|

Үндсэн хуулийн цэц том уу, Улсын дээд шүүх том уу

nomun 2018/09/24 705 0

Үндсэн хуулийн цэц том уу, Улсын дээд шүүх том уу

"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр авах агуулга бүхий УИХ-ын 23-р тогтоолыг 2017 оны хоёрдугаар сард гаргасан байдаг. Үүнээс хойш хувийн хэвшил, төр хоорондын өмчлөлийн маргаан шүүхээр явсаар өдий хүрч байна.

Хэвлэлд төдийлөн гарч байгаагүй, сонирхолтой тоо хэлэхэд, уг өмчлөлийн маргаантай асуудал Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр нийт 24 удаа хэлэлцэгджээ. Үүнээс 22 шүүх хурал дээр 49 хувийн тал ялж, ердөө хоёр удаа төр ялсан байгаа юм. Саяхан л гэхэд,

"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах тухай Засгийн газрын шийдвэр Улсын дээд шүүх дээр бүдэрлээ. Гэхдээ энэ нь бас л шинэ үзэгдэл биш. Өмнө нь 2017.12.07-ны өдөр Дээд шүүхээс яг ийм утга агуулга бүхий шийдвэр гаргаж байсан. Ялгаатай тал нь, УИХ-ын 23-р тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авсан ОӨУБЕГ, ТӨБЗГ-ын шийдвэрүүд унасан. Энэ удаа Засгийн газрын тогтоолыг биелүүлсэн дээрх агентлагуудын захирамж дахин бүдэрлээ.

Өмнөх Дээд шүүхийн шийдвэрийн дараа 2017.12.28-нд "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-д 49 хувийн төлөөлөл болох М.Мөнхбаатар, О.Орхон, Да.Ганболд нар багтаж, нэг удаа хуралдсан байдаг. Үүнээс ердөө  долоо хоногийн дараа /2018.01.04/ Засгийн газраас /саяхан дээд шүүх дээр унасан/ төрд "Эрдэнэт” үйлдвэрийг авах тогтоол гарч, ТУЗ-өө өнөөх төрийн 100 хувь төлөөллөөс дахин бүрдүүлсэн байдаг.

Одоо Дээд шүүхээс дахин шийдвэр гарсантай холбогдуулан "Эрдэнэт” үйлдвэрийн улсын бүртгэл, ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, 49 хувь талын эрхийг хангах үүргийг Засгийн газар  хүлээнэ. Өмнө нь нэг өрнөчихсөн процесс дахиад өрнөнө гэсэн үг. Үүнээс цааш шүүхийн шатанд асуудал дахин яригдахгүй гэх ямар ч баталгаа байхгүй.

Гэхдээ өмнөхөөс ялгаатай нь энд шүүх байгууллага хоорондын нэг сонин зөрчил  үүсэв. Тэр нь УИХ-ын 23-р тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж Үндсэн хуулийн цэц 2018.02.18-нд үзсэн. Гэтэл тэр тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын тогтоол нь Дээд шүүх дээр уначихлаа. Энгийн логикоор бол нэг бөөрөнхий зүйлийг Цэц "Энэ алим мөн” гэж байгаа бол баталсан Дээд шүүх "Энэ алим биш” гэж үзлээ.

Ингэж нэг асуудал дээр Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүхээс хоёр өөр шийдвэр гаргасан тохиолдолд хэрхэх вэ. Үндсэн хуулийн Цэц нь том уу, Улсын дээд шүүх нь том уу. Тэд нөлөөлөлд автав уу гэхчилэн олон асуулт хариулт нэхэж байна. Үндсэн хуулийн Цэц дээр улс төрийн шууд томилгоо явагддаг гэдэг утгаар төр, засгаа өмгөөлж, хувийн хэвшлийн эрх ашгийг хөсөр хаясан гэх хардлага явдаг.

Харин Улсын дээд шүүхийн шийдвэрийг "Шүүгчид нь 49 хувийн талд худалдагдсан” гэх үгээр тайлбарлаж буй. Хардлага ингэж л явдаг. Гэхдээ шүүхийн шийдвэр бол шийдвэр. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт бол дүгнэлт. Аль аль нь хүчин төгөлдөр хэрэгжиж, түүнд нь хуулийн байгууллага хяналт тавих, биелүүлэх үүрэгтэй. Хоёуланг нь биелүүлэх гэтэл нэг асуудлаар хоёр эсрэг чиглэлд биелэлт нь өрнөх гээд байдаг.

УИХ-ын намрын чуулган удахгүй нээлтээ хийх гэж байгаа энэ үед "Эрдэнэт”-ийн өмчлөлийн маргаан дотоодод нэг иймэрхүү хачин жигтэй байдалд шилжив. Үүнийг хэрхэн шийдвэрлэх бол. Энэ бол дотоодын асуудал. Нөгөө талд Английн дээд шүүхийн шийдвэрийн дагуу "Эрдэнэт” үйлдвэр "Стандарт” банкинд 105 сая ам.доллар төлөх үүрэг хүлээж буй. Уг 150 сая ам.долларын хүү сар бүр 1.2 сая ам.доллараар өсч, хэргийн эзэд болох Ш.Батхүү, Ч.Ганзориг, Д.Сугар, С.Баяр нарыг АТГ "Шалгаж байгаа” гэх унтаа үгээрээ хаацайлсаар байгааг бичвэрийнхээ төгсгөлд дахин сануулъя.

 

Эх Сурвалж: Мэдээ.мн 

http://www.medee.mn/main.php?eid=111778


Санал болгох

Сэтгэгдэл

top