|

Эрдэнэт хотын анхны хөшөөг 1970 онд босгожээ

nomun 2018/09/19 1062 0

Эрдэнэт хотын анхны хөшөөг 1970 онд босгожээ

 

 
Орхон аймаг, Эрдэнэт хот 1976 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 100 гаруй мянган хүн амтай. Хүн амын 63.9 хувийг залуучууд эзэлдэг юм. Эрдэнэт хотын түүхэн хөшөө, дурсгалуудын мэдээллийг хүргэе.
Майхан хөшөө: Геологчид, илгээлтийн эздийн анхны сууцанд зориулж 1970 оны сүүлчээр босгосон. Аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны байрны урд талд байрладаг уг хөшөө Эрдэнэт хотод сүндэрлэсэн анхны хөшөө юм.
Трактортай хөшөө: "Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хотын анхны хөрсийг хуулсан бульдозер. 
Чингис хааны шигтгэмэл хөрөг: 1989-1990 онд монументаль чимэглэлийн уран бүтээлчид эзэн Чингис хааны хөрөг түүний тамга бусад дүрслэлийг өнгө ялган чулуугаар шигтгэн урлажээ.
Найрамдлын өндөрлөг: 1986 онд Эрдэнэт хотод болсон Монгол-Зөвлөлтийн залуучуудын VIII дугаар их наадмын  үеэр босгосон бүтээл юм. Хоёр орны найрамдалт хамтын ажиллагаа, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын түүхийг бэлгэдсэн энэхүү хөшөөг  Д.Майдарын эскизээр бүтээсэн.
Ерөнхий сайд А.Амарын хөшөө: Монгол Улсад Ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхэн үйл явдлыг билэгдэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Агданбуугийн Амарт зориулан  босгосон хөшөө. Уг хөшөөг 1994 онд монументаль чимэглэлийн  уран барималч н.Хийморийн эскизээр хийжээ.
"Бурхан багшийн сэрэг дүр” цогцолбор: Эрдэнэт хот байгуулагдсаны 35, "Монголын эрх чөлөөний хувьсгал”-ын 100 жилийн ойд зориулсан шүтээн цогцолбор юм. Уг цогцолбор нь 100 метрийн голчтой, дугуй хэлбэртэй, сууриасаа дээш 17 метр, сүмтэйгээ нийлээд 22 метр өндөр уг хөшөөг төмөр, зэсээр хийж алтаар бүржээ. 
"Жанжнуудын хөшөө”: 1977 оны 11 дүгээр сард "Медьмолибденстрой” удирдах газрын барилгыг хүлээн авах ёслолын үеэр босгосон хөшөө. Ардын хувьсгалын нэрт жанжин, ардын баатар Хатанбаатар Магсаржав, БНМАУ-ын маршал Х.Чойбалсан, ЗХУ-ын домогт жанжин К.К. Рокосовский, П.Е.Шеткин нарын хөшөө.
Карл Марксын хөрөг: Зэст багийн 21 дүгээр байрны нүүрэн талын ханан дахь чулуун шигтгэмэл хөрөг. 1982 онд ЗХУ-ын урчууд хийжээ.
В.И.Лениний хөрөг: Зэст багийн 19 дүгээр байрны зүүн талын ханан дахь гэрлэн чимэглэл бүхий төмөр каркасан бүтээл. 1982 онд ЗХУ-ын урчууд хийсэн байна.
"Шувуун саарал” хөшөө: Үйлчилгээний төвийн зүүн талын цэцэрлэгт байрлах хөшөө. 1991 онд уран барималч н.Болдбаатар урлажээ.
"Эгшиглэн” зэс баримал: Сэлэнгэ рестораны өмнө байрлах уг баримлыг 1993 онд уран барималч н.Хийморийн эскизээр монументаль чимэглэлийн уран бүтээлчид хийсэн.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэгийн хөшөө: "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн анхны захирал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэгийн гэгээн дурсгалд зориулсан хүрэл хөшөө. 2002 онд Төрийн соёрхолт уран барималч Л.Ганхуягийн эскизээр бүтээсэн.
"Эрдэнэтийн овоо” дууны хөшөө:  2011 онд  "Эрдэнэтийн овоо” дууг гантигчулуун дээр сийлбэрлэн цохиж боронзодон хөшөө болгожээ.
"Анхдагч, илгээлтийн эзэд” хөшөө: 1974 онд Эрдэнэт хотыг бүтээн байгуулахаар 18 аймгаас ирсэн анхны илгээлтийн эздэд зориулж босгосон хөшөөг 2013 онд зураач Г.Батбилэг, н.Эрдэнэбилэг нар бүтээсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top