…Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медаль авснаараа Ж.Мөнхбат том гавьяа байгуулав. Монгол хүн дэлхийн дэвжээнээс медаль авч чаддагийг харуулсан, сэтгэл зүйн хаалттай "хана”-ыг сэтэлж өгсөн энэ гайхамшигт хүний том гавьяа дараа дараагийн тамирчдад урам зориг хайрласан хэмээн ардын багш, гавьяат дасгалжуулагч Солийн Магсар агсан бичсэн байдаг.
Ж.Мөнхбат I тойрогт 1965 оны дэлхийн аваргын V байрын шагналт, 1967 оны Пан Америкийн наадмын аварга Б.Баухман (АНУ)-д оноогоор ялагдаж, II тойрогт Шведийн бөх А.Антонсонийг 3:30 минутад цэвэр, III тойрогт ХБНГУ-ын бөх Ю.Иоллыг 8:30 минутад мөн цэвэр ялж хүрэл медалийн болзол хангаад Ираны бөх Мажид Аккилид оноогоор дийлдэв.
Ж.Мөнхбат аварга тэр жилдээ Үндэсний Их баяр наадамдаа түрүүлж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, БНМАУ-ын спортын гавьяат мастер цолоор шагнуулсан байдаг байна.