|

Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайллаа

nomun 2018/10/01 789 0

Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайллаа

 


Өнгөрсөн ням гаригт буюу 2018 оны есдүгээр сарын 30-ны өдөр Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол боллоо. Мэргэжлийн сүмогийн дэвжээнд 17 жил зодоглож их аварга цол хүртсэн тэрбээр сүүлчийн удаа дэвжээндээ гарч ёкозүна дохё-ири ёслол хийж зодог тайлав.

Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж 2011 оны долдугаар сард 14 давж түрүүлсэн бол 2012 оны долоо, есдүгээр сарын башёд нэг ч уналгүй түрүүлж, ёкозүна цол хүртэж, мэргэжлийн сүмогийн 70 дахь, гадаадын тав дахь, Монголын гурав дахь ёкозүна цолтон болсон билээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард нутаг нэгт бөх Таканоива А.Баасандоржтой нударга зөрүүлсний улмаас их аварга Харүмафүжи зодог тайлахаар болсон юм.

Тэрээр зодог тайлах болсон талаараа "Багштайгаа зөвлөлдөөд зодог тайлах шийдвэр гаргасан. Аварга хүн гэж ямар байх ёстой вэ гэдгийг ухамсарлаж энэ шийдвэрийг гаргалаа. Их аварга хүн гэдэг зөвхөн өөрийнхөө төдийгүй цолныхоо нэр хүнд, хариуцлагыг авч явах ёстой. Тийм учраас зодог тайлах шийдвэр гаргасан.

Ах аваргын хувьд Таканоивад хэрхэн барилдах, биеэ хэрхэн авч явах тал дээр зааж зөвлөсөөр ирсэн. Одоо ч тийм бодолтой байдаг. Дүү бөхчүүдээ илүү хатуу чанга болгож, илүү хичээгээсэй гэсэн үүднээс ханддаг байсан хандлага маань ийм байдалд хүргэлээ. 16 настайдаа анх Японд ирсэн. Тэр цагаас хойш тусалж дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа, барлалаа, баярлалаа.

Би сүмо бөхөд хайртай. Сүмод өнгөрүүлсэн 17 жил маань үнэхээр сайхан 17 жил байлаа. Уучлалт хүсч байна. Хариуцлагаа ухамсарлаж байна. Сүмо бөх болсноосоо хойш самуурай гэж ямар байх ёстой, Их аварга болчихоод их аварга хүн гэж ямар хүн байх ёстойг харуулж, бусдад үлгэрлэхийг хичээж ирсэн.

10 жилийн өмнө аавыгаа алдсан. Тэр цагаас хойш багшийгаа төрсөн аав шигээ бодож ирсэн. Энэ 17 жилийн турш багшийгаа баярлуулчих юмсан гэж хичээж, зүтгэж ирсэн. Энэ бүхний эцэст ийм байдлаар дуусгаж, багшийнхаа нулимсыг үзэж байгаадаа маш их харамсч байна. Багшаасаа сурсан бүх зүйлсээ санаж явах болно” хэмээн мэдэгдэж байв.



Санал болгох

Сэтгэгдэл

top