Салбар хариуцсан сайд Ц.Цогзолмаад цохон хаяглаж байгаад хэлэх хэдэн үг байна. Монгол Улс боловсролын салбараа дэлхийн энд хүргэж, хөгжүүлэхийн тулд хийх ажил их бий. Тэрдундаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ДЭЭД боловсрол олгодог болохын тулд 76 жилийн түүхтэй Монгол Улсын Их Сургуулийнхаа үйл ажиллагааг бүхий л талаас нь дэмжих ёстой шүү дээ. Уг нь МУИС-ийг 2016-2024 онд хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд Алсын хараагаа "МУИС-ийн алсын хараа нь дэлхийн түвшний их сургууль болоход оршино. Үүний дүнд 2024 онд МУИС нь чөлөөт мэдлэг буюу либерал арт уламжлалд суурилсан, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурьтай судалгааны их сургууль болж улмаар Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтаж орно.” гэсэн байх юм.
Гэтэл бодит байдал дээр юу болж байгаа билээ. МУИС бол түүхэн хөгжлийнхөө явцад одоогийн МУБИС, ХААИС, ЭМШУИС, ШУТИС, ХИС, Ховд их сургууль гэсэн 6 их сургуулийг өрх тусгаарлан шинээр байгуулсан яах аргагүй манай дээд боловсролын ӨЛГИЙ болсон сургууль шүү дээ. ТэрчлэН МУИС гэдэг бол жинхэнэ БРЭНД нэр л дээ. Гэвч Монголын Үндэсний Их сургууль гэх хувийн сургууль сүүлийн жилүүдэд "МҮИС брэндээр оюунаа гоёцгооё" гэх увайгүй сурталчилгаа цацаж, ирээдүйн сонголтоо хийх чухал үе дээрээ яваа залуусыг, мөн эцэг эхчүүдийг хулхидах болсон юм.
МҮИС гэх сургуулийн үүх түүхийг харвал 1998 онд 146 оюутантайгаар Чандмань-Эрдэнэ коллеж нэртэйгээр байгуулагдаж байжээ. 2002 онд Монголын Үндэсний коллеж, 2004 онд МҮДС болж, 2012 оны наймдугаар сард МҮИС болон улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа юм. Гол нь энэ үеэс эхлээд олон улсад Монгол Улсын Их Сургуулийн адилаар "The National University of Mongolia” гэсэн англи нэршилийг ашиглах болсон нь, 75 жилийн түүхтэй МУИС-ийн гадаад харилцаанд шууд сөрөг нөлөөллүүдийг үзүүлэх болсон байгаа юм. Ямартаа л МУИС-руу гадаад орнуудаас ирж байгаа албан бичгүүд нөгөөх МҮИС гэх нэртэй ХУВИЙН СУРГУУЛЬ-д андуурагдан хүргэгдсэнээс болж, МУИС-ийн үйл ажиллагаанд хүндрэлтэй байх болсон байгаа юм. Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх гээд улсынх нь тэргүүлэгч сургууль хичээн зүтгээд байхад МҮИС гэх нэршилийг нь булааж авчихаад, ичихгүй БРЭНД гэж өөрсдийгөө сурталдаж байгаа МҮИС гэх сургуультай хариуцлага ярих цаг болсон юм биш үү, Ц.Цогзолмаа сайд аа!
Уг нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4-т "… аж ахуй эрхлэгчийн нэр, …-ыг хуулбарлах;”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн болохыг мөн Улсын бүртгэлийн тухай хуулийн 27.3-т "Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй.”, 27.4-т "Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглоно” зэрэг хэд хэдэн заалтыг зөрчсөн гэдгийг нь зөндөө хэлдэг ч, "Энигма” компанийн харьяа МҮИС гэх сургууль даварсан чигээрээ л байх юм.
БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатар томилогдсоны дараахан МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар энэ асуудлаар үгээ хэлж байсан удаатай. Тэрээр "МУИС-тай холбогдолтой нэг асуудал нь МҮИС болчихоод байна. Үндэсний гэдэг тодотголтой статусыг Боловсролын яам 2011 онд олгосон. Ингэхдээ ямар ч ажлын хэсэг гаргаж дүгнэлт гаргуулаагүй, шууд л шийдвэр гаргасан байдаг. Энэ асуудлын дагуу шүүхээр яваад дийлэхгүй байна. Шийдвэр гаргасан хүн нь Боловсролын сайд учир та л үүнийг хүчингүй болгож, зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол МУИС-ийн нэр хүнд, гадаад дотоод харилцаанд сөргөөр нөлөөлж байна. Энэ асуудлыг шинэ сайд маань анхааралдаа авч, шийдвэрлэх тал дээр санаачилга гаргаж ажиллана гэж найдаж байна” гэж байсан юм. Харин Г.Чулуунбаатар сайдын сандлаас удахгүй бууж, Ц.Цогзолмаа ирсэн билээ. Тэгэхээр одоо уг асуудлыг Ц.Цогзолмаад хаяглахгүй өөр яалтай билээ.
76 жилийн түүхтэй МУИС-аа дэлхийд данслуулъя гэвэл нэн тэргүүнд МҮИС гэх сургуультай хариуцлага ярих хэрэгтэй байна. Хүлээн зөвшөөрөгдсөн ИХ СУРГУУЛЬ гэдэг бол оюутны дотуур байр нэртэй хэдэн давхар байр барихдаа бус, жинхэнэ хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын бүрэн программ, бодит чанар, төгсөгчдийн чадавхаар хэмжигдэх ёстой. Үүнийг эрхэм сайд та эрхбиш хүлээн зөвшөөрөх биз ээ.
ЭХ СУРВАЛЖ: UMNUGOVINEWS.MN