"Эрүүл мэнд эрхэм баян” гэдэгчлэн улс орны тэргүүлэх салбар нь эрүүл мэндийн салбар байх учиртай. Гэтэл ард иргэдийн эрүүл мэндийн төлөө ажиллах ёстой байгууллага, Эрүүл мэндийн яам, сайд, дарга нар юу хийж байна вэ? Хоосон улс төржиж, хов жив хөөцөлдөн хууль бус томилгоо хийхээс өөр нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдсон бодитой ажил хийсэнгүй.
2016 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль ч хэрэгжсэнгүй.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээг гэрээний дагуу урьдчилсан санхүүжилт авч гүйцэтгэх журам, түүнчлэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт одоо болтол гараагүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмаа бас баталсангүй.
Журам нь шинэчлэгдээгүй гэх нэрийдлээр 12 эмнэлгийн дарга, захирлыг сонгон шалгаруулалтгүй томилсон байна. Сайд нь эрүүл мэндийн боловсролгүй учир бусад албан тушаалтнууд ч мэргэжлийн бус байж болно гэж үзсэн бололтой.
Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хариуцсан нэн чухал үүрэг гүйцэтгэж байгаагаа эрхэм сайд мэддэг болов уу?