Хууль тогтоогчид хуралдаа суух дэг, журмыг нь зохицуулсан хуульдаа өнгөрөгч хаврын чуулганаар гар хүрсэн. Гэвч хүүхэд, нохойн доог болтлоо нэр хүнд нь унасан гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэхийн тулд санаачлан боловсруулсан гэх уг хууль анхны зорилгодоо хүрсэнгүй. Өөрөөр хэлбэл, яг хариуцлагатай холбоотой зарим заалт төсөлд байсан ч хуульд орж чадаагүй юм. Тухайлбал, дэг зөрчсөн гишүүнийг танхимаас гаргах заалтыг дэмжээгүй.
Уг нь одоогийн хуульд тэртээ 2010 онд нэмсэн "Хуралдааны дэг зөрчигчид хүлээлгэх хариуцлага” гэх зүйл бий. Үүгээр гишүүн хуралдааны дэг зөрчсөн бол хуралдаан даргалагч сануулахаас авхуулаад тухайн өдрийн хуралдаанд, эсхүл хэлэлцэж байгаа асуудлаар асуулт тавих, үг хэлэх эрхийг нь хасах, бүр санал хураалтаас бусад үйл ажиллагаанд оролцох эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах зохицуулалт хэдийнэ бүрдсэн гэж хэлж болно.
Харин үүнийг өнөөдрийг хүртэл хэрэглэсэн нь үгүй. Энэ талаас нь харвал, байгаа заалтаа хэрэглэдэггүй хүмүүст хариуцлага нэмээд хэрэг байна уу гэж бодож болох. Гэвч "Айхгүй ч гэсэн аягүй” гэдэг. Дэг зөрчлөө гээд танхимаас хөөгдөж буйгаа тойргийнхондоо харуулахгүйн тулд томоотой байх ч юм бил үү. Хэрэв энэ дэг "амь орсон” бол өмнөх парламентын үед хуралдаа согтуу ирчихээд даргатайгаа цэц булаалдаж суусан гишүүдийг чирээд гаргах хангалттай нөхцөл болох байсан биз.
Мөн хуралдаа суудаггүй тасалдаг, хугацаандаа ирэлгүй хоцордог гишүүнийг эгүүлэн татах заалтыг хассан нь ухралт болсон. Дэлхийн парламентуудын хувьд ирц бүрдүүлэх нэг механизм нь гишүүдийг хуралдаанд биечлэн оролцохыг хуулиар тогтоох явдал байдаг. Харин үүнийг Үндсэн хууль, эсвэл парламентын болон түүний дэгийн хуулиар зохицуулах уу гэдэг нь харилцан адилгүй.
Манай гишүүд ч сая эл заалтыг шууд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хатуу зааж өгөхөөс урьд Үндсэн хуульд суурь зарчмыг нь оруулж өгөх ёстой хэмээн хойш тавьсан. Харин өнөөх заалтыг хэлэлцэх нь байтугай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ парламент барьж авах, эсэх нь тодорхойгүй хэвээр. Зөвшөөрөлгүйгээр, эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанд оролцоогүй гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох зохицуулалттай 35 улсын талаар УИХ-ын Тамгын газраас хийсэн судалгаанд дурдсан байна. Тамгын газрынхан 192 орны Үндсэн хуулиас санамсаргүй түүврийн аргаар 80 улс сонгосны 35 нь дээрх харилцааг "Эцэг” хуулийн хүрээнд зохицуулж байна гэсэн үг.
Харин сая зүтгүүлээд бүтэлгүйтсэн эгүүлэн татах зохицуулалттай улс тэдгээрээс зөвхөн Турк аж. Үүнээс гадна хуралдаанд оролцоогүй бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, торгууль ногдуулах, цалингаас нь суутгах зэрэг заалттай улс тэдгээрийн дунд мэр сэр байсныг тэмдэглэе. Сая баталсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд гишүүн нэгдсэн хуралдаан тасалсан бол тухайн өдрийн цалинг хасах заалт орсныг бас чамламгүй ч юм шиг. Мөн хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэхээр болсон юм.
Гэхдээ гишүүний суугаагүй хуралдааны тоо, парламентын үйл ажиллагаанд оролцоогүй хугацааг улс орон бүр харилцан адилгүй тогтоосныг харгалзах нь зүйтэй болов уу. Тэдгээр орны парламентаас хамгийн багадаа нэг сард таван удаа, хамгийн ихдээ нэг жил парламентын үйл ажиллагаанд оролцоогүй бол бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгохоор заажээ. Аль ч хугацаагаар нь тооцоход бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох "болзол” хангасан гишүүн манайд бий.
Түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэрхэн хэлэлцэх дэгтэй холбоотой заалтууд бүхэлдээ хасагдсанд уг хуулийг боловсруулсан, ажлын хэсгийг нь ахалсан гишүүн С.Бямбацогт сэтгэл дундуур буйгаа илэрхийлээд амжсан. Мөн төрийн албан хаагчид, холбогдох албан тушаалтан УИХ, төрд зөвхөн үнэн зөв мэдээлэл өгдөг байх хариуцлагын заалтыг ч мөлийлгөсөн гэж үзэж буй. Уг нь хуулийн төсөлд санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол энэ нь түүнийг огцруулах, төрийн албанаас халах үндэслэл болно гэж тусгасан байсан юм. Энэ нь монгол төрийн дархлаа, чадамжид, төрийн албыг хүнд сурталтан, ажил оромдогчидоос ангид байлгахад хэрэг болох байсныг үгүйсгэхгүй.
Дэгийн хуулийг өмнөхөөс нь дордуулчихлаа гэж шүүмжлэх гэсэнгүй. Гишүүд бусдын өмнөөс кноп дардаг, "төгөлдөр хуурддаг” зохисгүй явдал төгсгөл болно гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл, бусдын өмнөөс санал өгөх замаар гишүүний, цаашлаад иргэдийн эрхэнд халддаг байдал эцэс болгох хөшүүргийг уг хуульд тусгасан. Энэ нь хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт тавих, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд гарын хурууны хээ ашиглана гэсэн үг.
Үүнийг 2019 оны хаврын чуулганаас мөрдөж эхэлнэ. Олон улсын парламентын холбооны 2016 оны тайланд дурдсанаар 88 орны парламентын 112 танхимын найман хувь нь хурууны хээг санал хураалталтад ашиглаж буй талаар онцолжээ. Тухайлбал, Албани, Болгар, Итали, Шри ланк зэрэг орны парламент хурууны хээгээр санал өгөх технологийг нэвтрүүлээд буй бөгөөд манай УИХ тэдгээрийн нэг боллоо. Гэвч эдгээрээс зөвхөн Болгар л манайх шиг хуульчилсан байгаа нь сонирхолтой.
Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй үг хэлсэн бол хуралдаан даргалагч нэг удаа сануулж, сануулгыг биелүүлээгүй бол тухайн үг хэлэх хугацааг дуусгавар болгох заалт ч орсон. Мөн хуралдааны явцад ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл тухайн гишүүний талаар Ёс зүйн дэд хороонд санал тавихаар болсон юм. Түүнчлэн чуулганы хуралдаанд тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан бодитой, үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн хариулахыг үүрэг болгох, гишүүн хуралдааны үед авсан нэмэлт хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл гишүүний саналаар хоёр хүртэл удаа тус бүр нэг минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт тавьж, тайлбар авах боломжийг бүрдүүлсэн.
Гагцхүү гишүүдийн, албан тушаалтнуудын хариуцлагыг илүү чангатгах, дэг шиг дэгтэй болох зарим асуудал дахиад л орхигдсон нь дээрдээгүй гэж хатуурхах үндэслэл болж байгаа юм. Хаана хаанаа хариуцлага алдагдлаа гэж ярьж байгаа энэ үед дээр байгаа хүмүүсийг нь чангалаад эхэлбэл доод дарга нарт хатуухан анхааруулга болох байв. Ядаж л хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгвөл хариуцлагагүй гишүүдээс амыг нь асуухад амар байх сан.
Хуралдаа суудаггүй Б.Наранхүү гишүүнийг төрд түмнийг төлөөлөх элчийн үүргээ гүйцэтгэхгүй, хуралдаа суухгүй байна гэж Үндсэн хуулийн цэцэд өгөөд бүтэлгүйтсэн хүмүүс дахин үзээд алдах боломж бүрдэх байв. Харин өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж яах нь тодорхойгүй, барьцгүй болчихсон зүйл рүү үүнийг шидэж орхисон нь хариуцлагыг хаана ч үгүй болгож орхив. Ажилдаа ирэхийг нь албадсан зохицуулалттай хууль батлахдаа тулсан манайх шиг парламентад хатуу гар үгүйлэгдэж байна.
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин