|

Бадархундага нуураас хулгай хийсэн этгээд нутгийн иргэн рүү

nomun 2018/09/12 917 0
Завхан аймгийн Отгон сум Отгонтэнгэр хайрханы бэлд гурван иргэн хулгай хийж, гал нээн нутгийн иргэнийг буудан шархдуулсан мэдээлэл энэ сарын 10-ны өдөр тус аймгийн цагдаагийн хэлтэст ирсэн байна. Хэргийг тодруулбал, тус нутгийн уугуул гурван иргэн Отгонтэнгэр хайрханы бэлд орших Бадархундага нууранд өргөл барьц өргөж, мөргөл үйлдэхээр очиход нуураас усанд шумбахад хэрэглэдэг зориулалтын хувцас хэрэглэлтэй гурван этгээд шуудайтай зүйл барин гарч ирсэн байна. Нутгийн иргэд тэднийг нууранд өргөсөн мөнгөн аяга, бусад эд зүйлсийг хулгайлан шуудайлж гарч ирснийг мэдсэн бөгөөд тэднийг барихаар хөөжээ.
Гэтэл гурван этгээд нутгийн иргэдийн машиныг унан зугтжээ. Улмаар нэг этгээд нь тэдэн рүү гал нээсэн байна. Бууны суманд иргэн О өртөж хүзүүн тус газраа шархдаж сумын эмнэлэгт хүргүүлэн, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж, хоёр этгээдийг нь баривчилсан бол гал нээсэн гэх этгээд нь зугтаж амжжээ. Зугтсан этгээдийг дараа өдөр нь буюу энэ сарын 11-ний 15 цагийн орчимд Отгонтэнгэр хайрханы ойролцоогоос илрүүлэн саатуулсан байна. Энэ хэргийг одоогоор Завхан аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Шалгалтын явцад хэрэг үйлдсэн гурван этгээдийн хоёр нь казах иргэд байсан гэнэ. Шархадсан иргэний хувьд аймгийн нэгдсэн эмнэлэгт анхан шатны эмчилгээ үйлчилгээ аван өчигдөр орой онгоцоор Улаанбаатар хот руу хүргэгдэн ирсэн байна. Отгонтэнгэр хайрханыг сүсэглэн зорьж ирсэн хүмүүс Бадархундага нууранд алт, мөнгөн эдлэлээр өргөл барьц өргөдөг. Үүнд шунасан этгээдүүд ийнхүү Бадар хундага нуурнаас хулгай хийжээ.

Бадархундага нуураас хулгай хийсэн этгээд нутгийн иргэн рүү

 


Санал болгох

Сэтгэгдэл

top