Хятадын интернет худалдааны томоохон төлөөлөгч болох "Алибаба” компанийн үүсгэн байгуулагч Жак Ма ирэх оны есдүгээр сарын 10-нд буюу компани байгуулагдсаны 20 жилийн ойн баяраар захирлын албан тушаалаасаа огцрохоор төлөвлөж байгаа тухайгаа даваа гарагт мэдээлэв.
Тэрбээр энэхүү шийдвэрээ Хятадын нийгмийн сүлжээний оператор "Weibo”-оор дамжуулан зарлажээ. Түүний халааг гүйцэтгэх захирал Даниэль Жан авах юм байна.
Ж.Ма 2020 онд болох компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болох хүртэл удирдах зөвлөлийн гишүүн хэвээр байх аж. Тэрбээр интернет худалдааны бизнест гайхалтай амжилтад хүрч чадсан ба өөрийн компаниа 400 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий дэлхийн томоохон компаниудын нэг болгож чадсан билээ.