Монгол улсын төр засгийнхний аль нэг шийдвэрт хүргэж хөгжүүлж чаддаггүй нэг зүйл бий. Тэр нь "жижиг дунд үйлдвэр” юм . Монголын төр засаг энэ салбарыг хөгжүүлнэ гэж аль 1990 оноос хойш ярьж эхэлсэн. Гэвч өнгөрсөн гуч гаран жил жижиг дунд үйлдвэрүүд өөдөлсөн ч юмгүй, урагшилсан ч зүйлгүй хэвээр. Харин сүүлийн арав гаран жил "жижиг дунд үйлдвэр” хэмээх салбарыг бор зүрхээрээ авч яваа иргэд бол оймс энэ тэрхэн хийдэг үйлдвэрүүд. Тэдний талх мэт борлуулагддаг балчир энэ бизнесийг сайшаах нь зүйтэй болов уу.
Ер нь бол жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэж сонгууль бүрээр нэр дэвшигдэх намуудын барьж буй лоозонд уриалаастай байдаг. Ялсан хойноо төсөв бүрээр хэдэн төгрөг тавьж ирсэн ч өнөөх нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хэмжээний олигтой зүйл болон хэрэгждэггүй. Үүнд иргэд гайхаж, эрхэм сайд дарга нар УИХ-ын гишүүд халаасалчихдаг юм биш үү хэмээн хардлага ч төрүүлдэг. Гэвч иргэдийн энэ төөрөгдөл талаар болсонгүй ээ. Тодруулбал, Сайд, УИХ-ын гишүүд өнөөх хэдэн төгрөгийг хуваагаад завшчихдаг гэдгийг олж мэдлээ.
2018 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулж, иргэн аж ахуйн нэгжүүдэд 65 тэрбум төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгохоор УИХ-аас баталж өгсөн байдаг. Энэ хөрөнгийг зарцуулах эрх мэдэлтэн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг зохион байгуулснаар төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар хэлэлцэн одоогоор 140 компани, хувь хүнд зээл олгохоор санхүүгийн шийдвэрлээд явж байгаа юм байна. Гэвч хамгийн ноцтой асуудал бол УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн болон тэднийг нэг нь зохион байгуулж буй Б.Батзориг өөрөө сангийн мөнгөнөөс халаасалчихсан байгаа юм.
Тухайлбал, Нэг
УИХ-д хоёр удаа заларч байгаа Дорнодын Хунт овогт Хаянгаагийн Болорчулуун 1997-2002 оны хооронд "Дорнод гурил” ХХК-ийн захирлаар ажиллаж ЖДҮХС-гаас энэ жил 950 сая төгрөгийн зээлийг авчээ. ЖДҮХС-гаас зээл "завчсан” гишүүдээс өөрийн нэрээр авсан ганцхан хүн нь Х.Болорчулуун. Энэ үйлдэл нь түүнийг шударгадуу гэж ойлгож болох хэдий ч "Дорнод Гурил” ХХК-иас илүүтэй тухайн сангийн зээл хэрэгтэй өчнөөн компани байгааг мартах ёсгүй. Х.Болорчулуун энэ зээлийг авахдаа нэр, албан тушаалаа ашигласан байх өндөр магадлалтай бөгөөд ёс зүйн хувьд ч байж боломгүй алдаа юм.
Хоёр
Баян-Өлгийн гурван гишүүдийн нэг Гомбожайгийн Солтан "Монгол Шаазан” компанидаа 950 сая төгрөгийг ЖДҮХС-аас авч өгчээ. Угтаа "Монгол шаазан” ХХК-г түүний эхнэр Б.Алтанчимэг хариуцдаг аж. Түүний энэ үйлдлийг ЖДҮХС-д хуруугаа дүрсэн гишүүдийн тоонд багтааж буй юм.
Гурав
ЗТХ-ийн сайдын албан тушаалыг эзлээд удаагүй байгаа Я.Содбаатар ЖДҮХС-аас хувьдаа эзэмшдэг "Эпато анарваан” ХХК-даа 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Түүний авсан уг зээл жилийн 3.0 хувийн 1.2 тэрбум төгрөг ББСБ-аар нь дамжаад сарын 2.61 хувийн хүүтэй зээл болж байгаа тухайн эх сурвалж бичсэн байна. Ингэхээр Я.Содбаатар жилд 30 хувийн ашгийг энэ зээлийг ачаар олж эхэлсэн гэсэн үг.
Дөрөв
ЖДҮХС-ын хөрөнгийг төрийн нэрийн өмнөөс зарцуулах эрхтэй ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг "чононд мах хадгалууллаа” гэдэг шиг өөрийн эзэмшилд байсан "Тээвэр ачлал” ХК-иараа 1.4 тэрбум төгрөгийн гулгуулжээ. Угтаа Б.Батзориг өнгөрсөн жилээс АТГ-т тухайн компаниаа мэдүүлэхээ больчихсон. Тийм атал ингээд ЖДҮХС-аас зээл аваад байж байх аж.
Ингээд харахлээр ЖДҮХС эрх мэдэлтнүүдийг томоохон компаниудын санхүүг "сэлбэдэг” хэрэгсэл болчихжээ. ЖДҮХС-ын 65 тэрбумын 4.5 тэрбум нь дээрх дөрвөн гишүүдийн гар дээр очсон байна. Гэвч энэ зээлээс "шомбодсон” гишүүдийн тоо ингээд дуусахгүй. Хэн нь хэнийхээ нэр дээрх ХХК-иар хэдэн тэрбумын зээл авсныг мэдэхгүй. Мэдээж энэ нь зээл авсан гишүүдийн эрх. Тийм ч хууль бий. Гэхдээ УИХ-ын эрх мэдэлтэн өөрийн албан тушаалаа ашиглан, хувийн компанидаа жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөрөнгийг авч ашиглаж болно гэсэн хууль байхгүй.
Эх Сурвалж: "Зууны мэдээ” сонин
Бэлтгэсэн: Т.Номун