Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр хуралджээ. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал удирдан явуудсан байна.
Бичил хорооллуудын зарим байруудын подвальд нохой бөөс үржсэн байгаа тул устгал хийх ажлыг эхлүүлэхээр болжээ. Хотын захирагчийн албанаас хотын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар 59 нэр төрлийн ажил төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэл 62 орчим хувийн явцтай байна.
Баян-Өндөр сумын зүгээс хотын төвд орж ирсэн малыг хотоос тууж гаргахад мотоцикльтой хүн ажиллуулж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт хотын төвд орж ирсэн 460 орчим малыг хотоос гаргаж ажилласан байна.
Орхон аймгийн ИТХ-ын 2016 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолоор жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг "Анхдагч, илгээлтийн эздийн өдөр” болгон орон нутгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоосон.
Мөн хөрөнгө оруулалт, их засварын ажлуудыг яаралтай дуусгах, 2019 оны төсөв, 2020-2021 оны төсвийн төсөөллийг Сангийн яаманд хянуулж батлуулах, 2018-2019 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд цэцэрлэгийн хүүхдийн шинжилгээний хуваарийг гаргах, сургууль цэцэрлэгүүдийн засварын ажлыг дуусгах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох байгууллага, агентлагийн удирдлагуудад өгчээ.
Б.Лхам