|

Алтны холбооны ашиг сонирхол юунд байна

namuunaa 2015/06/18 819 0

Гацууртын ордод төр хувь эзэмших тухай төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ үед Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооноос ил захидал илгээжээ.

 

Алтны нөөцтэй стратегийн ордын асуудал яригдаж байхад тус холбоо байр сууриа илэрхийлэх нь зүйн хэрэг. Харамсалтай нь дээрх захидлыг тус холбооны Удирдах зөвлөлийн дарга нь бусад гишүүдтэйгээ зөвлөлдөлгүй нийтэд илгээсэн сураг чих дэлсэв. Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооныхонд "Гацуурт”-ын ордоос "хишиг” хүртэх сонирхол давамгайлж байгаа бололтой. 

 

Гацууртын алтны төслийн тухай бичсэн ил захидлаа тэд "Сэнтерра гоулд компани 1997 онд "Бороо гоулд”-д Монгол улсын Засгийн газартай байгуулсан анхны "Тогтвортой байдлын гэрээ” гэгчийн "ачаар” татваргүй 50 тн алт /тухайн үеийн 1.0 тэрбум ам.доллар/-ыг Монголбанкинд тушаалгүй гадагш гаргасан байдаг” хэмээн хов базсан байрын эхэлжээ. Тухайн үед "Сэнтерра гоулд” нь татвараа цаг тухайд нь төлснөөр үл барам Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг төлсөн ганц компани гэдгийг Алт үйлдвэрлэгчдийн холбооныхон өнөөг хүртэл мэдээгүй гэдэгт итгэмгүй. "Бороо гоулд” компани 2004-2014 оны хооронд улсын төсөвт 321 тэрбум гаруй төгрөг төлсөн гэдгийг хаанаас ч олоод мэдчих боломжтой. Эсвэл ил захидалдаа хүч оруулахын тулд холбооныхон ийнхүү мэдэн будилсан юм болов уу.

 

Өнөөдөр манай улс ердөө 1.5 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байгаа. "Гацуурт”-ыг  эдийн засгийн эргэлтэд оруулснаар валютын нөөцийг даруй 1.7 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, 20 гаруй төрлийн татвар төлөх юм билээ. Харин "жилд 1 хувийн ашигтай бизнес” гэж ил захидалд дурдсан нь хаанаас үндэслэсэн баримт юм бүү мэд. Үнэхээр 1 хувийн ашигтай бизнес бол захидалд бичсэнчлэн "Сэнтерра гоулд байтугай хоньчин Дорж хүртэл хийхгүй шүү дээ” гэдэг нь үнэн.

 

"Сэнтерра гоулд” өөрсдийн хөрөнгөөр эрэл хайгуулж хийж "Гацуурт”-ын ордын алтны нөөцийг тогтоосон. Төр энэ ордод хувь эзэмших бол тодорхой хөрөнгө төсөвлөнө. Өнөөдөр Засагт мөнгө байхгүй учир төрийн эзэмших хувьд зарцуулах санхүүгийн эх үүсвэрийг зээлээр босгох шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс л Засгийн газар "Гацуурт”-д хувь эзэмших бус ногдол ашиг хүртээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Дээр нь өнөөгийн үнэ ханшаар 34 хувиа эзэмшээд явахаар 38 сая ам.долларын ногдол ашиг авах тооцоо байна. Үүний оронд нөөц ашигласны төлбөр авбал ойролцоогоор 12 хувийн цэвэр ашгаас авдаг татвартай тэнцэж, 66 сая ам.доллар болохоор тооцоо гарсан байна лээ. Гэхдээ "1 хувийн ашиг”-тай гэх тодотгосоны гол санаа, зорилго нь "Дотоодын олон алтны компаниуд энэ саналыг хэрэгжүүлж чадна” гэснээр илэрчээ. Өөрөөр хэлбэл, "Гацуурт”-ын лицензийг "Сентерра гоулд Монголиа”-аас буцааж аваад дотоодын компаниуддаа өгөхийг ил захидлаар уламжилжээ.

 

Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Сентерра гоулд Монголиа”.   Гадны компанийн хөрөнгө санхүү, техник технологиор баялгийн нөөцөө тогтоолгочихоод хөөгөөд туучихна гэдэг парламентат засаглалтай манай орны хувьд олон улсад нэр нүүрээ барсан хэрэг болно. Ер нь өнгөрсөн хугацаанд ч, өнөөдөр ч дотоодын компаниудад алтны ордыг нээж илрүүлэх, нөөц тогтоох, ашиглах эрх нь нээлттэй байсаар ирсэн. Харин бусдын хайж илрүүлж, нөөцийг нь тогтоосон орд руу шунан, "бэлэн хоол” захиалах нь дэндүү жудаггүй, Монголын төдийгүй олон улсын хэмжээнд хууль бус дээрмийн үйлдэл.

 

Төр "нинжа” нараа бодлогоор зохицуулж дийлэхгүй байгаа энэ үед алтны компаниуд нь асуудал дэгдээх нь гал дээр тос нэмсэн хэрэг биз.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, валютын урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгаа сэргээхээр Шийдлийн Засгийн газар хүчээ шавхан зүтгэж байгаа цаг үед энэ мэт шальдар бульдар мессэж, дотоод зөрчил гадаадын хөрөнгө оруулагчдыг дахин үргээчих вий гэсэн болгоомжлол олон нийтэд төрүүлж байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

top