|

"Гудамжны халдлага" буюу охидыг айлгадаг бүдүүлэг зан

saikhnaa 2018/07/04 615 0

"Гудамжны халдлага" буюу охидыг айлгадаг бүдүүлэг зан

Зуныг та хэрхэн төсөөлдөг вэ. Мэдээж, гоё тод өнгөнүүд, цэцэгс, гудамжаар алхах охид, бүсгүйчүүд, тэдний хөнгөн нимгэн, дэгжин хувцас гээд зуныг илэрхийлэх зүйл олон. Гэтэл сүүлийн үед охидын урин дулаан цагийн дурсамжид айдас, болгоомжлол нэмэгдсээр байдаг боллоо. Охид, бүсгүйчүүдийн ихэнх нь үүнийг "street attack” буюу гудамжны халдлага гэж нэрлэдэг.

 

ЧАМД ИЙМ ЗҮЙЛ тохиолдож БАЙСАН УУ?

Урин дулаан цагт хотын гудамжаар өөрийн хүссэн хувцсаа өмсөөд сэтгэл дүүрэн алхах эрх хүн бүхэнд бий. Гэтэл өнөөдөр гудамжаар алхаж буй охид, бүсгүйчүүдийг элдвээр дуудан, өдөж хоргоох нь хэвийн үзэгдэл болсон байна. Энэ тухай яриа дэлгэхэд л олон охин хотын гудамжаар айдастай явдгаа хэлж байсан. Тухайлбал, "Зам хөндлөн гарах гээд гарцан дээр зогсож байхад хэсэг залуус ирээд дугаар асууж, тойрч зогсоод явуулахгүй байсан.

Өндөр өсгийт өмсөж, нүүрээ будаад явахаар олуулаа зогсож байгаа залуусын хажуугаар зөрөхөөс айдаг” гэсэн оюутан охины яриаг цахим сүлжээнд нийтлэхэд өдөр бүр ийм зүйлтэй тулгардаг бүсгүйчүүдийн маш олон сэтгэгдэл ирж байсан. Тэр дунд "Хичээлийнхээ завсарлагааны цагаар сургуулийн цайны газарт зогсож байхад хэн нэгэн миний өгзөгнөөс базсан. Бужигнасан олон хүүхэд байсан болохоор хэн тийм үйлдэл гаргасныг мэдээгүй.

Бас найзууд минь намайг ийм байдалтай хараагүй байгаасай гэж бодож их ичсэн хэмээн дунд сургуулийн нэгэн охин сэтгэгдлээ хуваалцсан байсан. Харин танд ийм явдал тохиолдож байсан уу. Та тэр үед ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ. Энэ үйлдэл нь "хууль бус” гэдгийг мэддэг үү эсвэл бусад эмэгтэйн адил чимээгүй л дотроо цочролд ороод өнгөрдөг үү.

МОНГОЛД ХАА САЙГҮЙ ТААРАЛДДАГ БҮДҮҮЛЭГ ЗАН

"Гудамжны дарамт шахалт (The verbal street harassment)”-ын талаар АНУ-ын "Маттер” цахим сүлжээнээс 2014 онд 10 орны эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулсан байдаг. Энэ судалгаагаар мексик бүсгүй долоо хоногт дунджаар 29 удаа ийм дарамтад ордог бол Монгол Улсыг төлөөлсөн эмэгтэйн хувьд долоо хоногт дөрвөн удаа ийм дарамтад өртдөг гэж хариулсан байна.

Манай орныг төлөөлөн нэрээ нууцлан судалгаанд оролцсон эмэгтэй энэ төрлийн дарамт зөвхөн гудамж талбайд ч гэлтгүй автобус, нийтийн тээвэр, үйлчилгээний газруудад ч элбэг тохиолддог болохыг онцолсон байв. Мөн энэ эмэгтэйчүүдэд тохиолдсон гудамжны дарамтын 72 хувь нь ганцаараа явж байх үед тохиолддог гэсэн байна. Хэн нэгнийг хүсэхгүй байхад нь шүүмжилж, доромжилсон өнгө аясаар хандахыг хамгийн энгийнээр гудамжны дарамт, шахалт гэж ойлгож болно.

Эрчүүдийн дийлэнх нь охидыг өдөхдөө шүгэлдэх, элдвээр дуудан хоргоох, биед нь зөвшөөрөлгүй хүрэх зэрэг үйлдэл үзүүлдэг нь эмэгтэйчүүдэд сэтгэл санааны дарамт болдог гэдгийг бүдүүлэг зан гаргагчид мэддэггүй нь харамсалтай. Манай улсын хувьд өнгөрсөн оны байдлаар 80 гаруй эмэгтэй хүчирхийлэлд өртсөн, үүнээс зургаан хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж бүртгэгджээ.

Гэтэл үүнээс хэд дахин олон охид эмэгтэйчүүд өдөр тутамдаа "гудамжны дарамт”-д өртөж байна. 21 настай Б.Н "Олуулаа залуус хажуугаар гарахдаа нэгнийгээ түлхэж, түлхэлтэд нь цохигдож унах ч тохиолдол гарч байсан. Тэдний хариу үйлдэл нь шоолж инээлдэх. Ямар ч "уучлаарай” байхгүй. Харин надад энэ нь огтхон ч хөгжилтэй санагдаагүй” гэлээ.

Францын "The Local” мэдээллийн агентлагаас гаргасан судалгаагаар эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь энэ төрлийн дарамтаас зайлсхийхийн тулд өмсөх хувцсаа тохируулан сонгодог гэсэн байв. Мөн залуус хүссэн хувцсаа өмсөж болно, харин эмэгтэйчүүдэд тийм "боломж” байхгүй гэж бодож явдгаа хэлсэн байна.

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХҮРЭХ ХЭРЭГГҮЙ

Манай улсын иргэдийн дунд хүчирхийлэгчийг бус хохирогчийг буруутгадаг гажууд хандлага ажиглагддаг. Яг үүнтэй нэгэн адилаар гудамжны дарамт шахалтад өртөх явдлыг охидын өөрсдийн биеэ авч явах байдалтай холбон шүүмжлэх нь тун ч гайхмаар. Уг нь богино юбка өмсөх нь хүчирхийлж болно гэсэн утга биш шүү дээ. Гудамжны дарамт шахалт бол гэмт хэрэг гэж үзээд хуулиараа зохицуулсан Белги, Португал, Шинэ Зеланд гэсэн орнууд бий.

Харин манай улсын хувьд энэ талаар тодорхой арга хэмжээ байдаггүй, энэ нь гэмт хэрэг гэдгийг мэдэх хүн ч ховор. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөөх олон үйл ажиллагаа жилээс жилд явагддаг. Тэр бүрт ихэнхдээ нүдэнд ил харагдах зүйлсийг л тусгадаг. Харин сэтгэл санааны хохирол үзүүлж буй энэ төрлийн дарамтыг төдийлөн авч үздэггүй.

Гэхдээ Монголд дан ганц гудамжны халдлагын эсрэг хууль гэж байхгүй ч "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” гэж бий. Энэ хуульд бусдыг хүйсээр ялгаварлаж, адил буюу ижил төстэй нөхцөлд эсрэг хүйсийн хүнээс ялгаатай байдалд хүргэсэн эсвэл хүргэхийг оролдсон үйлдлийг "жендэрийн шууд ялгаварлан гадуурхалт” гэж заасан байдаг.

Хэрэв та гудамжаар алхаж яваа эрэгтэй хүний хажуугаар зүгээр өнгөрчхөөд, эмэгтэй хүн рүү ус цацаж, элдвээр хэлж, дуудаж байвал энэ чинь яах аргагүй жендэрийн шууд ялгаварлан гадуурхалт юм. Харин таны "халдлага”-д өртсөн хохирогч Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст энэ тухай гомдол гаргах эрхтэй. Тиймээс хотын соёлд хүн бүхний оролцоо хэрэгтэй.

Гудамжаар алхаж буй, нийтийн тээврээр зорчиж буй бүх хүн гудамжны дарамт бол энгийн нэгэн зугаа биш, энэ бол гэмт хэрэг гэдгийг мэдэх нь чухал. Эмэгтэйчүүдийг хүндэл, тэдэнд зөвшөөрөлгүй хүрэх хэрэггүй. Тэд гудамжаар айдасгүй алхахыг хүсэж байна. Яг л эрчүүдтэй адил.

Б.Пунцагхорлоо, Зууны мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл

top