Мөрөөдлийн театрын жүжигчин соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагайтай ярилцлаа.
–"Мөрөөдлийн театр” үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан намар цагийн нээлтийн жүжгээ тавилаа. Шинэ жүжгийн талаар ярилцлагаа эхэлье?
-Өдрийн сонины уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Мөрөөдлийн театр энэ намрын анхны уран бүтээл болгож "Дундын бүсгүй” шоу драмынхаа нээлтийг сая хийлээ. Энэ драм Мөрөөдлийн театрын 17 дахь уран бүтээл болж байна. Өмнөх тоглолтуудыг бодоход өнөөгийн нийгэмд болж буй бусармаг явдлуудыг хурцаас шүүмжилж үзүүлсэн, хүмүүсийг соён гэгээрүүлэх гэж оролдсон онцлогтой бүтээл болсон. Үзэгчид ч ам сайтай байгаа.
-Шоу драмын нэрний тухайд ярихгүй юу. Энэ сэдэв нийгэмд далд хөшигний ард байдаг шүү дээ. Ил шууд хэлчихэж байгаа юм биш үү?
-Ирээд үзэхэд яагаад Дундын бүсгүй гэж нэрлэснийг ойлгоно л доо. Тоглолт хоёр өөр, эрс тэс жанрыг харуулна. Эхний хэсэгт Шведийн Ян Экстриом гэж зохиолчийн 1963 онд бичсэн "Хүн алж тоглосон залуус” туужаас сэдэвлэсэн бүтээл тоглогдоно. Үүнийг кино найруулагч Р.Батсайхан ах орчин үеийн хувилбарт оруулж найруулж өгсөн. Энэ хэсэгт орчин үеийн залуусын аж амьдрал, найз нөхөрлөл, хүчирхийлэл, баян ядуугийн ямар байгааг харуулна. Бид бүх юмыг болж бүтэж байгаагаар инээдэм ханиадам мэтээр хүргэх нь өрөөсгөл. Болохгүй байгаа юмыг тайзан дээрээс шүүмжлэх үүрэгтэй. Энэ нь бидний нийгмийн өмнө хүлээж буй хариуцлага. Тоглолтын удаах хэсэгт урлагийн гавьяат зүтгэлтэн Ганхуяг багш Оросын нэрт зохиолч Сергей Беловын "Ичгүүргүй хосууд” жүжгийг орчуулсныг тоглож хүргэнэ.
-Насанд хүрэгчдэд зориулсан жанрыг сонгож тоглох болсон нь сонирхолтой санагдаж байна. Ялангуяа цахимд цацагдсан та бүхний ёс зүйгүй хэллэгтэй бичлэг шуугиан тарьсан?
-Манайхныг хийх сэдэвгүй болохоороо өөр салбар руу орлоо гэх байх л даа. Насанд хүрэгчдэд зориулсан жанрын бүтээл хийгээд, сая сошиалаар тавигдсан бичлэг зэргийг үзээд хүмүүс олон зүйл ярьж байна. Тэр бичлэгийн тухайд үзэгчдээсээ албан ёсоор хүлцэл өчье. Тоглолтын сургуулилтын үеэр нэг найз маань хийсэн бичлэгээ алдсан. Ер нь яагаад +18 гэсэн бэ гэхээр өнөөдрийн авлига, хүчирхийлэл, хар тамхины хэрэглээ хэмжээгээ алдлаа. Үүнийг бид шүүмжилж тайзан дээрээс үзүүлэх гэж байна. Ард түмнийхээ өмнөөс дуу хоолой болох гэсэн энэ санааг зүгээр л хөгжөөх гэж байна гэж ойлгоод байдаг. Бид харин ч ийм байж болохгүй гэдгийг үзүүлж, урлаг бол нийгмийн толь, хүмүүст хүргэх том зэвсэг гэдэг утгаараа асуудлыг хөндөж, шүүмжилж тоглох гэж байгаа юм. Тоглолтон дээр ёс бус үг хэллэгүүд, янз бүрийн сцена тавилтууд гарна. Төгсгөлдөө бид хэлэх санаагаа хэлнэ.
-Өнөөгийн нийгэмд монгол бүсгүйн цэвэр ичимтгий зан гээгдээд байна гэх хандлага ажиглагдаж байгаа. Залуу хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Манай ахмад үеийнхэн "Охид ариун бол төр ариун” гэж зөв хэлж л дээ. Өнөө үед бүсгүй хүний цэвэр ичимтгий зан орхигдоод байна уу гэж бодогдох үе байдаг. Энэ үг ч "Дундын бүсгүй” зохиолын үзэгчдэд хүргэх гэсэн санаатай төстэй. Жүжгийн гол дүрийн эмэгтэй бүх дүртэй холбоотой байдаг. Улмаар дундуур "Цусаа сэлбэе, гадаадын иргэдтэй гэр бүл болъё” гэх үзэл гаргадаг. Харин өөр нэг дүр нь "Цусаа цэвэр байлгах хэрэгтэй” гэж үзсэнээр зөрчил үүсч үйл явдал үргэлжилнэ. Эцэстээ цусаа сэлбэж болохгүй гэдгийг ойлгож өгдөг.
-Бид зохиолоо уншиж сайтар судалж, зөвшилцөж дүрээ тодорхойлсон л доо. Хошин урлагийн өнөө цагийн сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл болох соёлын тэргүүний ажилтан Ц.Алдармаа, А.Туяа нарт жүжгийн гол дүр тоглох санал хүргүүлэхэд нааштай хүлээж авсан. Манай хоёр хэсэг хугацаанд тайзан дээр гараагүй байсан ч Мөрөөдлийн театрын хамт олонтой нэгдэж уран бүтээлдээ орж байгаа.
–"Дундын бүсгүй” жүжгийг ямар төрлийн хүмүүст илүү хүрээсэй гэж хүсч байна?
-Насанд хүрсэн хэн бүхэн ирж үзэхэд нээлттэй. "Дундын бүсгүй” шоу драм эх орноо боддог, өөрийгөө хүндэлдэг улсуудад зориулж хийсэн л дээ. Өнөөгийн нийгмийн аль ч салбарт залуучууд улсаа хөгжилд хөтөлж байгаа. Тэр өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, улс орноо гэсэн сэтгэлтэй залуусыг ирж үзээсэй гэж хүлээж байгаа.
-Жүжиг энэ сарын хэднийг хүртэл тоглох вэ. Хилийн чанадад суугаа монголчуудад жүжгээ хүргэнэ гэж сонссон?
-Энэ сарын 23-ныг дуустал Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглоно. Цаашид хөдөө орон нутаг болон хилийн чанадад суугаа монголчууддаа хүргэхээр төлөвлөсөн байгаа.
-Хошин урлагийнхныг сүүлийн үед нэлээд шүүмжлэх болсон. Тайзан дээр марзгаснаа "Урлаг гэлээ” гэх хандлага ажиглагдах болсон. Үүний шалтгаан юу бол?
-Сүүлийн үед тиймэрхүү хандлага ажиглагдаж байгаа. Үүнд би үзэгчдийнхээ өмнөөс харамсдаг юм. 1990 онд ардчилал гарснаас хойш лангуу хоосорсон тэр үеэс хошин урлаг өдийг хүртэл Монголын үзэгчдийг баясгаж, нийгмийн хүнд хэцүү цагт хань болж байсан ганц зүйл шүү дээ. Бага тайзнаас эхлээд өнөөдрийг хүртэл Монголын хошин урлаг, энэ салбарын ах эгч нар маань хүмүүсийг стресстүүлэхгүйн төлөө 20 гаруй жил тасралтгүй, уйгагүй ажиллаж байгаа. Гэтэл өнөөдөр сошиал орчин хөгжөөд ирэхээр "Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчээр үзэгчид эргээд үзэж байгаагүй юм шиг хошин урлагаа элдвээр муулж эхэлж байгаад энэ жанрт тоглож байгаа хүний хувьд маш их харамсалтай санагдаж байна. Ер нь амьдрал зогсдоггүй л юм бол инээдтэй явдал гарч таарна. Тэгэхээр энэ урлаг бол мөнхийн төрөл.
–"Мойлхон” кинонд бүтээсэн дүр тань олон хүний сэтгэлд хүрсэн байдаг. Энэ кинонд хэрхэн тоглож байв?
-Миний хайртай дүрүүдийн маань нэг л дээ. Ардын жүжигчин А.Энхтайваны бүтээлд найруулагчаар Баярмагнай эгч ажиллаж "Мойлхон” киног 2008 онд бүтээж байсан. Киноны зураг авалт Хэнтий аймгийн Дадал суманд бүтэн сар орчим үргэлжилж байлаа. Би Содном буюу солиот гэж дүр бүтээсэн. Зүгээр мөртлөө мэдрэл муутай болж нутаг орны өв соёлоо авч үлдэхийн төлөө тэмцээд яваа залуугийн дүрийг өөр талаас нь харуулсан. Тухайн нийгэмд өөрийгөө авч үлдэхийн тулд овжин сэтгэлгээ гаргаж буй ур чадвар шаардсан дүр байсан. Гадаадын олон кино наадамд амжилттай оролцож шагнал хүртсэн. Кино бүтсэний дараа Содномын дүрийг сайн дүр болсон гэж багш нар урам өгч байсан. Бүтэн сар байгальд зураг авалт хийх явцад хүндрэлтэй зүйл олон тохиолдсон л доо. Олон хүний сэтгэл зүтгэл шингэсэн сайн бүтээл болсон гэж боддог юм.
-Таны тоглосон "Ийм нэгэн дурлал” гэж кино тухайн үеийн залуусыг байлдан дагуулж байсан. Энэ киноны талаар ярихгүй юу?
-2006 онд дөнгөж сургуулиа төгсөөд анх удаагаа бүрэн хэмжээний уран сайхны кинонд дүр бүтээж байсан минь "Ийм нэгэн дурлал”. Нэг үе Монголын кино урлаг уналтад ороод эргэж сэргэсэн шүү дээ. Тэгэхэд суурийг нь тавилцсан цөөн киноны нэг нь энэхүү кино байдаг. Энэ киноноос киночид урам зориг авч ар араасаа олон сайн бүтээл төрсөн. Миний анх тоглосон бүтээл олны таашаалд нийцэхэд урам авч байлаа. Цаашдаа олон кинонд амжилттай дүр бүтээхэд түлхэц өгсөн гэж хэлж болно.
-Амжилттай болсон кино үзэгчдэд хүлээлт үүсгэж хоёрдугаар анги нь хийгддэг. Таны тоглосон "Ээжийн дайсан”, "Ийм нэгэн дурлал” гэх кинонуудын хоёрдугаар анги хийгдсэн?
-Тийм. Амжилттай дүр бүтээсэн хэд хэдэн киноны дараагийн цувралууд гарч байгаа. Миний өөрийн хийсэн "Уужим” фильмийн бүтээл "Хар сувдны нууц” гэж кино бий. Энэ киноны хоёрдугаар ангийг хийхээр төлөвлөж зохиолыг нь бичээд бэлтгэл ажилдаа ороод явж байна.
-Ажил мэргэжил тань бүтэмжтэй байна. Ер нь хүүхэд байхад юу хүсч мөрөөддөг байв?
-Одоогоор зорьсон зүйл маань амжилттай хэрэгжээд л явж байна. Би бага байхдаа урлагийн хүн болохыг мөрөөддөг байлаа. Тэр мөрөөдөл маань биелсэн. Оюутан болоод Драмын театрт орохыг мөрөөддөг болсон маань биелсэн. Дараа нь хамт олонтой болох юмсан гэж боддог болсон. Биелсэн. Надад одоо ч том мөрөөдөл байгаа. Гагцхүү тэр мөрөөдлийг бодит зүйл болгох ёстой. Бодит зүйл болгохын тулд хөдөлмөрлөж л явна. Амьдрал бол тэр чигээрээ сонголт байдаг. Хүн алхам тутамдаа янз бүрийн сонголттой нүүр тулгарч байдаг. Тиймээс сонголтоо мэргэн хийх хэрэгтэй. Хамгийн гол нь хүн сонгосон сонголтдоо үнэнч байх хэрэгтэй.
Эх сурвалж: "Өдрийн сонин"