Монголын улс төр жил бүрийн өдийд хамгийн их савладаг. Заримдаа хаврын синдромоос ч илүү. Энэ үеэр дараа оны улсын төсвийг хэлэлцэж баталдаг тул удтал завсарлаж, телевизийн камераа санасан гишүүд сайхан ярьж өгнө. Бас попорно. Өнөө жилийн хувьд энэ УИХ-ын сонгуулийн бараг сүүлчийн төсөв учраас тойрогтоо тогтоож өгсөн 5 тэрбумаас нь ахиухан төсөв тавиулчих гэж хэрэлдээд завгүй сууна. Хажуугаар нь зарим сайд, УИХ-ын гишүүний хувийн компанидаа Жижиг дунд үйлдвэрийн сангаас авсан зээлийн мэдээлэл нь задраад эрх баригчид нэлээд сандарч байгаа бололтой. Гэхдээ зээл авсан эсэх тухай эрхэм гишүүдийн тайлбар нь эрх ашгийн зөрчил үүсгэж зээл авснаасаа илүүтэй олны дургүйг хүргэж байгааг хэр мэдэж, мэдэрч байгаа юм бол доо. Эхлээд нэр бүхий гурван гишүүний тайлбарыг хүргэе.
-
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг "Надад тийм компани байхгүй. Манай эхнэрт ч тийм компани байхгүй" гэв. Гэтэл ЖДҮДС-гаас Б.Батзориг сайдын эхнэр Л.Отгонжаргалын байгуулсан "Тээвэр ачлал" компани зээл авсан гэж мэдэгдэв.
-
УИХ-ын гишүүн Ч.Болорчулуун "Манай компани өнгөрсөн жил ургац алдсанаас үүдэн төсөл бичээд зээл авсан юм билээ. Ургац алдаж, хүүгийн дарамтад ороод яах ч аргагүй жижиг, дунд үйлдвэрийн зээлд хамрагдсан. Би зээл авсныг нь сүүлд мэдсэн. Анх удаа л зээл авсан нь энэ" гэжээ.
-
Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар "Манай эхнэрийн найз нартайгаа хамтран байгуулсан аж ахуй нэгж Жижиг дунд үйлдвэрлэлийн сонгон шалгаруулалтад орж зээл авсан юм байна. Манай эхнэр эрүүл мэндийн шалтгаанаар компанийн үйл ажиллагаанд оролцохгүй нэлээд удаж байгаа" гэжээ.
Жилийн гурван хувийн хүүтэй зээл хүн бүрт хэрэгтэй. Зээл авсан гишүүд тэдний л нэг. Ямарч бизнест мөнгө хэрэгтэйг хүн бүхэн ойлгоно. Харин энэ зээлийг авахдаа хууль зөрчсөн, албан тушаалын давуу байдлаа ашигласан, эрх ашгийн зөрчилд үүсгэсэн, ёс зүйн хариуцлага хүлээх эсэх нь тусдаа, хууль номоороо зохицуулагдах асуудал. Гэтэл эрхэм гишүүдийн зээл авсан эсэх өөрийнх нь тайлбар арай л доромж биш үү. Тэднийхээр бол гишүүд-сайд нар энд огт буруугүй, харин нөхөртөө мэдэгдэлгүйгээр компанидаа зээл авчихдаг, эсвэл компани байгуулчихдаг эхнэрүүд нь л буруутай юм байна. Зарим сайд бол задарсан энэ зээлийн мэдээллээр эхнэрээ шинэ компани байгуулсныг анх мэдсэн байх жишээтэй. Х.Болорчулуун гишүүн бол өөрийнх нь 100 хувийн эзэмшилтэй "Дорнод гурил" компанийн ажилчид нь өөрт нь болон гэр бүл, эхнэр нь огт мэдэгдэлгүйгээр зээл авчихсан байна лээ ухааны тайлбар хэлсэн. Энэ мэдээлэл задраагүй бол мань хүн бараг компаниа ажилчиддаа алдах гэж байсан юм биш үү. Энэ нь ард түмнээ доромжлоод байгаа юм уу, мэдэхгүй. УИХ-ын гишүүн, сайд нөхрийнхөө оролцоогүйгээр өөрөө хөөцөлдөөд зээл авчихдаг, мөн нөхөртөө мэдэгдэлгүйгээр шинэ компани байгуулчихдаг сүйхээтэй эхнэргүйн хүмүүсийн хохь гэх гээд байгаа юм уу, мэдэхгүй. Ядаж идсэн хоолондоо сав байгаач, эрхэм гишүүд ээ. Бурууг эхнэр рүүгээ чихчихдэг, идсэн хоолныоо сав байж барахгүй ийм эрчүүд хэлсэн үгийнхээ эзэн байна гэдэг ч үлгэр биз ээ.
https://paparatsi.mn/mxy