусад шүүхийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудал Шүүхийн ерөнхий зөвлөл Засгийн газартай зөвшилцөх ёстой.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн байдаг. Тиймээс бусад хууль тогтоомжийг баталдаг шиг УИХ-ын нэг гишүүн ч байдаг юм уу, Засгийн газар шүүхийг татан буулгах асуудал байхгүй. Энэ бол Шүүхийн тухай хуулиар хамгаалагдсан зүйл" хэмээн байр сууриа илэрхийлсэн. Дээр нь энэ хуулийн төслийг энэ янзаар нь арай ч баталчихгүй байх гэдэгт найдаж байгаагаа давхар мэдэгдсэн билээ.

Г эсэн ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан байв. Багтсан гэдгийг нь УИХ-ын дарга М.Энхболд индэр дээрээсээ хэллээ.

Азаар УИХ дахь АН-ын бүлэг дээрх хуулийн төслийг эргэж харах нь зөв гэж үзжээ. Тиймдээ ч УИХ-ын Дэгийн тухай хуулиар ажлын тав хоногийн завсарлага авлаа.

Тодруулбал, өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад дагалдах хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав. Өөрөөр хэлбэл, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар оруулж ирлээ. Байнгын хорооны хурал дээр гишүүд энэ хуульд нухацтай хандах байх гэж бодож байлаа. Харамсалтай нь, тэгсэнгүй. Энэ хуульд илүү ач холбогдол өгч, зүйл болон заалтаар нь авч үзэх хэрэгтэй байна. Тиймээс АН-ын бүлэгтээ хоногийн завсарлага хүсэж байна" гэсэн юм.

Харин УИХ-ын дарга М.Энхболд "Д.Эрдэнэбат гишүүн ээ, та тав хоногийн завсарлага авна гэх юм. Хууль зүйн байнгын хорооны хурал дээр тохиролцоогүй юм уу, заавал тав хоногоор авах юм уу. Ганц, хоёр хоногоор авч ярилцах боломж байхгүй юу" хэмээн асуулаа.

Хариуд нь Д.Эрдэнэбат "Энэ асуудлыг зайлшгүй эргэж харах ёстой гэж үзэж байна. Тиймээс тав хоногийн завсарлагаа авна" гэснээр сая нэг УИХ-ын дарга М.Энхболд АН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өглөө.

Гэтэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөө, маргаашгүй хаалтаа хийнэ. Хаалтаа хийнэ гэдгээ өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн байдаг. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авчихлаа. Тэгэхээр энэхүү асуудлыг чуулган завсарласан ч ээлжит бусаар хуралдаж хэлэлцэх нөхцөл бүрдэж байна гэхэд болно.

Хэдийгээр албан ёсоор ээлжит бус чуулганыг хуралдуулж энэ мэт зарим асуудлыг хэлэлцэхээ мэдэгдээгүй ч эрх зүйн орчин бий болжээ. Дээр нь УИХ-ын зарим гишүүн ч ээлжит бус чуулганыг хуралдуулж, хэлэлцэж амжаагүй зарим хууль, тогтоолын төслөө хэлэлцэх ёстой гэдгийг ч хэлж байна. Хэрхэхийг харах л үлдлээ.

Б.ТӨГӨЛДӨР

ЭХ СУРВАЛЖ:

Санал болгох

Сэтгэгдэл

top