Монголын нүүрийг дэлхийд тахалж, улсын төсөвт жинтэй хувь нэмэр оруулдаг эрдэс баялаг гэвэл зэс. Нэгэн цагт экспортын орлогыг тэргүүлдэг нь зэс байв. Сүүлийн таван жилд нэгдсэн төсвийн орлогын 20 орчим хувийг эрдэс бүтээгдэхүүний экспортоос бүрдүүлж байгаа юм.
2018 оны улсын төсвийн орлогыг тооцохдоо уул уурхайн салбараас 1.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцоолсон. Өөрөөр хэлбэл 20 гаруй хувийг бүрдүүлнэ гэсэн үг.
Манай Засгийн газар, хууль тогтоогчид төсвийн орлогыг тооцохдоо уул уурхайн бүтээгдэхүүнийхээ үнийг их өөдрөгөөр төсөөлдөг гэм бий. Дэлхийн зах зээлийн араншин барьцгүй учраас үнэ яаж ч савлах магадлалтай байдаг. Энэ нь төсвийн орлогын бүрдүүлэлтэд эрсдэл хийгээд эерэг хандлагын аль алинийг авчрах магадлал бий.
Тухайлбал, 2010-2011оны үед дэлхийн зах зээл дээр тонн зэсийн үнэ 10 мянган ам доллараас дээш давж, Монголын эдийн засагт үүлэн чөлөөний нар гийж байв. Харин одоо бол 6000 орчим ам.доллар байгаа. Зэсийн үнэ ингэж буурсан шалтгааныг түүхий эдийн зах зээл дээр зэс илүүдэлтэй, хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсантай холбон тайлбарлаж байв.
Монгол Улсын зэсийн салбарын тухайд "Оюу Толгой” ХХК 2018 онд 406.1 тэрбум төгрөгийг, "Эрдэнэт үйлдвэр" 538.4 тэрбум төгрөгийг, зэсийн үүсмэл ордод үйл ажиллагаа явуулдаг бусад компаниас 62.6 тэрбум төгрөгийн татварыг 2018 оны улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцоолжээ. Энэ жилийн тухайд нэг иймэрхүү байна.
Харин 2019 онд зэсийн салбарт нэлээд өөрчлөлт харагдаж байгаа аж. Юу гэвэл 2019 онд дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол үүсч, 2022 он гэхэд 400.000 орчим тоннд хүрч болзошгүй гэсэн таамаглал байна. Энэ тухай ОХУ-ын Уралын Уул уурхай-металлургийн компаний ерөнхий захирлын орлогч Евгений Брагин танилцуулсныг "Ведомости” уламжилжээ.
Тэрбээр энэ таамаглалаа түүхий эдийн боловсруулалт буурч, металлын хэрэгцээ өссөнөөр хомсдол үүснэ хэмээн тайлбарласан байна.
Дараагийн таван жилд зэсийн хэрэгцээ жил тутам 415.000 тонноор өсч, 2022 он гэхэд нийт өсөлт нь 2,5 сая тонн болно гэсэн тооцоог хийжээ. Энэ тохиолдолд дэлхийн зах зээл дээр ойролцоогоор нэг сая тонн зэсийн хомсдол үүсэхээр байгаа юм байна.
Зэсийн эрэлт ингэж өсөх нэг шалтгаан нь гибрид автомашины үйлдвэрлэл өсч байгаатай холбоотой аж. Учир нь ийм авто машины аккумлятор үйлдвэрлэлд 25-31 хувиар илүү зэс шаардагддаг бөгөөд тэгэхээр зэсийн эрэлтийн гол хөдөлгөгч нь цахилгаан тээврийн хэрэгсэл болох аж.
Ямартай ч зэсийн хэрэглээ өснө гэдэг бол сайн мэдээ. Тэр дундаа монголчуудын хувьд. Зах зээлийн эрэлтэд нийцүүлж экспортоо нэмэгдүүлэх маневр хийж чадахгүй юмаа гэхэд үнийн өсөлтөөс орох ногоон мөнгөний урсгал нэмэгдэнэ гэсэн үг. Хэрэв дээрх таамаг бодитой болвол эрэлт нэмэгдэж, энэ хэрээр үнэ өснө. Магадгүй 2011 оных шиг 10 мянган ам.доллараас давж ч мэднэ. Энэ тохиолдолд Монголын экспортлогчдын хувьд нар гийж, төсвийн орлого төлөвлөснөөс илүү нэмэгдэнэ гэсэн үг. Энэ хэрээрээ эдийн засгийг тэлж, бусад салбарууддаа ч эерэгээр нөлөөлнө.
Уралын Уул уурхай-металлургийн компаний ерөнхий захирлын орлогчийн тооцож байгаагаар нэг тонн улбар металлын үнэ 11 мянган доллар хүртэл нэмэгдсэн тохиолдолд энэ салбарт хөрөнгө оруулалтын шинэ мөчлөг эхэлнэ гэжээ. Өөрөөр хэлбэл зэсийн салбарт хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж, эрэл хайгуул, олборлолт эрчимжинэ гэсэн үг.
Энэ утгаараа гадаадын хөрөнгө оруулалтын шинэ урсгал Монголыг чиглэж мэдэх юм.
Зэсийн салбарын ийм чиг хандлагатай уялдан том экспортлогчид энэ завшааныг ашиглан хийх тоглолтдоо бэлтгэж эхэлжээ. Тухайлбал, 2019 онд дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол үүсч болзошгүй гэсэн таамаглал тооцоон дээр тулгуурлан ОХУ-ын хамгийн том, зэс үйлдвэрлэгч "Норильск Никель" 2018-2020 онд зэсийн үйлдвэрлэлийг 3-8 хувиар буюу 400-420 мянган тонн хүртэл нэмэгдүүлэхтэй төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
Монгол ч гэсэн энэ тухайд дотроо бодолтой, дороо бэлтгэлтэй байхад гэмгүй л юм шиг байна. Эдийн засаг гэдэг энгийн утгаараа суусан газраасаа шороо атгахтай адил биш гэж үү.
М.Нэргүй