|

Ц.Баттуяа: АТАА /богино өгүүллэг/

saikhnaa 2018/07/03 478 0

Ц.Баттуяа: АТАА /богино өгүүллэг/

Эртний хийцтэй хоёр сүүдрэвч, саяхан суулгасан болохоор хараахан өндөр болж амжаагүй бут сөөг, нов ногоон зүлэг... Зүггүй хүн төрөлхтөнг нялх ногоон дээр гишгэчихээс сэргийлж, зүлэгний дундуур зориуд татсан нарийхан засмал зам. Хотын нэгэн жижигхэн цэцэрлэгт хүрээлэн. Энд өндөр мод, багсайтал ургасан цэцэгс байхгүй нь даанч тоогүй.
Бяцхан охин цэцэрлэгийн засмал замаар ээжийгээ даган алхаж явлаа. Тэгснээ гэнэт хар хурдаараа гүйсээр сүүдрэвчний хажууд очоод, өвдгөө нугалан суув. Тэнд ургасан ганцхан ягаан цэцэг охины сэтгэлийг өөрийн эрхгүй татжээ. Охин цэцгийг ажиглаж удаан суулаа. Бүр дөрвөн зүг, найман зовхист нь гарч харав.Бас жижигхэн ягаан дэлбээ, нарийхан иш, өхөөрдмөөр жижигхэн навчийг нь нэг бүрчлэн сайн ажиглалаа. Сүүлдээ эд эс бүрийг нь ялгаж үзэх гэсэн мэт дэлбээг нь нэг нэгээр, навчийг нь, ишийг нь бяцхан хуруугаараа илж үзлээ. Ээж нь охиноо удаан ажиглаж зогссоноо залхав бололтой, "Явъя" гэлээ. Охин цэцгийг ажигласаар л... Ээж нь охиноо хөтөлж цааш зүглэхэд охин эргэн эргэн харсаар цэцэгнээс нэлээд холдов. Тэгснээ "Ээж ээ, гар тавьж бай. Би одоохон" гээд өнөөх цэцгийн зүг гүйж одлоо. Охин цэцэгний дэргэд ирж зогсоод, ахиад л шохоорхож сонжсон харцаар ширтлээ. 
"Цэцүкэ, явъя аа. Чи наанаа юу хийгээд байгаа юм бэ" гэж ээж нь тээр тэндээс уцаарлангуй хашгирах нь тэр. Охин ээж рүүгээ гүйх гэснээ, гэнэт эргэж хараад цэцгийг тас татаад газар хаячихав. Салхинд дуу аялах мэт ганхаж байсан бяцхан ягаан цэцэг газарт уналаа. Бяцхан охин газар хэвтэх цэцгийг хэсэг ширтэв. Ээжийнхээ дараагийн хашгирах дуутай зэрэгцэн охин цэцгийг гишгэж орхилоо. Өнөөх үзэсгэлэнт ягаан цэцгийн дэлбээ хүйтэн чулуун зам дээр хэвтэнэ. Цэцэг дахиад хэзээ ч босож чадахгүй болжээ. Охин хорсолтой жуумалзаад, ээж рүүгээ гүйн одов. 
Гэвч бяцхан цэцэгний тасарсан дэлбээ охины өмссөн нил ягаан даашинзаас өнгөлөг, үзэсгэлэнтэй хэвээр. 
2009-06-20 "Таримал цэцгийн сүм" номоос

Санал болгох

Сэтгэгдэл

top