Сүүлийн үед охид, эмэгтэйчүүдийг олзолж, биеийг нь хүчээр үнэлүүлж, бэлгийн мөлжлөг буюу эрхшээлдээ оруулж байгаа бусармаг бузар хэрэг гарсаар байна. Цэцэг цэврүү шиг охидын ирээдүй хараар будагдаж гэмт хэргийн золиос болж байгаад үнэхээр харамсмаар.
Ялангуяа хорих ангид ял эдэлж байгаад гарч ирсэн этгээдүүдэд охид бүсгүйчүүд олзлогдож аюултай гэмт хэргийн золиос болж эрүүл мэнд, амь насаараа хохирч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулан хэлсээр байгаа юм.Тухайлбал, цахим сүлжээгээр танилцаж, улмаар дотносож байгаад өөрсдийнхөө эрхшээлдээ оруулдаг байна.
Өчигдөр гэхэд насанд хүрээгүй дөрвөн охины биеийг хүчээр үнэлүүлдэг байсан таван залууг цагдаагийн байгууллагаас илрүүлэн цагдан хорих ангид саатуулав.
Тэд хүн худалдаалах гэмт хэргийг олон удаагийн давтамжтай үйлддэг болохыг тогтоосон байна. Дээрх насанд хүрээгүй охидыг өөрсдийнхөө байранд хорьж, зочид буудлууд руу улсын дугаар нь хуурамч приус маркийн машинаар зөөж бусдад биеийг нь үнэлүүлдэг байжээ.
Энэ хэрэгт гадаадын хөрөнгө оруулалттай томоохон зочид буудал болон саун массажистын газрын эзэд ч холбоотой баж магадгүй хэмээн Эрүүгийн цагдаагийнхан шалгаж эхэлжээ.
Гэмт этгээдүүд хохирогч охидтой анх танилцаж, дотно харилцаанд орсны дараа ёс бус үйлдлээ удаа дараа бичлэг хийж, мэдээлэл зургийг нь цуглуулчихаад олон нийтийн сүлжээнд тавина, ар гэрт чинь мэдэгдэнэ шүү гэж дарамталж байгаад эрхшээлдээ оруулсан байна.
Гэмт этгээдүүд эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд нэг нь хүн амины хэргээр ял шийтгэл эдэлж байсан бол хоёр нь танхайрах, дээрэмдэх хэргээр ял эдэлж байгаад Өршөөлийн хуулиар суллагджээ.
Дээрх дөрвөн охиныг Баянгол дүүргийн 3, 4-р хорооллын "Шөлөндөө” цайны газрын орчимд биеийг нь үнэлүүлж байх үед Эрүүгийн цагдаагийн тусгай тасгийн алба хаагчид энэ сарын 19-ний өдрийн 22:00 цагийн орчимд дайчлан баривчилсан байна.
Гэмт этгээдүүдийн эрхшээлд нийт гурван сарын хугацаанд байсан дөрвөн охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад хандан, эрэн хайх дуудлага мэдээлэл өгч байсан аж.
Эдүгээ хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон, хохирогч, 16-17 настай дөрвөн охиныг хамгаалах байранд хамгаалалтад авчээ.
Шүүх эмнэлгийн шинжилгээгээр охид биедээ зодуурын шарх сорвитой, сэтгэл санааны гүн хямралд орсон байдалтай байжээ. Дээрх охидын ар гэрийнхэнд мэдээлэл өгч, хэрэг эцэслэн шийдтэл хамгаалах байранд байлгахаар болсон байна.
Өнгөрсөн сард мөн хорихоос суллагдсан этгээд хоёр эмэгтэйг хээр аваачиж зүй бусаар хүчирхийлж байгаа бусармаг бичлэг хийж олон нийтийн сүлжээнд тараасан нь нийгмийг айдаст автуулсан билээ. Муу муухай зүйл өдөж санаачилсан бүтэхгүй балмад этгээдүүдийн гарт цэцэг цэврүү шиг охидоо өгөөш болгоод байх уу. Мөн өсвөр насны охид маань өөрийн өөрийгөө хамгаалах, хайрлах ёстой. Танихгүй хүнтэй танилцахдаа болгоомжтой байх ёстой юм шүү.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар бүлэгт "Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”
12.3 дугаар зүйл. Бэлгийн мөлжлөг
1.Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.1 дүгээр зүйл. Хүн худалдаалах
1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл доруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Таны охин хаана юу хийж хэнтэй найзалж явна бэ. Цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдийг өсвөр насны охидоо байнгын хараа хяналт, халамжид байлгах, хаашаа явж, хэнтэй найзалж байгааг нь нягталж байхыг анхааруулж байна. Эцэг эхийн хараа хяналтгүй, интернэт орчны хэт задгай хэрэглээтэй байсны улмаас олон охин иймэрхүү хэргийн хохирогч болж, сэтгэл санааны болон амьдралдаа насан туршийн хар толботой үлдэж байгааг хаа хаанаа анхаарах хэрэгтэй болов уу
Эцэг эх, асран хамгаалагч, ангийн багш нар нь анхаарал сайн тавих хэрэгтэй юм шүү.
О.Сайхан
Оллоо.mn