Өдөржин
ямар газар явж байгаагаа ч эс анзааран алхсаар нар шингэхийн үед нэгэн
хөндийд ирлээ. Хоёр талаар үргэлжлэх уулсын оройгоор ургасан модод
салхинд шуугина. Хөндийн дээд аманд өндөр сүрлэг хадан хясаа сүүхийж
харагдана.
Хүн
амьтан нутагладаггүй аглаг буйд газар бололтой, өтгөн ургасан борог өвс
хөл дороос чангаана. Энэ газар яагаад ч юм Гармаад галав эртний танил
санагдах нь гайхмаар. Явсаар хөндийн эхэнд бараантах хадат цохионы
нөмөрт хоноглохоор шийдлээ. Үүргэвчиндээ авч явсан усаараа хээрийн цай
буцалгах зуураа эргэн тойрноо ажиглалаа. Энд лавтай зуун жил хүний хөл
гишгээгүй байх гэж бодогдмоор ер бусын далд түгшүүр, айдас төрөм газар
аж. Цайгаа уугаад унтахаар хэвтлээ.
Тэнгэрт
түгсэн од мичид анивчин далдын далд нууцын чинад руу дуудан байх шиг.
Нойр хулжиж ямар нэгэн зүйлд яарах мэт сэтгэл дэгэлзэж босоод алхмаар ч
юм шиг…унтахын тулд амандаа бувтнан тоо тоолж эхэллээ…
* * *
…
Би үүнийг эндээс бушуухан салгаж аваад явах хэрэгтэй, нөгөө дайснууд
арай буцаад ирэхгүй байгаа даа… хурдлах хэрэгтэй, яагаад салахгүй байна
аа?... өө хуйлаас нь задраад хадан дээр дэлгээстэй чигээрээ наалдчихсан
юм шив дээ. Тэгвэл энэ хавтгай чулуутай нь цуг аваад явчихъя гэж бодоод
хүчлэн татлаа… салж байна. Хий гишгээд золтой л хойш уначихсангүй…
цочсондоо нүдээ нээлээ.
Сая
л хадны ирмэг дээр зогсож байгаагаа мэдрэхэд ар нуруу руу хүйтэн жавар
үлээх шиг. Яаж энд гарсанаа ойлгосонгүй, бодвол зүүдэндээ хувцасаа
өмсөөд унтаж байсан газраасаа босоод явчихсан бололтой.
Хадны
ирмэг дээрээс уначихгүйн тулд хоёр гараараа тас зуурсан хавтгай чулуу
руугаа хараад "Бурхан минь” дуу алдлаа. Хуучин монгол бичгээр моотуу
цаасан дээр хар бэхээр бичсэн бичиг. Тэр бичиг миний тас зуурсан хавтгай
чулуутай салахын аргагүй барьцалдан наалдаж он цагийн уртад чулуужжээ.
Эвдэрч гэмтээгүй эртний ховор олдвор зүүд нойрондоо олсондоо итгэж
чадахгүй байв. Магадгүй ямар нэгэн далдын хүчин тусалсан байхыг ч
үгүйсгэх аргагүй. Гармаа тэр бичгийг хавтгай чулуутай нь цуг байгаа
газраас нь эвтэйхэн салгаж болгоомжтой доош буулаа.
Маш
сонин аялгатай бичигдсэн тул хичнээн оролдоод ч чулуужсан бичгийг тайлж
уншиж чадсангүй. Түүнээс гадна өөр сонирхолтой зүйл олдож магадгүй гэж
горилон цохио хадыг эргэж тойрч үзсэн боловч юу ч олсонгүй. Үдэш нь
олдвороо дэрнийхээ хажууд тавиад унтахаар хэвтлээ.
* * *
-
Бошигт хаан чамайг хүлээж байгаа, бушуу ор гэж хаалгач шивэгнэх шахам
хэлэхэд Дармаа яаран босго даваад үүдэнд сөгдлөө. Дэнгийн гэрэлд Галдан
бошигт өөрийн итгэлт жанжин Галдмаа баатрын хамт сууж байв. Бошигт хааны
эрэмгий догшин дүр төрх нэлээд алжаангуй харагдана. Дармааг нааш ойрт
хэмээн дохиод
- Чамайг Дармаа гэдэг байхаа гэж асуулаа
- Жа тийм, гэж хариулахад:
-
Би чамайг миний туг баригч болж, Гурван голын сав нутгаас намайг дагаж
гарсан тэр цагаас өнөөг хүртэл мэднэ. Туг бөхийлгөхгүйн тулд ид өвлийн
хүйтэнд гарынхаа хурууг хөлдөөж байсныг чинь ч санаж байна. Тийм ч
болохоор чамайг сонгож маш чухал хэрэгт зарахаар шийдсэн. Чи өнөө шөнийн
хулгана цагт багтаж Цэвээнравдангийн зүг маш хурдан яв замдаа огтхон ч
саатаж болохгүй шүү. Тэнд очоод түүний цэрэгт дагаар орж энэ Монголынхоо
төлөө үргэлжлүүлэн тэмц.
Тэгэхийн
тулд намайг юу ч гэж муулсан болно. Харин чамд өгөх хамгийн чухал
даалгавар бол, миний охин Зүнжээд энэхүү бичигийг хүргэж өг. Хэн ч энэ
тухай мэдэх ёсгүй шүү? Түүнийг хорон санаатнуудын гарт өртүүлэхгүйн тулд
далдаас хамгаалж тусалж дэмжиж бай. Асуух зүйл үгүй бол одоо явж болно.
Галдмаа чи энэ цэрэгт хамгийн сайн гэсэн хөтөлгөө морьд бэлдэж мордуул.
Хэмээн хэлээд хуйлж эвхсэн бичиг өглөө. Дармааг Галдмаа баатар үдэж
мордуулахдаа
- Замдаа болгоомжтой яваарай, манжийн гар хөл бологсдод бичгээ алдав?
Хэрэв
яалт ч үгүй байдалд орвол нуух юм уу, аль эсвэл устгаарай. Бид
Энх-Амгалангийн эсрэг дахин тулалдахын тулд энд хэсэг хугацаанд саатаж
хүчээ сэлбэх байх. Харин чи ямар ч үед Бошигт хааны шадар цэрэг гэдгээ
мартаж болохгүй шүү? гэж захиад үлдлээ.
Дармаа бол гуч хол давсан идэр эр бөгөөд арван хэдэн жил Галдан бошигтын
дэргэдээс
огт холдоогүй билээ. Энэ хугацаанд ялалт, омогшил, урвалт, хууран
мэхлэлт, ялагдал гээд бишгүй зүйлийг хамт туулжээ. Тэрээр:
"Бид
Зуун модны сүүлчийн тулаанд манжуудын башир аргад хууртагдаж асар их
хохирол амслаа. Тэр тулаанд Ану хатан зориг самбаа гаргаагүй бол бид
Бошигт хаанаа ч алдаж мэдэх байсан. Даанч тэр зоригт хатан, эр нөхрөө
тулааны талбараас авраад өөрөө амь эрсэдсэн нь харамсалтай. Бошигт хаан
зоримог шийдэмгий, ийм хүн дайтахаас ч яахав гэж бодогдом нэн шалмаг,
золбоотой гялалзсан баатар эр юмсан. Ану хатнаа алдсанаас хойш нэг хэсэг
сэтгэлээр унасан. Арга ч үгүй дээ, тэдний дундаас төрсөн хүү Сэвдэнбал
нь аавыгаа дуурайсан сайхан эр болно доо. Одоо дөнгөж хорин дөрөвхөн
настай мөртлөө туслах хүч олохоор Ордос нутаг руу явсан. Тэр нь бүтэлтэй
байгаасай билээ” гэж бодлоо. Дармааг ийнхүү бодол болж явах үед
Сэвдэнбал хүү урвагчдад баригдан, манжийн Энх-Амгалан хаад хүргэгдэж
улмаар цаазлагдан, толгойг нь Бээжингийн баруун дүүрэгт монголчуудын
явдаг зам дагуух модон шонд хадсан гэдгийг тэр хэрхэн мэдэх билээ.
Дармаа
хоёр шөнө нэг өдөр эмээл салгалгүй давхиад үүрээр нэг булгийн хөвөөнд
ирж, мориноосоо буув. Ядарсандаа түрхэн зуур зүүрмэглэсэн байлаа. Гэнэт
морьд янцгаах чимээнээр өндийж харвал хэсэг морьтон түүнийг чиглэн
дайран ирж явааг хараад хэрэг бишидсэнийг мэдэн илд бамбайгаа шүүрэн
бостол морийг нь харваж унагалаа. Тэрээр дөнгөж сэлгээнээс гарсан
хөтөлгөө мориндоо үсрэн мордоод тэдний түрүүнд ойртон ирж яваа дайсныг
харвахад мориныхоо буруу тал руу нэвсийн унаж дөрөөндөө чирэгдлээ.
Унасан
морь нь эзнийгээ дайсны суманд өртүүлэхгүй гэсэн мэт ухасхийн цойлж
нэлээд холдлоо. Гэвч явдалдаа аяншиж сульдсан хүлэг хол явж чадахгүй нь
тодорхой байв. Мөр буруулан давхисаар нэг намхан хөтөл давж хөндийн
эхэнд бараантах хадат хясаан дэргэд мориноосоо харайн буугаад хад өөд
авирч бичгээ нуух газар эрлээ. Гарынх нь үзүүрт хадны завсар харагдахад
түүн рүү хуйлаастай бичгээ санд мэнд шургуулж орхиод мориндоо мордон мод
руу эргэх үед дайснууд түүнийг мөрдөн хөөсөөр хөтөл дээгүүр гарч ирлээ.
Дармаагийн
морь яалт ч үгүй сульдаж, модны зах хүрэлгүй хамраараа газар шургачин
зогслоо. Мориноосоо бууж бамбайгаараа биеэ халхлан илдээ сугалахад
дайснууд түүнийг тойрч бүслэлээ. Нэг манж цэрэг муухай орилон дайрч
ирэхэд, огцом хажуу тийш бултаад илд далайсан гарыг нь тас цавчлаа. Энэ
мөчид түүний цээжинд хэдэн арван сум нэгэн зэрэг зоогдов.
Аманд
нь цус амтагдан, ухаан балартахад газар ойчихгүйн тулд илдээ тулж хөлд
орж буй хүүхэд адил тэмтчин гуйвахдаа "Ямартай ч би эзнийхээ төрийн нууц
бичгийг эдэнд алдсангүй” хэмээн бодох зуур манж даамал толгойг нь тас
цавчлаа. Тэдний дунд явсан халх цэргүүд нэгэнт хүчинд автан дийлдсэн
ойрд цэрэгт эр бяраа гайхуулан, бах таваа хангах манж цэргүүдийг
дургүйцсэн байдалтай харж зогсов.
Тэр
хэсэг хэсэг морьтонгууд тэндээс хөдлөхөд Ойрдын Галдан бошигт хааны туг
баригч шадар цэргийн дээгүүр тэртээ алсад тас шувууд эргэлдэж байлаа…
* * *
Нүүрэн
дээр нь нар тусахад сая л сэрж нүдээ нээлээ. Аль хэдийн өглөө болж нар
манджээ. Хадан дээгүүр хээрийн болжмор жиргэж, царцаа царгих сонсогдох
бөгөөд тэнгэрт бөртийх ч үүлгүй, нартай сайхан өдөр болох шинжтэй.
Өнгөрсөн шөнийн зүүд яг л бодит болж өнгөрсөн зүйл шиг тодхон. Гал түлэх
зуураа чулуужсан бичгээ тойруулан ажиглах зуураа баруун энгэрийн модны
хаяа руу харлаа.
Цайгаа
уугаад зүүдээ үнэн эсэхийг шалгаж үзэхээр модны хаяа руу алхав. Ойртох
тусам догдолж зүрх нь түг түг цохилно. Модны хаяанд ирлээ, өвсөн дунд
зэвэрсэн төмөр шиг зүйл харагдлаа. Гайхсандаа хөшиж орхив. Зүүдлээд ч
байгаа юм шиг. Тэнд эртний баатрын хуяг дуулга, тахир сэлэм хагархай
бамбай байх нь тэр. Гармаа одоо л зүүдэндээ итгэж эхэллээ.
* * *
Хотод
ирсэн хойноо нэгэн өвгөн эрдэмтэнд чулуужсан бичгээ үзүүллээ. Гармаа
эртний төрийн маш нууцад хамаарах бичиг байгаа гэж итгэж байсан боловч
хувийн чанартай болохыг нь өвгөн эрдэмтэн тайллаа. Тэрхүү бичиг бол
арван долдугаар зууны үед Ойрдын Галдан бошигт хааны охиндоо илгээсэн
захидал аж. Гармаагийн анхаарлыг маш ихээр татсан хэсэг бол "Охин минь
аав нь гурван зуугаад жилийн дараа гурван бар давхацсан өдрийн морин
цагт Дагшин толгодын дэргэд, чиний гурав дахь төрөлд, тав дахь үедээ хүү
болж төрнө" гэсэн хэдхэн үг байлаа.
Үүнд
Гармаа итгэхгүй байж чадсангүй, учир нь Галдан бошигт Ойрдын хаан
ширээнд суухаасаа өмнө Төвдөд бурханы шашин судалж, номын оргилд гарсан
хувилгаан хүн байсан билээ. Түүний зүүдэнд Галдмаа баатрын хэлсэн” Чи
ямар ч үед Бошигт хааны шадар цэрэг гэдгээ мартаж болохгүй шүү” гэсэн
үгс чихэнд нь сонсогдсоор байв. Тооцож үзвээс захидалд бичигдсэн өдөр
аль хэдийн болсон байлаа. Гармаа "Дагшин толгод” гэдэг газар хаан
байдгийг олж мэдээд, тийш явахаар шийдлээ. Тэрээр Бошигт хааны шадар
цэрэг байсан гэдэгтээ эргэлт буцалтгүй итгэсэн байв. Хотоос гарч хэд
хоног явсаар зорьсон газраа ирлээ. "Дагшин толгод” гэж нуурын хөвөөн
дэхь зүрх нь хэлбэртэй гурван бор толгодыг нэрлэдэг ажээ.
Толгодын
өвөрт гаднаа арваадхан ямаанаас өөр малгүй, навсархай бүрээстэй ганц
гэр байв. Гэрт ороход хөө тортог болсон, дээлтэй хорь гаруй насны
нуруулаг бүсгүй сууж байснаа гайхсан байдалтай бослоо. Гармаа бүсгүйг
хараад Зүнжээ гэж сэтгэлдээ дуу алдлаа. Энэ байдлаасаа санаа зовж, ээрч
түгдчин бүсгүйтэй мэндлээд гэрийн баруун талд хэвтсэн яйжгий сандлыг авч
суулаа. Бүсгүйн аягалсан халуун цайнаас оочлох зуур, зүүн орон дээр
унтаж байсан өлгийтэй хүүхэд сэрж уйлахад очиж харвал хүү уйлахаа болиод
өөдөөс ширтэх нь Бошигт хаан дүрээрээ залран байх шиг санагдаж "Эзэнтэн
минь өршөө” хэмээн сөгдлөө.
Түүнийг
гайхан харж байсан бүсгүй цурхиртал уйллаа. Аав ээж, ах дүү ч үгүй ганц
бие зовж яваа энэ бүсгүй яагаад эцэггүй хүүхэд төрүүлсэнээ ч мэдэхгүй
байгаа тул түүнийг бусдын адил доог тохуу хийж байна, гэж ойлгоод хувь
тавиландаа гомдон уйлсан нь тэр байв. Гармаа бүсгүйг аргадаж
тайтгаруулаад бүхий л учраа хэлж чулуужсан бичгийн зураг, мөн эртний
хэллэгээс орчин үерүү хөрвүүлсэн зэргээ үзүүлж жинхэнэ хувийг нь нааш
авч ирэх боломжгүй байсан тухайгаа учирлалаа. Бүсгүй түүний үгэнд итгэж
ядан эргэлзэж гайхсаар… Гармаа тонгойж хүүгийн өлгийн бүснээс адис
авлаа. Тэрээр бүсгүйг хүүтэй нь цуг хот авч явахаар хэдийн шийджээ…
Харин, энэ дэлхийд нэгэн суут хүмүүн дахин мэндэлсэн гэдгийг тэднээс өөр хэн ч мэдээгүй байлаа. Мэдэх ч учир үгүй биз ээ…
2009 он.